sonin.mn
Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэн дэлхийн зэвсгийн зах зээлийн талаарх жил тутмын тайлангаа нийтэлжээ. Уг тайланд дурьдсанаар АНУ болон ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байна.
Дэлхийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ 2018 онд өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 7.8 хувиар өсчээ. Өнгөрсөн дөрвөн жилд дэлхийн улс орнуудад экспортолсон нийт зэвсгийн 75 хувийг АНУ, ОХУ, Хятад, Франц болон Герман улс нийлүүлсэн байна.
Харин АНУ болон ОХУ-ын экспорт дэлхийн зэвсгийн нийт худалдааны 57 хувийг бүрдүүлжээ. АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2014-2018 онд 29 хувиар өссөн бол дэлхийн зэвсгийн худалдаанд 36 хувийг эзэлсэн байна. Америкийн зэвсгийг 98 улс худалдан авч, экспортын 52 хувийг Ойрхи Дорнодын орнууд эзэлжээ. Тус улс ихэвчлэн байлдааны нисэх онгоц, далавчит болон ойрын зайн тусгалтай баллистик пуужин зэрэг өндөр технологийн зэвсэг худалдсан байна.
 
Мөн алсаас удирддаг бөмбөгийг их хэмжээгээр нийлүүлжээ. ОХУ-ын хувьд 2009-2013 онд дэлхийн зэвсгийн зах зээлийн 27 хувийг эзэлж байсан бол 2014-2018 онд энэ үзүүлэлт 21 хувьтай гарсан байна. Энэ нь Энэтхэг болон Венесуэл улсад нийлүүлдэг зэвсгийн хэмжээ буурсантай холбоотой аж. Оросын зэвсгийг дэлхийн 48 орон худалдан авсны 55 хувийг Энэтхэг, Хятад болон Алжирт экспортолжээ. Бүс нутгийн түвшинд экспортын 60 хувийг Ази, Номхон далай, 17 хувийг Африк, 16 хувийг Ойрхи Дорнод, 5.8 хувийг Европ, 1.4 хувийг Өмнөд болон Хойд Америкийн орнууд эзэлсэн байна. Франц болон Герман улсын зэвсгийн экспорт дурдсан хугацаанд 43 болж 13 хувиар нэмэгджээ. Харин Европын холбооны орнуудын зэвсгийн экспортын нийт хэмжээ 27 хувиар өссөн байна. БНХАУ-ын хувьд 2009-2013 онд зэвсгийн экспортын хэмжээгээ 195 хувиар нэмэгдүүлсэн бол дараагийн дөрвөн жилд ердөө 2.7 хувиар өсчээ. Харин жижиг экспортлогчид болох Израиль, БНСУ болон Турк улсын экспортын хэмжээ 60.94 болж 170 хувиар өссөн байна.
 
САУДЫН АРАБ ЗЭВСГИЙН ИМПОРТООР ТЭРГҮҮЛЛЭЭ
 
Ойрхи Дорнод болон Азид эрэлт нэмэгдсэнээр өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд зэвсгийн худалдаа хүйтэн дайнаас хойших хамгийн өндөр түвшинд хүрч нэмэгдсэн гэж тус хүрээлэнгийн албаны хүн онцлон тэмдэглэлээ. Тайланд мэдээлснээр, батлан хамгаалахын зардлын өсөлтөөр Энэтхэг Номхон далайн бүс нутагт эргүүлж, 226 тэрбум ам.доллар төсөвлөсөн Хятад нэг дор хамгийн их буюу 5.6 хувиар төсвөө нэмсэн улсаар тодорчээ. Энэтхэг улс цэрэг, батлан хамгаалах салбартаа 64 тэрбум ам.доллар зарцуулжээ. Ойрхи Дорнод зардлаа нэмж, бүс нутгийн батлан хамгаалах зардал 6.5 хувиар өссөн нь Ирак (22 хувь), Иран (19 хувь), Саудын Араб (9.2 хувь) зэрэг улсын батлан хамгаалах зардал нэмэгдсэнээс үүдэлтэй аж. Зэвсгийн импортоор эхний байрт Саудын Араб орсон байна. Тус улсын зэвсэг, цэргийн техник худалдан авалтын хэмжээ 2014-2018онд 192 хувиар өсчээ. Гурав дахь том импортлогч болох Египет улсынх 206, Израилийнх 354, Катар 225, Ирак улсынх 139 хувиар тус тус өссөн бол Сири улсын зэвсгийн импортын хэмжээ 87 хувиар буурчээ. Ази, Номхон далайн орнуудын зэвсгийн импорт 2014-2018 онд дэлхийн зэвсгийн нийт нийлүүлэлтийн 40 хувийг эзэлсэн байна. Энэ нь өмнөх дөрвөн жилийнхээс 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ бүс нутаг зэвсгийн импортоор эхний тавд Энэтхэг, Австрали, Хятад, Өмнөд Солонгос болон Вьетнам улс оржээ.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин