sonin.mn
2019-04-20-ны өдөр Налайх дүүрэгт Хятадын иргэний хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” ХХК-ний нүүрсний уурхайд компаний удирдлагын хариуцлагагүй ажиллагаа, санаатай гэхээр хууль зөрчсөн гэмт үйлдлийн улмаас нуранги үүсэж нэг хүн хүнд бэртэл авч 3 ажилчин нурангид дарагдан нас барсан маш ноцтой осол гарсан. Үүний улмаас ар гэр үр хүүхэд хань ижил, ах дүү төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй уй гашуу, нөхөж болшгүй хүнд гарз учирч гэр бүл үр хүүхдүүд нь өнчирч хоцорлоо. Мэргэжлийн хяналтын газраас энэ уурхайд 2019 оны 4-р сарын 09-ний өдөр шалгалт хийж, уурхайг ажиллуулж ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж уурхайг лацадсан байсан байна. Гэтэл 2019.04.12-ны өдөр уурхай удирдлагууд шалгалт дууссан, лацаа авсан, шалгалт дууссан гээд ажилчдыг дуудаж ажиллуулсан байна. Ингээд 2019.04.18-ны өдөр Бригадын дарга Оргил 1 дүгээр салаанд нуранги үүссэн тул ажилчдыг оруулахгүй байх саналыг компанийн удирдлагуудад гаргаж байсан байна. Иймээс 2019.04.20-ны өдөр ажилчид тус салаанд орох боломжгүй гэхэд “Эрдэнийн хөгжил” ХХК-ний хятад удирдлага \Халзан гэж дууддаг хятад хүн, Уурхайн дарга\ нар ажилчдыг орж ажлаа хийхийг шаардсан байдаг. Улмаар гус аюултай нөхцөл байдал үүссэн салаа руу 4 ажилчныг оруулсан бөгөед энэ үед нуранги үүсэж 1 хүн маш хүнд бэртэл авч 3 хүн нурангид дарагдсан. Энэ үед Хятад удирдлага, мэргэжилтнүүд бүгд зугтаачихжээ.
 
Компаний удирдлагууд уурхайн үйл ажиллагааг уурхайн техникийн үзүүлэлтийг хурлаар баталж байж Уурхай үйлдвэрэлийг явуулах ёстой байтал 2019 оныхыг батлаагүй, хурлаар хэлэлцэлгүйгээр ажилчдыг ажиллуулсан байна. 
 
Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ийм маш ноцтой гэмт хэрэг гарахад Налайх дүүргийн цагдаагийн газар маш хангалтгүй, хайхрамжгүй хандаж, шуурхай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийн бичиг баримт хураан авах, саатуулах зэрэг ажиллагагаа хийгээгүйгээс Уурхайн даргыг Монгол улсын хилээр гарч явах, гэмт хэргээс зайлсхийж ял завших боломж олгож, хохирогчдын хохирлыг барагдуулахад хүндрэл учруулсан байна. Цагдаагийн мөрдөгч, хяналт тавих үүрэг бүхий хяналтын Прокурор нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хам хум хэдэн хүн байцаагаад “хэргийн харьяалалыг тогтоолгох нэрийдлээр материалыг Улсын ерөнхий Прокурорын газар луу “шуудангаар” шилжүүлсэн бололтой. Хэргийн материал хаана байгааг ар гэрийнхэн нь олохгүй байсан тул өмгөөлөгч надад хандсан. Ингээд хэргийг сураглахад УЕП дээр хэд хоносон байсан. Уул нь Прокуророос гаргагасан журмаар бол харьяалалыг 24 цагийн дотор тогтоох ёстой байдаг. Гэтэл 10 гаруй хоног болсон нь ямар учир шалтгаантайг бид мэдэхгүй байна. Ингээд 2019.05.10 үед л харьяалалыг тогтоож Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн гэх, гэтэл одоо хүртэл Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Энэ нь нэг талаас хэргийг шуурхай шийдвэрлэдэг хойшлуулшгүй ажиллагааг шинэ Эрүүгийн хуулиар хязгаарласантай холбож болох боловч, хуулийн байгууллага ажилтнуудын хариуцлагагүй, энэ хэрэгт огт ач холбогдол өгөхгүй байтаа ноцтой үйлдэл, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа байдлыг зөвтгөх боломжгүй юм.
 
Иймд энэ асуудалд Шинээр томилогдсон Ерөнхий Прокурор болон Цагдаагийн удирдлага анхаарлаа хандуулж харуцлагагүй албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож, хэргийг нэн даруй эрчимтэй шалгаж шийдвэрлэх, хохирлыг барагдуулах ажиллагааг хяналтандаа авахыг мэдэгдэж байна.
 
Энэ мэт хариуцлагаггүй уул уурхайн компаниудыг шалгаж цэгцлэх, Монгол хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг батапгаажуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хяналтын тогтолцоог үндсээр нь өөрчилж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг эрх бүхий байгууллагуудаас шаардаж байна. Хэдий болтол Монголчууд Монголдоо боол болж амьдрах юм бэ эрх баригчид аа?
 

 

 

 

 

 

Ч.Анхныбаяр