Манай хөдөлмөрийн газруудын гаргадаг баримтаар бол ажил хайгсад хийгээд ажлын байрны тоо мөргөнө. Гэхдээ хайж байгаа ажил нь гол төлөв оффисийн, төрийн ажил байдаг. Нөгөө талд талхны цехийн туслах, барилгын ажлууд, баар, рестораны зөөгч гэсэн ажлын байр багшраастай.
 
Үүнийг харсан хүмүүс “Монголчууд залхуу хайнга”, “Ажил голоод л ажилгүй хэвтэж байгаа биз”, “Бусдаар тэжээлгээд сурчихсан төрийн алба л бөглөх санаатай юмнууд” гэх зэргээр зүсэн зүйлийн л юм ярьцгаадаг.
 
Олны дунд бас амархан аргаар амьдарчих гэсэн хүн байж болох юм аа. Гэхдээ ажилгүйчүүдийн ихэнх нь нуруугаа авхуулчихсан морь гэдэг шиг хаширсан хүмүүс байдаг юм шүү дээ. Тиймээс л төрийн буюу баталгаатай ажил руу хошуурдаг юм. Өнөөдөр ажлын байрны үзэсгэлэнгүүдэд зөөгч, бармен, туслах авах гэсэн байгууллагууд очдог бил үү. Очихгүй нь ойлгомжтой.
 
Авсан ажилтнаа дагалдуулж байна гэж ажиллуулж байгаад дараа нь хөөгөөд явуулчихдаг юм чинь. Зарим баар, караоке бүр тогтсон ажилтангүй оюутнуудыг цувуулж зүтгүүлж, доромжилж хөөсөөр хичнээн жил үйл ажиллагаа явуулдаг юм даа.
 
Барилгын ажил хүчир. Дээр нь цалинг нь өгөхгүй унжих явдал хавтгай байна. Авбал зохих хөлсний талыг нь өгвөл дээдийн заяа байх юм байна шүү дээ, ихэнхдээ. Ийм байхад хэн очиж халуун наранд гандаж, хар чулуу зөөх юм бэ. Дэлгүүрийн бараа өрөгчид, элдэв байгууллагуудын хамгаалагчид цөм ижил. Бүр нэрлээд явсан ч болно.
 
Хаа сайгүй л бусдын тэр тусмаа амьдралд хөл тавьж байгаа залуусын хөдөлмөрийн үнэгүй сорж амьдарч байна. Эргээд ажлын байр, ажилгүй иргэдийн тоо тэнцээд яваад байдаг. Одоо хяналтыг нь сайжруулж нэг өдөр цагийг нь гарзадсан ч тодорхой өртгийг нь төлдөг болгох хэрэгтэй байна.
 
Хэн таван өдөр ажилласныхаа дараа цалингаа авах гэж шүүхдэх вэ дээ. Өөр ажил хайхаа л бодно. Тиймээс тусгай алба байгуулж луйварчдаас ажилласан хүний хөлсийг булааж авах эрх олгодог болох хэрэгтэй. Арай л хэтэрч байна, олон хүн хэлнэ дээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: