sonin.mn
“Хөдөлмөр" сонины 90 жилийн ой энэ сарын 14-нд тохиож байна. Бид сониныхоо ойг угтаж ахмад үеийнхэнтэйгээ хамтран баярын дугаараа гаргаж буй юм. Тиймээс энэ удаагийн дугаарын ярилцлага буландаа “Хөдөлмөр" сонинд төдийгүй Монголын ард түмний дунд басхүү тив дэлхийд нэрээ мөнхлөж чадсан зохиолч сэтгүүлч Герман хэмээх тодотголтой Чинаагийн Галсан гуайг урьж оролцууллаа. Түүнтэй хөөрөлдсөн хэсэг хормын яриаг та бүхэндээ хүргэж буйдаа таатай байна. Уншигч та энэхүү ярилцлагнаас “Хөдөлмөр" сонины түүхэн цаг үед Чинаагийн Галсан гуайн оруулсан хувь нэмэр болон түүний амьдрал уран бүтээлийн талаар уншиж мэдэх болно.
 
-Хоёулаа яриагаа таныг анх “Хөдөлмөр” сонинд хөл тавьж байсан үеэс эхэлбэл ямар вэ?
 
-Тэгье. Би анх “Хөдөлмөр" сонинд баранклагдаж орж байлаа. Би Германы Лайпциг хотын Карл Марксын их сургуульд суралцаж төгсөөд Монголыг өөрчилнө гэсэн залуу хүний гэнэн, дүрэлзсэн бодлоор ажлаа эхэлж билээ. Тэр үед Монгол Улсын хэмжээнд МУИС, Багшийн дээд сургууль, Анагаах ухааны дээд сургууль, ХААИС гээд дөрөвхөн дээд сургууль байдаг байлаа. Би бүгдэд нь хичээл заадаг байсан юм. Багш нар долоо хоногт 18-20 цагийн хичээл заадаг байхад би долоо хоногт 52 цаг хичээл заана. Бүтэн сайн өдөр ч 10 цагийн хичээл заадаг тийм л идэвхтэй байсан. Тэр үед Герман хэл төдийлөн дэлгэрээгүй байсан учраас чухам энэ хэлийг хоёр дахь гадаад хэл болгох зорилго тавьсан юм. Тийм дэврүүн гэнэн хийсвэр бодол тээж явсан залуу байлаа л даа. Нэг сургуульд нэг хичээлээ заачихаад шатаар гүйж гарахад гадаа дараагийн сургуульд хүргэж өгөх машин хүлээж байдаг байсан.
 
-Ийм их идэвхи зүтгэлтэй хүн баранклагдсан гэв үү?
 
-Тийм ээ. Тэгж ажиллаж байгаад улс төрийн алдаа гаргасан. Оюутнууд надаас бурхан байдаг эсэх тухай асуухад нь би “Байгаа, байхгүйг шинжлэх ухаанаар нотолчих л доо. Хэн ч байгаа, байхгүйг шинжлэх ухаанаар нотолж болно. Энийг та нар өөрсдөө л бодож олно” гээд хэлчихсэн юм. Тэгтэл тэр буруу байсан гэнэ. Миний ярьсныг нэг шавь маань Намын Төв хороонд ажилладаг аавдаа хэлчихэж л дээ. Төв хорооны “До" яаманд айхавтар хатуу, яхир өвгөн байсан юм. Тэр өвгөн “Марксизм нэгэнт Бурхан гэж байхгүй гээд хэлчихсэн юмыг чи яагаад эргэлзэлд оруулаад тэгж хэлдэг юм. Байхгүй л гэж хэлэх ёстой байхад” гэж хэлсэн. Тэр цагаас хойш миний хэлснийг өлгөж аваад хоёр, гурван жил араас минь хөөж боогоод бүр Аюулаас хамгаалах яаманд очиж бүртгүүлээд баривчлахын даваан дээр миний мэргэжлээрээ ажиллах эрхийг насан туршид минь хаачихсан юм. Өнөөг хүртэл тэр л хэвэндээ байдаг юм. Ардчиллын дараа би их сургуульдаа очоод “За би одоо Герман хэлээ заая даа” гэсэн чинь их сургуулийн захирал /надтай нэг байранд байдаг байсан залуу/ “За Ч.Галсан минь тэрийг чинь би хэлж мэдэхгүй. Тэр үед Засгийн газраас тийм шийдвэр гарсан учраас хориогоо цуцалсан цагт л чи хаана ч ажиллаж болно” гэсэн. Үзэл суртал гэдэг тийм л хатуу зүйл л дээ. Тэр үед би хаана ч ажиллаж болохгүй болчихоод байж байтал “Хөдөлмөр” сонинд юм бичдэг хүн хэрэгтэй байна гээд МҮЭ-ийн төв зөвлөлийн үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга К.Зардыхан намайг ажилд авлаа. Би сониндоо хамгийн доод албан тушаал болох утга зохиолын ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Хамгийн бага цалин болох 700 төгрөгийн цалинг авдаг байлаа. Тэр жил 1977 оны 1-р сарын 10-ны үеэр нэг их зуд болж, Монголын сая, сая малыг хамсан зуд болсон. Завхан аймгийн Түдэвтэй суманд -66 градус хүйтэрсэн. Тэр үед би нэг муу цоорхой 69 машинтайгаа Төв аймгийн Баян-ширээт, Өндөршил суманд очоод сурвалжпага хийдэг юм байна. Тэгээд аян замын гурван тэмдэглэл бичлээ. Нэг нь “Хан сүмбэр уулын эзэд”, нөгөө нь “Илгээлтийн эзэд, итгэлийн эзэд” байсан санагдаж байна. Тэгтэл тэр тэмдэглэлээрээ би шууд л нэрд гарчихсан. Маш их өндөр үнэлгээ авсан. Тэгэлгүй дээ би чинь хар нялхаасаа л зохиол бичээд хэл зүгширчихсэн байсан. Монгол хэлэнд ч давгүй зүгширчихсэн байсан үе. Хэрэв хүн хэл суръя гэвэл гадаад хэлийг уйгагүй ярьж, уншиж, бичиж сурч гэмээ нь үр ашигтай сурдаг юм байна лээ. Хүн төрөлх хэлээрээ өөрийн мэдэлгүй автоматаар ярьчихдаг. Харин харь хэлээр ярихдаа бодож, яг л дүрмээр нь ярьдаг юм. Гадаад хэл сурсан хүн Монгол хэлээр бүр сайн бичиж чадна. Би хамгийн эхлээд “Хөдөлмөр” сонины сэтгүүлч Ч.Галсан гэдэг нэрээрээ улс даяар танигдсан. Их л мандсан даа. Тэр жилийн оны шагнал аваад өөр газруудын захиалгын бичвэрүүд бичсэн чинь бүгд оны шилдэг шагнал хамаад авчихав. Ёстой л бичсэн бүхнээрээ үнэлүүлсэн үе байж дээ. Би энэ их шагналаа яагаад дурдаад байдаг юм бэ гэвэл тийм зүйл чинь өр төлөөстэй байдаг юм байна лээ.
 
-Таныг сонинд ажиллаж байхдаа гадаад руу томилолтоор олон удаа явдаг байсан тухай хожим хүмүүс дурсаж ярьдаг. Тэр үед гаднын улс орны аж байдлын талаар хэр бичиж нийтэлдэг байв?
 
-Сэтгүүлчийн хувьд 1979 он миний хамгийн оргил үе байлаа. Дөрвөн удаа гадаад томилолтоор явлаа. Нэг удаа Москва руу явж курст суугаад, хоёр дахь удаад нь Ардчилсан Германы 30 жилийн ой болно гээд гурван сарын хугацаатай томилолтоор явсан. “Үнэн” сонин “МОНЦАМЭ’’-гийн тусгай сурвалжлагч хэмээх сэтэртэйгээр явдаг юм байна. Тэр үед Хятад улс Вьетнам руу дайрсан юм. 1979 оны нэгдүгээр сараас Хятад, Вьетнам хоррын хооронд дайн болсон. Тэр талаар хүмүүс төдийлөн мэддэггүй юм. Манайхан Хятадаас айгаад тас нуучихсан. Хятадууд Вьетнамыг хашраахаар асар их сүйтгэл учруулсан байдаг юм. Тэр үед би Фронтын сурвалжлагчаар очсон. Вьетнам оронд 20 хоног ажиллаад, Өмнөд, хойд хоёр Вьетнамын хооронд 1100 км зайтай байдаг онгоцоор нисч очоод Капитализм гэдэг зүйлийг анх тэндээс эхэлж таньсан. Капитализмд байдаг одоо ч манайд байгаа бүх л муу юмыг би өмнөд Вьетнамаас харсан. Хар тамхинд донтогчид, биеэ үнэлэгч, гэмт хэрэгтнүүд ихтэй тул бие хамгаалагчтай явна. Тэр үед “Под потын дэглэм" гэж аюултай юм байсан. Дөрвөн жилийн дотор долоон сая хүнээ дөрвөн сая болтол нь хороосон гэдэг юм. Үүнийг нь гэрчлэх зүйлс дэндүү хангалттай байж билээ. Намайг очих үеэр Өмнөд Вьетнамын цэргүүд Кампучи улсын эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй хамтран сүүлийн дөрвөн жил ноёрхсон “Под потын дэглэм"-ийг эсэргүүцэн тэмцэж Бүгд найрамдах Кампучи ард улсыг байгуулаад байсан юм. Би тэндээс байлдааны туршлагатай болсон. Дайн байлдаан хүчирхийлэл, аллага гэж юу байдгийг нүдээр үзсэн. Тэгээд “Бүгд найрамдах Кампучи улс”, “Кампучийн тэмдэглэл" зэрэг маш их юм бичсэн. Олон хэвлэлийн газар тарааж хэвлүүлтэл оны бүх шагналыг авчихав. Тэгээд их л додигор явж байлаа. Дараа нь Улс төрийн тоймч болж дэвшээд зарим дугаарт 2-3 ниитлэл оруулах шаардлагатай болсон. Тэр үед “Хөдөлмөр” сонин маш олон булантай байсан. “Тэр буланд материал дутаж байна. Алив Ч.Галсан минь туслаарай” гээд гүйгээд л ирдэг. Би тэрийг нь суугаад л бичээд өгчихнө. Бичвэрийн урамшуулал нэлээн авдагбайлаа. 1980 оны Москвагийн олимпыг очиж сурвалжилсан. 1981 онд Ж.Гүррагчааг сансарт нисэх үед бүтэн сар сурвалжилсан. Хожим бодоход “Хөдөлмөр" сонины уралдааны морь шиг болчихсон байжээ. Хаана л яаралтай юм гарна тэнд нь очоод үүргээ өөрийнхөө хэр чадлаараа л биелүүлээд ирнэ. Тэгж байтал гэнэт л хэл ам дэгдсэн дээ.
 
-Юу болов?
 
-Яасан гэсэн манайхан дотроос “Ч.Галсан мөнгөний төлөө ажиллаж байна” гээд матсан байна. “Хөдөлмөр” сонинд орсноос хойш авсан бүх цалин орлогод дүн шинжилгээ хийжээ. Тэгэхэд би сард дунджаар 1388 төгрөгийн цалин авсан байгаа юм. Тэгтэл төрийн сайд 1300, орлогч сайд 1200, хэлтсийн дарга нар 900 төгрөгийн цалинтай байсан үе юм. Тэгээд МҮЭ-ийн Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар орлоо. Намайг “Чи мөнгөний шуналтай болсон байна" гэж шууд л тулгасан. Би “Та нар юу ярьж байгаа юм. Манайд коммунизмын Социалист, коммунист шат гэсэн хоёр байна. Социалист шатанд чинь чадлынхаа хэрээр ажиллаад хийснийхээ хэрээр авдаг. Харин Коммунист шат нь хүн болгон чадлынхаа хэрээр ажиллаад хэрэгцээнийхээ хэрээр авна гэсэн ийм хоёр заалт байна. Би тэр л зарчмаар ажиллаж хөлсөө л авсан” гээд хэлчихсэн чинь дутагдлаа хүлээхгүй байна гээд сүртэй юм боллоо. Би тэндээс хэтчсондгойрч болдоггүй юм байна гэдгийг ойлгож авсан. Од шиг гэнэт харваад гараад ирсэн хүнд найз нөхөд ч байхгүй болдог юм билээ. Хамт ажилладаг хүмүүс атаархана. Аргагүй шүү дээ. Тэр үед гадаад томилолт гэдэг чинь ёстой төрийн шагнал авсан юм шиг л чухал юм байлаа. “Хөдөлмөр” сонины сэтгүүлчийн хувиар Орос, Герман, Унгар гэх мэт улс орноор томилолт өвөртлөөд явах бүрт хүмүүс ямар гоё юм гэлцэнэ. МҮЭ-ийн Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд орж донгодуулж цалингаа 100 төгрөгөөр хасуулж, албан тушаал буурснаас хойш би энэ их хүч чадлаа зохиолдоо зарцуулъя гэж шийдсэн юм. Долоо хоног болоод мартагддаг бичвэрийн төлөө хүчээ зарснаас ном зохиолоо бичсэн нь дээр санагдаж романуудаа бичиж эхэлсэн дээ. Сонинд юм бичээд өг гэхээр нь “За та захиалсан шүү. Би захиалгын чинь дагуу л юм бичиж байна шүү” гэж хэлж бичдэг боллоо. Манайхан их хатуу модон хэллэгээр бичдэг байлаа. Зураг гаргасан ч Коммунист тэр гэж нэрийг нь бичнэ. Харин би бол аль болох албан хэллэгээс зайлсхийж, үйл явдал хөөж, зураглаж бичдэг байсан юм.
 
Тийм учраас л уншигчдынхаа зохих хүндэтгэлийг хүлээсэн юм болов уу гэж боддог юм. Намайг томилолтоор явсан байвал хүмүүс “Галсан байгаа юу. Ойрын хоёр сонинд бичвэр нь гарсангүй” гээд л асууж сурна. Монголын ард түмний дунд нэр хүндтэй сэтгүүлч болж мандаж явсан үе минь байж дээ. Ямар сайндаа л тэр үед сэтгүүлчдийн дунд хэнийг даган дуурайдаг тухай санал асуулга явуулахад Л.Түдэв гуайг 47 хүн, Ч.Галсан 37 хүн, өөр бусад сэтгүүлчдэд тав, зургаан хүн л саналаа өгсөн байсан юм. Тэр үед сэтгүүлч төдийгүй ард түмний дунд ч хоёрт бичигддэг нэртэй сэтгүүлч хэмээн тоогдож явжээ. Ер нь “Хөдөлмөр” сонин намайг хүн болгосон, уран бүтээлч болгосон юм шүү дээ. Тэр үед Зөвлөлтөд Горбачёв гэдэг хүн гарч ирээд “Өөрчлөн байгуулалт”, “Ил тод байдал” гэсэн хоёр үг гаргаж ирлээ. Тэгсэн чинь Горбачёв “Бидний хэрэгжүүлж байгаа коммунизм огт бүтэмжгүй байна. Энд маш их алдаа байна” гээд миний хэлээд байсныг бүгдийг нь яриад гараад ирлээ. Би ч зориг ороод дахиад нэлээн хүчтэй бичиж эхэллээ. Тэгсэн чинь Л.Түдэв эрхлэгч нэг өдөр дуудуулж байна. “За Галсан минь би чиний юмыг уншиж байна. Зөв зоригтой бичиж байна. Ерөөсөө нэг сэтгүүлчдийн сэтгүүлтэй болъё. Би чамайг “Үнэн” сонины нэрээр татаж авъя. Сэтгүүлчдийн холбоонд нэг өрөө гаргаж өгнө. Чи маш сайн ажиллаад хэдэн дугаар гаргаадах” гэв. Тэр үед сэтгүүлчдийн дунд бичгийн шашинаар цохиод хувилчихсан зузаандуу “Сэтгүүлч” гэсэн нэртэй цаас тараадаг байсан юм. Тэгээд л өөрийн гэсэн онцлогтой жинхэнэ сэтгүүлчийн хурц зэвсгээр урласан хэвлэлийн индэртэй болоё гэсэн зорилттойгоор шинэ “Сэтгүүлч” сэтгүүлээ нийтэлж эхэлсэн. Сэтгүүл маань гурван сард нэг удаа гардаг байв. Тэгсэн чинь олон түмэн ёстой пир хийтэл уншдаг юм байна. Нэг дугаарыг 3000 хувь хэвлүүлнэ. Гэтэл хоёр ч удаагийн дугаарыг гурван удаа нэмж хэвлүүлдэг юм байна. Тэр үед ховорт тооцогддог бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтад манай “Сэтгүүлч” сэтгүүл цохиж явдаг боллоо. Би дахиад л нэрд гарчихлаа. Тэгсэн чинь яасан юм бүү мэд дарга нараасаа түрүүлчихсэн юм байлгүй дээ. Сэтгүүлчдийн холбооны орлогч дарга Т.Баасансүрэн намайг эрхлэгчээр бич гээд эрхлэгч Т.Баасансүрэн, редактор Ч.Галсан гээд л гаргадаг боллоо. Тэгсэн надтай тангараг тасраад намайг халчихсан. Би "Сэтгүүлч” сэтгүүлийг хоёр жил гаргасан. Намайг халагдаж байгааг Кино үйлдвэрийнхэн дуулаад тэр багтаж шингэхээ больсон хүнээ нааш нь явуулчих гээд намайг чинь шүүрээд л авчихлаа. Өндөр цалинтай, тусгай ажлын өрөөтэй бүх нөхцөлөөр хангана. Хамгийн гол нь кино зохиолуудыг чанартай редакторлах хүн хэрэгтэй гэдэг юм байна. Би тэнд хоёр жил орчим ажилласан юм. “Чингис хаан”, “Мандухай цэцэн” зэрэг элдэв төрлийн кинонуудын зохиол уншаад редакторлаад сууж байж байтал 1990 он болоод ерөнхий редактор гэж илүү орон тоо байх шаардлагагүй гээд орон тооны цомхтголд ороод халагдчихдаг юм байна.
 
-Дараа нь яаж их нүүдэл хийх хэмжээний мөнгийг хураасан юм бэ?
 
-Тийм ээ. Тэр үед яах ч учраа олохгүй самгардаж байгаад эхнэртэйгээ зөвлөлдөж аялал жуучлал, худалдааны пүүс байгуулъя гэж шийдсэн. Тэгээд л “Нүүдэлчин” гэдэг пүүсээ байгуулсан юм. Миний анхны ном 1981 онд анх Германд гарсан юм. 1990 онд Германы кино групп миний тухай кино хийсэн. Тэгээд л намайг пүүс байгуулсныг дуулаад жуулчид тоймгүй их ирдэг юм байна. Мөнгө ч ер нь бөөн бөөнөөр орж ирж байна. Дандаа доллар шүү. Тэр үед нэг долларыг манай зах зээлд нэг зуун төгрөгөөр сольдог байсан юм. Өнөө долларуудаа солиулсан чинь мөнгө маань баггдаггүй. Зуны халуунд эхнэртэйгээ дамжлаад орж ирээд өнөө их мөнгөө харсан чинь шал утгагүй санагдаад явчихав. Энэ их мөнгийг би хэзээ барах юм гээд л бодсон чинь хүрэх газраа хүрээд ирчихсэн юм шиг санагдлаа. Хүн гэнэт их баяжихаар амьдрал утгагүй болчихдог юм билээ. Энэ их мөнгөөр би юугаа хийх билээ гээд л шөнөжингөө бодож хоноод маргааш нь төрсөн сумандаа аваачиж өгөхөөр шийдлээ. Тэр үед мөнгө их ховор байсан учраас сумандаа очоод таван фонд байгуулж өглөө. Өвөлжөө бууцыг сайжруулахад, урлагийн хамтлаг байгуулахад зарцуулаад сумандаа их л үнэтэй хүн болж хувирлаа. Жуулчид маань ч тасрахгүй ирж байв.
 
-Ер нь алдарт “Их нүүдэл”-ийг яагаад хийхээр болсон юм бэ?
 
-Яагаад гэвэл ээж, аав маань хүнд тус болж яваарай гэж их захидаг байсан юм. Би хүмүүст туслая гэсэн сэтгэлээр Их нүүдлийг хийсэн. Тэр үед засгийн томилолтоор хэд хэдэн аймагт ирсэн Тува хүмүүс их байсан юм. 1990 он болоод ямар ч ажил төрөл байхгүй хэн ч биш болчихсон арга мухардсан хүмүүст л тусалсан юм. Нутаг орных нь хүмүүс муу сайн цагаач иргэд гээд ажил төрлийг нь булаагаад авчихсан байлаа. Тэгээд бид Кино үйлдвэрийн хурлын зааланд хуралдаж нүүдэл хийх шийдвэрийг гаргалаа. Тэр үед ерөнхий сайд Жасрай гуай намайг сүрхий дэмждэг байлаа. Би “Манай Тува хүмүүс хэцүүдэж байна. Нутагтаа л хүрье гэж ярьж байна. Засгийн газрын гэрээгээр эдгээр хүмүүсийг ажиллуулж байсан байна. Өөрөө хүсвэл нутаг хүрэх замын зардлыг нь төрөөс даана гэсэн байна” гэж хэлтэл Жасрай гуай “Галсан минь, хүн хүргэх байтугай би мөнгө хаанаас олох вэ гээд ядраад сууж байна” гэлээ. Тэгэхэд нь “Би мөнгийг нь гаргая” гэтэл над руу нэг их том хараад “Чи тийм их мөнгөтэй юм уу” гэдэг юм байна. Би хариуд нь “Надад мөнгө байна” гэтэл Жасрай гуай “Бидэн дунд нэг нь ч гэсэн мөнгөтэй байна гэдэг ямар сайхан юм бэ, би тэгвэл замд явах бичгийг чинь гаргаад өгье” гэдэг юм байна. “Яаж нүүлгэх вэ” гэхээр нь би “Тэмээн хөсгөөр нүүлгэе” гэтэл Жасрай гуай “Тэр чинь ямар сайхан юм бэ, тэмээн хөсгөөр гэхээр сайхан дуулдаж байна шүү” гээд нүд нь сэргэж ирээд Засгийн газрын улаан хавтастай бланк дээр “Энэхүү Ч.Галсан “Их нүүдэл” хийхэд ямар ч саадгүй нэвтрүүл, бензин шатахуунаар ямар ч саадгүй ханга” тушаал гаргаад өгдөг юм байна. Тэр үед Улаанбаатар банканд хадгалуулсан мөнгөө авахад 70 хэлийн гурилын хоёр шуудай мөнгөө жинлэж үзэхэд 80 кг татаж байсан даа.
 
Да-хүрээ захаас цоо шинэ цэнхэр өнгиин 53 машин худалдаж аваад том хүүгээрээ жолоо бариулаад дундаа нэг буутай, найман залуу, нэг нохойтой 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдөр говь руу гараад өглөө. Уг нь 500 тэмээ авах ёстой байсан боловч ердөө 140 тэмээ л авдаг юм байна. Тэд Улаанбаатараас их мөнгөтэй хүмүүс ирсэн гэж мэдээд тэмээнийхээ ханшийг өсгөжээ. Уг нь урьд орой нь нэг тэмээгээ 20 мянгад өгнө гэж ярьж байсан хүмүүс өглөө нь тэмээгээ зарвал 60 мянгад л зарна гэв. Тэгээд л 500-г биш 140 тэмээ авсан хэрэг л дээ. Өнөө хэдэн тэмээчин залуус маань тэмээгээ туугаад явж байхад тэмээ гэдэг амьтан их сүрлэг сайхан харагдана. Би тэмээчин залуусдаа өдөрт зам хоногийн 500 төгрөгийн цалин бодож өгсөн. Тэгээд 5 сарын 10-ны өдөр Сэлэнгийн Алтан булгаас “Их нүүдэл” хөдөлсөн дөө. Тэр үед 130 айл нүүлгэсэн юм. “Их нүүдэл”-ээс өмнө би жилдээ 10 айл нүүлгэчихдэг л байсан юм. Би нэг айлд таван тэмээ өгнө. Энэ тэмээг та нарт бэлэглэж байгаа юм шүү. Нүүж хүрч очоод та нар тэмээгээ аваарай гэж хэлсэн. “Их нүүдэл”-ийн үед Монголын үндэсний сувгийн Ёолк, нэвтрүүлэгч Бямбаа нар сайхан нэвтрүүлэг хийж билээ. Бидний нүүдэл 62 хоног үргэлжилсэн. Ингэж л би амьдралдаа ганц хэрэгтэй юм хийсэн гэж боддог юм.
 
-Таныг Герман улсын хамгийн том одонгоор шагнуулж байсан гэсэн ямар шагнал хүртсэн юм бэ?
 
-ХБНГУ-ын “Холбооны гавьяаны загалмайн одон”-гоор шагнуулсан. Тэгэхэд Бундистайгийн орлогч дарга Антьефолмер доктор нэг үг хэлсэн юм. “Чинаагийн Галсанг Герман улс дээд одонгоороо шагнаж байгаа нь өнгөцхөн харахад энэ хүнийг шагнаж байгаа мэт боловч лавлан харвал Ч.Галсангаар Герман улс өөрийгөө шагнаж байгаа юм шүү” гэж хэлсэн. Жинхэнэ авьяасыг таньдаг байгалийн авьяасыг ойлгож мэддэг гэдэг утгаараа манай улсын нэр гарах юм гэж хэлж байсан юм.
 
-Та “Хөдөлмөр” сониныхоо 90 жилийн ойд уншигч олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлэх үү?
 
-Тэгэлгүй яахав. Юм унш, өөрийгөө цэнэглэ гэж хэлмээр байна. Ялангуяа “Хөдөлмөр” сонин бол элдэв төрлийн завхай , марзан юмаар хөөцөлддөг тийм гудамжны хэвлэл биш. “Хөдөлмөр” сонин бол Монголыг тэжээж байгаа нийт ажилтнууд тэр дундаа, малчин, хөдөлмөрчин ард түмний сонин юм. Үүнийг уншиж тархиа цэнэглэ, чөмгөө дундартал энэ улс орны төлөө ажилла гэж хэлэх байна даа.
 
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсд өндөр амжилт хүсье.
 
Т.Солонго
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин