Дэлхийн хоёрдугаар дайны дараа их гүрнүүдийн үзэл суртлын улмаас Солонгос улс хойт, өмнөд хоёр хэсэгт хуваагдсан байдаг. 1948 онд Монгол улс хойт Солонгос буюу БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоон 1960 онд Монгол улс, БНАСАУ-ын Найрамдлын нийгэмлэгийг байгуулсан цагаас манай хоёр орны хамтын ажиллагаа хөгжиж ирсэн.

Тийм ч учраас 1990-ээд оноос өмнө Монголчууд хойт Солонгос улсыг илүү мэддэг тэр бүү хэл, 1950 оноос гурван жил үргэлжилсэн хоёр Солонгосын аймшигт дайны уршгаар өнчирч хоцорсон солонгос хүүхдийг асрах цэцэрлэгийг Улаанбаатарт ажиллуулж байсан.

Харин Монгол улс ардчиллын замыг сонгон хөгжсөнөөр барууны буюу өмнө нь капиталист хэмээн ад шоо үздэг байсан нийгэм нээлттэй болсноор өмнөд Солонгостой бизнес, эдийн засгийн харилцаа тогтоож өнөө цагийн монгол ч өмнөд Солонгосын тухай илүү мэддэг болсон.

Их гүрнүүдийн улс төр, үзэл суртал, цэрэг, зэвсгийн сөргөлдөөний бай болж  Солонгос үндэстэн хуваагдсан шалтгаан, ялангуяа БНАСАУ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого, чиг хандлагын талаар манайхан дулимаг, зарим зүйл дээр сөрөг ойлголттой байдаг нь нууц, биш юм.

Энэ талаар "Улс төр менежментийн академи"-ийн зөвлөх багш Д.Энхбадралаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр Монгол, хойт Солонгос улсын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын хаврын баярт оролцох Монголын талын төлөөлөгчдийг ахлан явах гэж байгаа ажээ.

-Ардчилсан Солонгос улсын талаар сүүлийн үед "дайн өдөөгч" гэсэн сөрөг ойлголт байдаг болсон. Ардчилсан Солонгос улсын бие даасан хөгжлийн бодлогын талаар судалгаа хийдэг хүний хувьд Та юу гэж үздэг вэ?

-Манайхан капиталист, социалист гэсэн хоёр нийгэм л байдаг гэж боддог. Гэтэл тэрнээс өөр хөгжлийн онол улс оронд байна. Үүний нэг жишээ нь ардчилсан Солонгос улсын баримталж буй бие даасан хөгжлийн бодлого юм. 2001 онд дэлхийн олон оронд хэрэгжүүлж буй бие даасан хөгжпийн онол, туршлагыг судлах бие даасан хөгжлийн төлөө "Пэктусан" нийгэмлэг байгуулагдсан.

Хөгжлийн ямар замаар явах нь тухай улсын л асуудал. Ардчилсан Солонгос улс бол их гүрнүүдийн үзэл сурталд автахгүй, өөрсдийн ард түмний хөдөлмөрөөр улс орноо авч явна. Ингэхдээ цэрэг зэвсгээр түрэмгийлж ирсэн империализмын эсрэг цэрэг зэвсгээ хүчтэй болгож байж тэмцэнэ гэсэн ийм л бодлогыг барьж ирсэн хөгжлийн өвөрмөц замыг сонгосон улс гэж үздэг.

-Хойт Солонгосын удирдлага ард түмэн нь өлсөөд ирэхээр "пуужин харвана" гэж айлгаад, гаднаас тусламж авдаг гэсэн ам дамжсан яриа байдаг?

-Барууны оронд ажиллаж амьдарч байгаад бидэнтэй цуг хойт Солонгост аялаад тэдний эдийн засгийн хөгжлийг нүдээрээ үзээд ирсэн хүн бидний боддог,
сонсдогоос тэс өөр юм байна гэдгийг хэлж байсан. Тэд гаднаас юм авдаггүй, дотооддоо бүх зүйлээ үйлдвэрлэж хангадаг. 25 сая хүнээ тэжээгээд ирсэн улс шүү дээ.

Машин, хүнс, газар тариалан, мал аж ахуй гээд бүх салбарыг хөгжүүлсэн. Хүмүүсээ хөдөлмөрт сургаж чадсан улс. Ким Ир Сен удирдагчаа магтан дуулаад байгаа нь энэ улс орныг 36 жилийн дайн байлдааны дундаас, Япон, АНУ-ын түрэмгийлэгчид, империалистуудын дарлалын эсрэг тэмцэж гаргаж чадсантай холбоотой.

Үүнийгээ ард түмэн нь яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Японтой 36, АНУ-тай гурван жил байлдаад бууж өгөөгүй, босоод хөгжөөд ирсэн улс шүү дээ.

-Энэ удаагийн аяллынхан зөвхөн хаврын баярт л оролцох уу?

-БНАСАУ-ын хаврын баярт оролцохоос гадна улс төрийн бодлогын чиглэлээр Сонгун, Жүчэгийн бодлогын талаарх семинар, сургалтад оролцоно. Мөн ардчилсан Солонгосын эдийн засгийн хөгжил, байгальтай танилцах аялал зохион байгуулдаг. Жил бүр болдог энэ үйл ажиллагааны Солонгос улсад байх зардлыг тэдний тал, бид ирж очих зардлаа өөрсдөө хариуцдаг.

Миний хувьд Чүжэ судлалын чиглэлээр судалгаа хийж байгаа учир тэнд болдог хурал семинарт боломжоороо оролцохыг хичээдэг. Энэ удаагийн уулзалтын үеэр ч олон улсын судлаач эрдэмтэд бие даасан хөгжлийн онол, жүчэгийн бодлогын талаар ярилцана.

-Жүчэгийн бодлого гэж ямар бодлогыг хэлдэг юм бол?

-Бие даасан хөгжлийн онол, бодлогын үзэл санаа нь Жүчэгийн үзэл санаа. Олон улсын "Жүчэ судлалын үндэсний тев" бий болсон. Төвийн дарга нь Энэтхэгт байсан. Тэр хүн өндөр наслаад өнгөрсөн жил өөд болсон. Японы Агашима гэж хүн дарга нь болсон. АНУ, Канад, Англи, Европын холбооны улс ер нь бүх улсад Чүжэгийн бодлогыг нь судалдаг төвүүд байдаг.

Жүчэгийн үзэл санаа бол хүн төвтэй гүн ухааны үзэл санаа, ард түмэнд бие даасан байдлынх нь төлөө тэмцэх замыг заасан тийм үзэл санаа гэж үздэг. Ардчилсан Солонгосын ард түмэн Жүчэгийн үзэл санаан дор хувьсгалт тэмцэл, бүтээн байгуулалтын ажлаа ялалтад чиглүүлж чадсан хүн бол Ким Ир Сен удирдагч гэж үздэг.

-Ардчилсан Солонгост очиход онгоцны буудал дээр л хүмүүсийн гар утсыг хураагаад авдаг гэсэн...

-Иймэрхүү цуу яриа, сул үг их байдаг. Тэнд олон улстай харилцах сүлжээ байхгүй болохоор угаасаа гар утас ашиглах боломжгүй. Харин гар утсыг хуучин утас уу, шинэ үү гэдгийг нь шалгаад буцаагаад өгдөг. Энд аялж байхдаа фото зураг авч, видео бичлэг хийх чөлөөтэй. Үзэж харсан зүйлийнхээ зургийг аваад л явдаг.

Б.Жаргал

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин