sonin.mn
Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхийн аргагүй шороо байна мэтээр тайлбарлан бичлэг хийж сошиал орчинд тарааж буй зүй бус үйлдэл сүүлийн үед ихээр гарах боллоо. Борлуулалтын нэг цэгт бичлэг хийж гүүнийгээ бүх цэгүүд ийм байгаа мэтээр тайлбарлаж байгаад компанийн 700 гаруй ажилтан, албан хаагчид эрс эсэргүүцэж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК 450 гаруй иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээт цэгүүдийг байгуулан шахмал түлшээ хүргээд байна.
 
Тавантолгой түлш ХХК гэрээт цэгүүдэд 1тн-ын савлагаатай түлшийг 25 кг-ын шуудайнд савладаг. Гэрээт борлуулагчид маань гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сайжруулсан шахмал түлшийг шигшээд савлаж байна. Харин нунтгийнх нь жинг тооцоод үйлдвэрт буцаан тушаадаг. Ингэснээр хэрэглэгчид нунтаг хог очихгүй, гэрээт борлуулагч маань жингийн алдагдалд орж хохирохгүй гэсэн үг.  
 
Шахмал түлшийг савлахдаа бид шууд үйлдвэрлэсэн он сар, өдрийг тухайн өдөрт нь цаг минуттай нь тавьж байгаа. Одоо та бүхний харж байгаа шахмал түлш бол өнөөдөр өглөө хийсэн түлш. Үйлдвэрээсээ халуунаараа гарч ирдэг. Манай үйлдвэрийн үйл ажиллагаатай өчигдөр сэтгүүлчид газар дээр нь танилцаад явсан. Тэд энэ талаараа олон нийтэд мэдээллэх байх.
Ийм байтал Тавантолгой түлш ХХК-ийг иргэдэд нунтаг хог зарж борлуулан хохироож байна гэж сошиал орчинд мэдээлэл тарааж байгаа нь гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл төдийгүй манай компанийн ажилчдын өдөр шөнөгүй ажиллаж байгаа хөдөлмөрийг зориудаар үгүйсгэж байгаад бид харамсч байгаагаа илэрхийлмээр байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээг хэрэглээд сурчихвал бид олон жилийн турш ярьсан агаарын бохирдлын эсрэг тэмцэж болох нэг арга юм. Хэрэглэгчид хэрэглээгээ хянадаг байх, хамгийн гол нь эрүүл мэндээ агаарын бохирдлоос хамгаалах нь чухал байна. Мэдээж энэ асуудлыг зөвхөн манай компанийнхан дангаараа шийдэх боломжгүй бөгөөд энэ бүхэнд иргэдийн үүрэг оролцоо, эх оронч сэтгэлгээ чухал байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Бид хамтдаа агаарын бохирдлын эсрэг тэмцэхэд та бүхний сэтгэл, оюун чухал юм.
 
Цаашдаа бидний зүгээс компанийн үйл ажиллагааг сурвалжлан олон нийтэд хүргэхэд нээлттэй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Хэрвээ ямар нэгэн эргэлзээтэй зүйл байгаа бол Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэртэй танилцахад нээлттэй.
 
“Тавантолгой түлш” ХХК-ийн албан хаагчид, ажилчид