sonin.mn


-Ингэхэд таны хамгийн анх зохиосон ая ямар нэртэй ая байдаг юм бэ. Хэдэн онд зохиосон байдаг бол?

-Энэ онд би 60 нас хүрч байгаа юм. Би төрсөн өдөр тэмдэглэх их дургүй. Яах аргагүй тэгш ой тохиосон жилдээ тэмдэглэдэг юм. 50 насандаа СТА цолоор шагнуулж байлаа. Их сонин л санагдаж байсан. Харин энэ жил 60 насныхаа ойг тэмдэглэж тайлан тоглолт хийх санаатай байна. Тэгээд бодлоо л доо. Өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлүүдээ эргэн саналаа. Миний дурсамжинд их тод үлджээ. 1970 онд намайг 15 настай байхад аав нутгаа үзүүлнэ гээд Архангай руу авч явсан юм.

Сайхан байгалийг нь хараад үнэндээ л шоконд орсон. Хоргын тогооны хажууханд уулын энгэрт явж байх үед надад нэг ая орж ирсэн юм. Одоо бодоход ‘‘дээрээс’’ нэг дохио өгөөд байж дээ. Тэгж анхны аяа зохиосон. “Аз жаргалын ая" гэж нэр өгсөн билүү дээ. Түүнийгээ энэ ойн тоглолтон дээрээ шинэ найруулгаар тоглуулна гэж бодоод байгаа юм. 45 жилийн өмнөх явдал юм уу даа. Дууны хувьд “Урин хавар ирлээ” гэж дуу байдаг юм.

1974 онд төрсөн дуу. Тэр үед ямар студи энэ тэр гэж байсан биш. Монголын радиогийн ганц студид 1979 онд албан ёсоор бичүүлж байлаа. Аавынхаа олон шүлэгнүүдээс дураараа танаж, тасалж авч энэ дууны үгийг бүтээсэн юм. Аав “Чи миний шүлгийг ингэж эвдэж байдаг хэн юм бэ” гэж дургүйцээд л. Харин дуу болсныг нь сонсоод аав хайлсан л даа. Сүүлд энэ дууг “Камертон” дуулсан. “Зүрхний үг”, “Уран хавар ирлээ”, “Эх үрсийн элбэрэл” дуунууд бичигдсэний дараа зуслан явж баяраа тэмдэглэсэн юм.


Тэгэхэд хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж гуай хамт явсан. 100 грамм ууж жаахан халсныхаа дараа миний духан дээр үнсээд “Миний хүү айхтар дуу зохиосон байна” гэж хэлж байж билээ. Тэгэхэд л би маш их урамшсан даа. Тэр хөгжмийн бурхнаас тийм үг сонсоно гэдэг чинь урамшихаас ч өөр яах билээ. Одоо бодоход их сайхан дурсамж юм даа.

-Ямар үед их сайхан ая орж ирдэг бол?

-Ер нь сэтгэл зүйн байдлаас их шалтгаална. Бороо ороход их гоё өрнүүн аялгуу орж ирэх тохиолдол байна. Би өөрийгөө хөгжмийн зохиолч гээд цээжээ дэлдээд явах дургүй. Дуу зохиогч гэдэг нь илүү ойр санагдаад байдаг юм. Яг өнөөдрийн хувьд би 200 гарай дуу зохиосон байна. Тоо чухал биш л дээ. Би бусдын таашаалд нийцүүлэх гэж юм хийх дургүй. Өөрийнхөө таашаал, баримталдаг зарчмаар л хийдэг. Тийм болохоор миний дуу болгон хүмүүст таалагдах албагүй. Нөгөө талаар хэзээ ч хүнээс мөнгө авч дуу зарж үзээгүй. Тэгэхийг ч хүсдэггүй.

-Аавынхаа шүлгийг ашиглахаас гадна өөрөө үгийг нь бичсэн их сайхан дуу бий шүү дээ. “Инээмсэглэл” хамтлагийн “Өөдрөг сэтгэл” дуу?

-Хүн аливаа дуу зохиоход утга учир гэж байх ёстой. Зүгээр нэг тэрүүхэн зуур сонсогдоод өнгөрөх дуу байх хэрэггүй. Энэ дуу “Инээмсэглэл”-ийн философи гээд хэлчихэд буруудахгүй байх. Ч.Ганболд, Н.Ганхуяг бид хэд бас л багын найзууд. Дөрөв, тавдугаар ангиасаа найзалсан. Энэ хамтлагийнхаа суурийг тэр үеэс л тавьж байсан. Тэр дуу миний амьдралд хандаж байгаа зарчмуудын нэг гэхэд ч болно. Их олон зүйлийг хэдхэн үгээр хэлэх гэж оролдсон. “Харанга”-ын Чукад нэг өгөх гэснээ эргүүлээд авчихсан. Сайн сонсвол “Битлз”-ийн дууны жаахан хэсгийг иш татсан байдаг. Ринго Старын “When i sexty four” дуу. Одоо бид яг энэ насан дээр ирчихэж. Анх энэ дууг сонсч байхад хаа байсан хол санагддаг байлаа шүү дээ.

-“Битлз”-ийн юунд тэгтлээ их татагдсан юм бэ?

-Дууны ая дан, үг гээд бүх зүйл цензурт ороод эхэлчихсэн байх үед “Битлз”-ийн дуу их шинэ содон санагдсан. Маш энгийн үгтэй, аятай. Залуу хүн сонирхохгүй байхын аргагүй. “Битлз” амьд хөгжмийн бүхий л урсгалуудын эх үндсийг тавьчихсан шүү дээ. Надтай энэ талаар маргалдах гээд байдаг хүмүүс бий. Энэ хамтлагийг сонсч, шүтэн бишрэгч болсноор бидний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж эхэлж байгаа юм. Тийм учраас “Битлз" өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байдаг.

-Одоо “Битлз”-ын дууг сонсохоор бас арай өөр мэдрэмж, сэтгэгдэл төрнө биз?

-Аливаа зүйл ямагт циклээрээ эргэж байдаг юм байна. Өнөөдөр эргээд “Битлз” буцаад ирэх гэж байна. Энэ жил, яг энэ өдрүүдэд “Yesterday" дуу зохиогдсоны 50 жилийн ой тохиож байна. 50 жил энэ дуу хүн төрөлхтөний аманд аялагдсаар ирж. “Битлз”-ийн увидас хэзээ ч хоцрогддоггүй. Миний хувьд “Битлз” өдөр ирэх тусам амттай сонсогддог. “Rec on” гээд залуу хамтлаг байдаг.

 Манай рок попын гэр бүлийн залуу гишүүдээс хамгийн шинэ соргог зүйлийг хийж байгаа хамтлаг. Энэ хамтлагийнханд би “ A day in a life” гээд Жон Ленноны ДУУ дуулаач гэсэн санал тавьсан юм. Эхэндээ учрыг нь олохгүй байсан л даа. Сүүлд над руу “Ямар гоё дуу вэ” гээд залгасан. Өөрөө ч хачин гоё дуулсан байна лээ. Би залуу хүмүүстэй найзлах их дуртай. Ялангуяа амьд хөгжмийн хамтлагийнхантай. Тэндээс би өөрийгөө зэврүүлэхгүй байх аргыг олж авдаг.

-Шүтэн биширдэг хамтлагийнхаа тоглолтыг нь үзэх завшаан гарч байв уу?

-Пол Маккартнигийн тоглолтыг Москвад үзсэн. Тэр тоглолтыг миний үеийнхэн, чиний үеийн охид гээд гурван үеэрээ үзэж байгаа юм. Тэр тоглолтыг үзэж байхдаа гурван удаа уйлсан. Сүүлийн үед яагаад ч юм амархан уйлдаг, сэтгэл хөдөлдөг болоод байгаа. Надтай явсан найз маань миний зургийг аваад л гайхаад инээгээд байсан. Мань эр хөгжмөөс жаахан хол хүн л дээ. Яагаад уйлаад байгаа юм бэ гэхээр нь “Чи ойлгохгүй ээ” гээд л өнгөрсөн. Зүгээр нэг гял цал хийсэн шоунаас тэс өөр. Тэнд хүний зүрх сэтгэлд үлдэх философи яваад байгаа байхгүй юу. “Жоныхоо, Жоржийнхоо дурсгалд зориулж дуулъя” гэхээр нь л би хэнгэнэтэл уйлаад.

-Дуурайж хувцаслах нь энүүхэнд байсан биз?

-Анх “Битлз”-ийнхнийг захгүй пиджак өмсөхөд нь л дуурайн өмсч билээ. Тухайн үед хүүхдийн хувцасны артель гэж байлаа. Захиалгаар хувцас оёно. Ээжийгээ шаналгаж шаналгаж зөвшөөрүүлээд захгүй пиджак хийлгээд сургуулийнхаа үдэшлэгт өмсөөд очиж билээ. Ямар их онгирч явсан гэж бодно. Үсээ бас ургуулна. Тэрнээсээ болж байнга загнуулна, хайчлуулна. Жон Ленноны дугуй шил ч моданд орсон шүү дээ. Харамсалтай нь надад зохидоггүй. Зохидог байсан бол дуртайяа зүүх байлаа. Яг одоо би Жон Ленноны өмсдөг малгайг өмсөөд л явж байна шүү дээ. Мэддэг хүмүүс бол хараад мэднэ. Мэддэггүй нь энгийн нэг малгай гэж харах байх.

-Таныг үндэсний хувцастай байхыг нээрээ хараагүй юм байна?

-Би дээлийг маш их дээдэлдэг. Гэрийнхнийгээ дээл өмсгөх дуртай. Би дотроо маш их үндэсний үзэлтэй хүн шүү дээ. МУГЖ С.Жавхлантай хамт “Хамаг Монгол” төсөлд оролцож явлаа. Үндэсний хэв маягаа хадгалах гэдэг дээр санал нэгддэг. Гэхдээ туйлширч болохгүй. Даяаршил доторх дангааршил гээд байгаа юм шүү дээ. Сая Холливуудад жүжигчин Б.Амарсайхан дээлээ өмсөөд явсан нь ямар сайхан харагдаж байсан гээч. Шинэчлэл хийж байгаа нэрээр хуучин зүйлсээ үгүйсгэдэгт би шүүмжлэлтэй ханддаг. Хуучин зүйлийг хамаг сайн сайхан бүхний бааз суурь болгох ёстой.

-“Соёл-Эрдэнэ”, “Инээмсэглэл”, “Харш”-ийн дуунууд одоо ч хүмүүсийн аманд аялагдаад байна. Гэтэл өнөөдөр бүтэж байгаа дуунууд тавхан сар ч аялагдаж чадахгүй л байна шүү дээ. Яагаад?

-Их олон өнцгөөс тайлбарлах хэрэгтэй болно. Нэгд, нөгөө цензур. Гарч байгаа дуунуудад хяналт тавьж, шүүмжилдэг байлаа. Тэр хэрээр тэндээс чанартай уран бүтээлүүд гардаг байж. Энэ хазаарыг сул тавьчихаар байдал өөрчлөгдөж байгаа юм. Уг нь бол юу хүссэнээ хүмүүст сонсгоно гэдэг том боломж. Гэхдээ тэрийгээ учиртай, ухамсартай хийх ёстой. Тэгэхийн тулд юм үзэж сонссон боловсрол хэрэгтэй. Бас энэ хулгайн дууны асуудал байна.

Сонсогчдыг дутуу үнэлж болохгүй. Талийгаач Д.Давааням энэ талаар асар их мэдлэг мэдээлэлтэй хүн байсан. Би Д.Болдыг “Монгол поп” гээд явж байгаад үнэлдэг. “Өмнө нь байсан шүү дээ” гээд хүмүүс шүүмжилж байна. Тэр хамаагүй. Өнөөдөр хийж байгаа нь чухал. К поптой өрсөлдөх гэж байна шүү дээ. Зөв л байхгүй юу.

-Монголын рок поп урлаг зогсонги байдалд орчихлоо гэх хүмүүс бий?

-Энэ бол өөрийнх нь уран бүтээл зогсонги байдалд орчихсон хүний үг. Би бол хэзээ ч зөвшөөрөхгүй. Муу л байгаа юм бол "Universe best songs" долоо дахь жилдээ зохион байгуулагдаж, хүүхдүүд оролцох уу. Сая манай рок попынхон шинэ жилээ тэмдэглэхэд чи өөрөө дунд нь байж л байсан. Тэнд зогсонги зүйл ажиглагдсан уу. Бүгд л дор дороо уран бүтээлээ хийсээр л байна шүү дээ.

-Манайд продюссерийн үүрэг оролцоо муу байгаад байх шиг?

-Хуучин улс продюссерийн үүргийг гүйцэтгэчихдэг байж. 90 оны дараанаас энэ өөрчлөгдсөн. Ингээд задгай тавихад жаахан барьц алдсан. Гэхдээ сөгдөж ойчоогүй юм шүү. Би өөрөө ч анхны продюссерүүдийн нэг.

-“Уруулын будаг” хамтлагийн продюссерээр ажиллаж байсан?

-Яах аргагүй тийм. “Уруулын будаг”-ийн бүх дууг санхүүжүүлж, бүх уран бүтээлийг нь гаргаж байлаа. Миний дуугаар хийсэн цомог нь байдаг шүү дээ. Яахав хууль зүйн талаас алдаа дутагдал гарсан зүйл бий. Л.Тайванбат, Б.Чинбат, миний дүү Ангирмаа гээд сайн продюссерүүдийг нэрлэж болж байна. Их зөв эхпэлүүд тавигдаад л байна. Бас шинэ продюссерүүд гарч ирж байна. Туршлагагүйгээсээ болоод шатна, унана. Тэгээд сурна. Өрсөлдөөн продюссерүүдийн дунд явагдах ёстой. Шоу бизнесийн хууль тийм. Энэ системээр явахаас өөр арга байхгүй.

-Ангирмаа гэж нэр дурдсаных түүний тухай ярья. Ер нь “Киви” хамтлагийн уран бүтээлд оролцдог уу?

-Үгүй ээ. Би Ангирмаагийн хийж байгаа зүйлийг хүндэтгэдэг байх ёстой. Тэр байтугай “Киви” хамтлагийг ямарваа тоглолтод оролцуулахдаа хүртэл асууж зөвшөөрөл авдаг. Хүмүүс төмөр хатагтай мэтээр л ярьдаг юм. Үгүй шүү дээ. Зүгээр л зарчим ярьдаг хүн. Тэр хэрээрээ “Киви" тогтоод байна шүү дээ.

-Тэгэхээр та “Уруулын будаг”-ийнхантай их зөөлөн ажиллажээ?

-Харин тийм. Анхны, дээр нь туршлага дутагдсаных. Амаргүй байсан. Шилжилтийн үе ид явагдаж байсан. Дээр нь би өөрөө их зууралдаагүй. Сайнаар тарсан юм даа. Ер нь охидын хамтлаг тийм ч урт настай байдаггүй. Хаа ч тэр.

-“Пентатоник” академи юм хийхгүй байна гэсэн яриа гардаг. Харин оны өмнө энэ жил “Пентатоник” наадам эргэн зохион байгуулагдах болсон тухай сайхан мэдээг сонслоо. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Пентатоник академийн ерөнхийлөгч болоод энэ наадмыг урин дулаан цагт хийдэг болъё гэсэн санааг гаргасан юм. Монголд хамгийн анх улаан хивсний ёслолыг хийсэн шүү дээ. Академийнхан хүлээн зөвшөөрсөн. Ингээд хийх болсон чинь яах аргагүй байдлаас болоод хэдэн жил өнжсөн. Нисдэг тэрэг осолдож гашуудал зарласан үе, долдугаар сарын 1-ний үймээн гарсан үе гээд асуудал байсан. Харин энэ жил бид энэ наадмаа зохион байгуулахаар боллоо.

Академийн 13 гишүүн бол хэвээрээ байгаа. Энэ жил '‘On'n off”-ийн 20 жилийн ой боллоо. Одоо наадмаа зохион байгуулах цаг болсон. Хүмүүс академийн үйл ажиллагааг энэ наадмаар л ойлгодог. Гэтэл хүмүүсийн нүдэнд харагдаагүй, мэдээлэл хүрээгүй ажлууд хийгдэж л байна.

-60 насныхаа ойд зориулсан тоглолт хийнэ гэж түрүүн ярилаа. Энэ тоглолт хэзээ болох бол?

-Ирэх тавдугаар сарын 8-нд төрсөн өдрийнхөө тоглолтыг хийнэ. Монголчууд ер нь аливаа уран бүтээлчийн уран бүтээлийг сурталчлахдаа муу. Нас барсных нь дараа л эргэж дурсах юм. Тэгэхээр энэ байдалд өөрчдөлт хийх үүднээс өөрийнхөө тоглолтоос эхлэх гэж байна. 50 насныхаа ойгоор нэг нэвтрүүлэг хийж байсан. Энэ удаад тоглолт хийхээр төлөвлөж байна. Жишээ болгож гэх юмуу даа.

-Гадны хамтлаг, дуучдын хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж байгаа харагддаг. Гэтэл өөрсдийн алтан үеийнхээ хамтлаг, дуучдын хүндэтгэлийн тоглолтыг хийхгүй юм?

-Манай залуу үеийнхэн хаа нэг хийж яваа харагддаг. Гэхдээ явцуу хүрээнд зохион байгуулагддаг байх. Түүнээс биш саналууд ирдэг л юм. Хуучны хамтлагуудынхаа хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулдаг байх нь зөв л дөө. Манай урлагийн дунд Х.Төмөрбаатар, Ганболд гээд даруухан, ядруухан амьдарч байгаа хүмүүс зөндөө. Эдгээр уран бүтээлчдээ эргэн санах ёстой.

-Тэгвэл “Ахмадын золбоо” хэзээ тоглолт хийх бол?

-Сониноос “Universe best songs”-ын нэг шинэ сонинг задалъя. Энэ жил зургаан продьюссер, хоёр хоёр оролцогч сонгож аваад хоорондоо өрсөлдөнө. Тэндээс шинэ уран бүтээл төрнө. Тухайн шинэ уран бүтээлчээ дэмжинэ. Л.Балхжавынхаа уламжлалт тоглолтын дараа “Ахмадын золбоо” тоглоно. Энэ жил бас “Инээмсэглэл” хамтлагийн 35 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн тоглолт бас зохион байгуулагдана.
 
Эх сурвалж: "Нийслэл таймс"