1969 оны долдугаар сарын 21-ний өдөр “Апполо 11” хөлгийн нисгэгчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр газардсан бол “Аполло” төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт зургаан удаагийн нислэгээр сансрын 12 нисгэгч саранд хүрчээ. Гэвч эдгээр үйл явдлын дүрс бичлэгүүдэд эргэлзээ төрүүлэм мөчүүд цөөнгүй дүрслэгдсэн гэх. 
 
Flag-Waving-Moon-Landing 9803 600X450
 
Тухайлбал, “Аполло 14”-ийн нисгэгч Америкийн далбааг сарны хөрсөнд зоож тогтоох үед далбаа намирч харагддаг. Далбаа салхинд хийсэх мэт, тэр ч байтугай нисгэгч холдсон үед ч хэсэг хугацаанд намирч байгаа нь саран дээрх үзэгдэл мөн гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Сар агаар мандалгүй учир дэлхийн шөнө мэт үй түмэн одод тэнгэрт үзэгдэх учиртай.
 
Гэтэл саран дээр авсан гэрэл зургуудад тэнгэрт ширхэг ч од дүрслэгдээгүй байдаг. Мөн сансрын нисгэгчид, бусад обьектуудын сүүдэр урт богино, өөр өөр өнцгөөр байрласан нь нарны бус зохиомол гэрэлтүүлгийн дор авсан мэт харагдана. Зүй нь алс холоос тусах нарны гэрэлд адил өндөртэй биетүүдийн сүүдэр шиг урттай, өндөр өөр байлаа ч адил өнцгөөр, параллель хэлбэрээр байрлах ёстой. 
 
 
Мөн 14 тонн жинтэй буугч хөлөг газардах үеийн тийрэлтийн хүчний нөлөөгөөр сарны хөрсөнд том хэмжээний хонхор үүсэх ёстой. Гэтэл бодит гээд байгаа гэрэл зурагт хөлгийг зөөлхөн байрлуулсан мэт, хөрсөнд ямар ч өөрчлөлтгүй байдаг.
 
Picture1
 
Хүн үнэхээр саранд хүрсэн үү, эсвэл “НАСА” студид авсан зохиомол дүрслэлээр дэлхий дахиныг олон жилийн туршид хуурсаар ирэв үү. Сансар судлалын түүхэн үйл явдлын үнэн эсэхэд эргэлзсэн анхны ном “Аполло” төсөл дууссанаас хойш дөрвөн жилийн дараа хэвлэгджээ. Номын зохиогч Бил Кэйсинг “Аполло” төслийн пуужин бүтээх ажилд оролцож байсан нэгэн бөгөөд Америкийн сансрын технологийн боломжид үл итгэж байсан нь түүнд эргэлзээ төрөхөд хүргэжээ. 
 
Хүйтэн дайны ид үе болох 1961 онд ЗХУ анх удаа сансарт хүн амжилттай нисгэж, сансар судлалын шинэ эринийг эхлүүлэв. Тэгвэл өрсөлдөгчдөө ялагдаж, тулгамдсан АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад ондоо багтан саранд хүрэхээр амлажээ. Хэдийгээр “Аполло” төсөл аль хэдийн эхэлсэн байсан ч их хэмжээний түлшийг тогтвортой шатаах технологийг хөгжүүлж амжилгүй, дэлбэрэлтээр төгсөх пуужингийн бүтэлгүй туршилтууд удаан хугацаанд үргэлжлэв. 
 
Ийм нөхцөлд хэдхэн жилийн дотор саранд хүрэх технологи бүтээх боломжтой гэдэгт Кэйсинг үл итгэж байсан гэдэг. Түүний дүгнэснээр саранд хүрсэн үйл явдлын үед сансрын төвөөс жинхэнэ пуужинг хөөргөж, дүрслэлийг дэлхий дахинд үзүүлж байжээ. Харин пуужин хөөрөхөөс өмнөхөн хөлгөөс нууцаар гарсан сансрын нисгэгчдийг америкийн элсэн цөлд хүргэж, тэнд байх студид хийсэн бичлэгийг дэлхий даяар дамжуулж байсан гэжээ.
 
“НАСА” юуны учир ийнхүү хуурамч бичлэг хийх болов. Энэ талаар өөрийн дүгнэлтийг хийгээд байсан кино найруулагч Барт Сибрел ийнхүү дүгнэжээ. Түүний бодлоор “Кеннеди хэдийгээр ерөнхийлөгч байсан ч эрдэмтэн байгаагүй. Хүнийг сансарт 15-хан минут байлгах түвшинд байсан тухайн үеийн америкийн сансрын технологи 10-хан жилийн дотор саранд хүрэх ямар ч боломжгүй байсан” гэсэн байна. 
 
Саранд хүрсэн үйл явдал үнэхээр хууран мэхлэлт байв уу? Дүрслэлүүд эргэлзээ төрүүлж байгаа хэдий ч бодит байдалд бидний өнгөц ойлголт алдаанд хүргэх тохиолдол олон бий. Нухацтай судалж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой болов уу?
 
Бодит байдалд ишийг нь эргүүлэх үед далбаа вакум орчинд ч намирах хөдөлгөөн хийдэг. Энэ нь, инерцийн үзэгдлийн нөлөө бөгөөд ишийг эргүүлэх хүч
далбааны үзүүр хүртэл дамжих учир салхинд намирах мэт харагдах бөгөөд ишийг эргүүлэхээ больсон ч хэсэг хугацаанд ажиглагддаг. 
 
Гэхдээ дэлхийн агаарын нөхцөлтэй харьцуулахад намиралт илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг. Далбааны хөдөлгөөнд саад болох агаарын эсэргүүцэл байдаггүйтэй холбоотой юм. Агаар мандалгүй саран дээр салхигүй учир далбаа намирах ёсгүй гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв. 
 
Нөгөө талаас эргэлзээ төрүүлэх дүрслэл харин ч эсрэгээр нотлогоо болж чадна. Саран дээр тогтоосон далбааны дэргэдүүр сансрын нисгэгч дэгдэн өнгөрөх үед далбаанд ямар ч хөдөлгөөн ажиглагддаггүй. Энэ нь, хүний биеийн хөдөлгөөний нөлөөгөөр агаарын хөдөлгөөн үүсч далбаанд нөлөөлөхгүйг харуулж, саран дээр байгааг баталгаажуулна. 
 
Саран дээр авсан зурагт одод дүрслэгддэггүйн учрыг гэрэл зураг сонирхогчид тодорхой тайлбарлаж чадна. Дэлхийн шөнийн нөхцөлд одны зураг авахын тулд камерийн хөшигний хурдыг дор хаяж 10 секундээс багагүй хэмжээнд тохируулах шаардлагатай байдаг.
 
Одны гэрэл бодит байдалд харагдаж буйгаасаа хэт бага учир гэрэл зураг авах үед хангалттай урт хугацаанд, хангалттай хэмжээний гэрлийг камерийн линзээр нэвтрүүлэхгүй бол оддыг тод дүрслэх боломжгүй. Харин гэрэлтүүлэгтэй нөхцөлд орчны хамт сансрын нисгэгчийн зургийг авах үед хөшигний хурд хэд дахин бага байна. 
 
Энэ тохиолдолд хүн болон одны гэрлийн ялгаа хэт их тул хүн тод гарлаа ч тэнгэрт одод дүрслэгдэхгүй. Саран дээр авсан зургууд өдрийн цагаар авсан тул хүн болон тухайн орчинд тусах нарны гэрэл хангалттай их байна. Харин агаар мандалгүй учир сарны тэнгэр дэлхийн шөнөтэй адил харагдана. 
 
Энэ үед камераар харагдах дүрслэл хүний нүдээр хардагтай адил байх ёстой гэсэн бидний өнгөц ойлголт буруу байв. Мөн сансрын нисгэгчийн тод дүрслэл болон одот тэнгэрийн зургийг нэг камераар зөвхөн нэг удаагийн оролдлогоор авах боломжгүй юм.
 
Бодит байдалд саран дээрх сансрын нисгэгчдийн сүүдрийн урт, өнцөг гэрэлтүүлгээс хамааралгүйгээр адил байх ганцхан нөхцөл бий. Тэр нь, сарны гадаргыг тэгш гэж тооцох тохиолдол юм. Нэгэнт сарны гадарга тэгш бус, дов сондуултай учир түүний хэлбэрээс хамааран хүний сүүдэр тодорхой цэгээс ажиглахад янз бүр харагдана.
 
Хэрэв хүний сүүдэр довын өгсүүр хэсэгт тусч байвал богино, уруудах хэсэгт тусч байвал урт харагдана. Мөн налуугийн хэлбэрээс хамааран өөр өөр өнцгөөр харагдана. Энэ тохиолдолд сүүдэр тусах гадаргын хэлбэрийг тооцож үзэлгүйгээр ойрхон байрлах зохиомол гэрэлтүүлгийн (студийн) үеийн сүүдэр урт богино, янз бүр байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байж. 
 
Мөн хөлөг болон хүний сүүдэр параллель бус харагдахын шалтгаан нь дүрслэх урлагаас авахуулаад барилга архитектурын салбарт ашиглагддаг чухал ойлголт болох дүрсний алслалтын нөлөө юм. Хэрэв эгц дээрээс нь харвал алс хол байрлах гэрлийн нөлөөгөөр үүсэх биетийн сүүдрүүд параллель байна. Харин аль нэг биетэд ойртож, хүний нүдний түвшингээс харвал алс байгаа биетийн сүүдрийн харагдах өнцөг багасч харагддаг.
 
Сансрын нисгэгч урт саваа хэлбэрийн илрүүлэгч төхөөрөмжийг суурилуулах үеийн дүрслэлээс сарны хөрс нэлээд хатуу болохыг мэдэж болно. Сарны хөрс солирын мөргөлдөөнөөс үүссэн тоосонцор мэт элсээр хучигдсан байдаг. Сарны гадаргад элс хуралдах тусам доорхи элсний хоорондын зайг дүүргэж, аажим хатууруулдаг. 
 
Гадаргын хэдхэн см өнгөн хэсэгт элс байх боловч түүнээс доош нягт ихтэй хатуу хөрс байрладаг. Харин дэлхийн нөхцөлд газар доорх амьтад, шавьжны хөдөлгөөн, бороо, салхины нөлөөгөөр хөрс гүндээ хүртэл сийрэг, зөөлөн байдаг. Саран дээр хөлөг газардах үед үлээх хийн (тийрэлтийн) нөлөөгөөр хөрсний өнгөн хэсгийн элс хийсч, зөвхөн хатуу хэсэг нь үлдэнэ.
 
Энэ тохиолдолд сарны хөрсийг дэлхийнхтэй адил зөөлөн байна гэсэн бидний өнгөц ойлголт буруу байлаа. Ийнхүү нухацтай судалж, сайтар эргэцүүлж үзвэл эргэлзээг тайлах боломжтой ажээ. Гэвч худал хуурмагийг илчлэх гэсэн эсрэг байр сууриныхан түүхэн нөхцөл байдалд ч эргэлзсээр байна. Хэрэв хүн хагас зуун жилийн өмнө саран дээр очсон нь үнэн бол өдийд тэнд багагүй хэмжээний суурин байгуулсан байх ёстой.
 
Хэрэв одоо саранд хүрч чадахгүй байгаа бол хагас зуун жилийн өмнө хэрхэн очиж чадав. “НАСА” үнэнг мэдэх гэсэн хүмүүсийг хуурсаар байгаа гэдэгт Бартер нарын хүмүүс итгэл төгс байна. “НАСА”-д үл итгэх хүмүүсийн эргэлзээ зөвхөн сараар зогссонгүй, нарны аймгийн бусад гаригууд руу тэлэн өргөжсөөр байгаа аж.
 
 
Эх сурвалж: "Ганзам" сонин