sonin.mn
Монголын Хуульчдын холбоо гэж төрийн мэдлийг хуваалцсан дархан эрхтэй Монголдоо ганц төрийн бус байгууллага байдаг юм.
Ийм байж өдрөөс өдрөөс өдөрт унан доройтож байгаа хуульчдынхаа нэрийг, эрх ашгийг хамгаалахгүй байна гэж “Зууны мэдээ” энэ холбоог шүүмжилсэн.
Бодит байдлыг байгаагаар нь л хэлсэн. Харин ч дутуудуулсан байж мэднэ.
Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд гэгч “Залруулга гаргах тухай” гэсэн албан бичгийг манай сонины газарт ирүүлжээ.
Зөрчлийн хууль сануулаад, араас нь “…Залруулга гарга” гэсэн байна. Хуульчдын холбооны тамгатай учир “тайлбар”-ыг нь уншаад үзэв.
Тэмээ гэснийг ямаа гэж хариулжээ. Манай сонины нийтлэлд хариулт болгож гурван хуудас, таван зүйлийн хариу тайлбарууд нь гэж өөрийнхөөрөө мушгиад л биччихсэн байна.
 
Ер нь бол Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нийт хуульчдын эрх ашиг, нэр хүнд унаад байгаа талаар тодорхой хариулсангүй.
Бас өөрийнхөө яг мэдэх ёстой “…Хуульчдын холбоо өөрийн гэсэн байртай болох хэрэгтэй гэсэн зорилт тавиад авах байраа ч сонгочихжээ. Тэр байр нь хотын төвд “E-Mart” худалдааны төвийн арын өндөр зэрэглэлийн үнэтэй оффисын барилгад нүүж орохоор төлөвлөөд байгаа юм байна. Бүтэн давхрыг тэр чигт нь худалдаж авах үнэ нь 2.4-2.5 орчим тэрбум төгрөг, өдгөө тус холбооны дансанд гишүүдийнх нь татварын 600-700 сая орчим төгрөг байгаа аж. Татварын хуримтлалаа өгөөд, ард нь тэрбум гаруй төгрөгийн өртэй үлдэхээр шийдчихээд байгаа тухай гишүүд нь ярьж байна. Хэрвээ тэр байрыг худалдаж авахаар гэрээ байгуулчихвал ирэх 10 гаруй жилийн татварын мөнгийг тэр өрөндөө өгнө гэсэн үг” гэж бичсэнд минь огт хариулаагүй байна. Учир нь Ц.Ганболд бол Хуульчдын холбооны Тамгын газрын дарга юм.
 
Тамгын газрын дарга гэснээс судлаад үзэх нээ, нэг ноцтой асуудал гарч ирэв.
 
Хуульчдын холбооны дүрмийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т Тамгын газрын даргад нэр  дэвшигч нь “санхүүгийн зохих түвшний мэдлэгтэй” хүн байх шалгуурыг тавьсан байдаг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү хулуь сануулж дарамтлаад байгаа Ц.Ганболд гэгч нь хуульч биш ч байж мэдэхээр байна.
Дээрээс нь Ц.Ганболд ингэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү бичиг илгээж дарамтлах эрх  бий эсэх нь эргэлзээтэй.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50.5-д “…Тамгын газрын даргын эрх хэмжээг Хуульчдын холбооны дүрмээр тогтооно” гэж заасан байна.
Харин Хуульчдын холбооны дүрмийн 6.6 дугаар зүйлийн 3.2-т Тамгын газрын даргыг “…Зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд Хуульчдын холбоог төлөөлөн гадаад, дотоодын байгууллагатай харилцах, гэрээ, хэлэлцээр байгуулах” эрхтэй болно гэж заажээ.
 
Тэгэхээр хамгийн түрүүнд Ц.Ганболд Хуульчдын холбоог төлөөлөөд бидэнд ийм сүрдүүлгийн бичиг ирүүлэх эрхтэй хүн мөн үү гэдэг асуулт гарч ирнэ.
Лав Хуульчдын холбооны Зөвлөлийн 30 гаруй гишүүн хуралдаад Ц.Ганболдод ийм бичиг явуулах чиглэл өгөх эрх зүйн ямар ч боломж эндээс харагдахгүй байна.
Энэ мэтчилэнгээр Тамгын газрын дарга Ц.Ганболдын бүх “хөдөлгөөн” Хуульчдын холбооны Зөвлөлийн зөвшөөрлөөр явдаг юм байна. Зөвшөөрөлгүй хийдэг ганц ажил нь “…Хуульчдын холбооны орон нутаг дах салбарыг зохион байгуулалт, мэргэжил, арга зvйн удирдлагаар хангах” гэж энэ холбооны дүрэмд заасан байгаа юм.
Нөгөөтэйгүүр Хуульчдын холбооны гишүүд Ц.Ганболдын бичсэнийг алга ташин дэмжээд, “Зууны мэдээ”-г Зөрчлийн хуулиар намнаад өг гэх нь юу л бол.
 
Яагаад гэвэл өнөөдөр хуульчдын нэр хүнд, эрх ашгийн төлөө Хуульчдын холбоо тун тааруухан ажиллаж байгааг нийт гишүүдийнх нь нэлээд хувь нь ярьдаг болоод удсан. Харин хуульчдын нэр хүндийг өмгөөлж Хуульчдын холбоо бус “Зууны мэдээ” сонин дуугарсан юм шүү.
Уг нь манай сонины хөндсөн сэдэв маш ойлгомжтой юм.
Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг Монголын ганц төрийн бус байгууллага мөн үү. Мөн.
Хэдхэн хүнээс болж хуульчдын нэр хүнд хөсөр унасан уу. Унасан.
Хуульчидтай холбоотой олон асуудал шил дараалан гарахад Хуульчдын холбоо дуу хоолой, байр сууриа илэрхийлсэн үү. Үгүй.
Хуульчдын холбоо гишүүдийнхээ одоо хуримтдагдсан татварын мөнгө, ирээдүйд авах татвар, бусад орлогоос Холбооны шинэ байр авах гэж байгаа талаар гишүүдээсээ санал асуусан уу. Асуугаагүй.
 
Байдал ийм л байгаа. Үргэлжлүүлсэн ч чадна. 
 
Гэтэл Ц.Ганболд энэхүү бичигтээ биднийг “…Мэдээлэл бодит бус, хэн нэгний захиалгаар, зөвхөн тодорхой нэг байгууллагыг харлуулах гэсэн” гэжээ. Энэ бол доромжлол. Хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаа, хэвлэн нийтлэх эрхэнд халдсан үйлдэл юм.
Тиймээс бид үүнийг зүгээр орхихгүй. Хуульчдын холбооны талаарх бүх талын мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд гүнзгийрүүлэн сурвалжилж хүргэхээ энэ дашрамд мэдэгдчихье.
 
 
 
 
Бас бидэнд бичиг ирүүлсэн Ц.Ганболд болоод Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан нарт “…Алдаагаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүү хай. Хуульчдаасаа л асуу” гэж зөвлөе. Бид ч дэмжээд өгье.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин