Нийслэл, хөдөө орон нутгийн иргэд хоолноос хордлого авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай сонсч байснаас биш уснаас хордлоо гэж дуулж байсангүй. Гэтэл хэдхэн хоногийн өмнө өндөр зэрэглэлийн тансаг хороолол “Саншин вояж”-ийн оршин суугчид олноороо ундны уснаас хордсон тухай мэдээллээ. Энэ нь нийслэл орчмын усны хангамж эрсдэлд орж эхэлснийг олон нийт, мэргэжлийн байгууллагад анхааруулсан томоохон сануулга болсон юм.
 
 
Уг нь Монгол Улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтууддаа “Хүн амынхаа 90 хувийг баталгаатай ундны усаар хангана” гэсэн том зорилт дэвшүүлсэн байдаг. Харамсалтай нь эмх замбараагүй байрласан гэр хороолол, зуслангийн айлуудын ариун цэврийн байгууламж (00), муу усны нүх зэрэг нь хөрсийг бохирдуулж, энэ нь газрын гүн дэх цэвэр усны судлыг “гэмтээж” байна.
 
 
Мөн сүүлийн үед барьж буй гоё нэртэй, тансаг хорооллуудын усны хангамжийг төвлөрсөн цэвэр усны шугамд холболгүй “амиа бодож, довоо шарлуулсан” гүний худгаар хангах гэж оролдож байгаа нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. “Саншин вояж" хороололд болсон үйл явдал үүний бодит жишээ бөгөөд нэлээд хүч хөрөнгө зарцуулсны эцэст Ус сувгийг удирдах газрын нэгдсэн сүлжээнд холбосон байна. Улаанбаатар хотын УСУГ-ын харьяанд 500 гаруй км урт цэвэр усны шугам сүлжээтэй боловч үүнээс алслагдсан, холбогдох техникийн нөхцөл нь бүрдээгүй орон сууцны хороололд өөрийн эх үүсвэр буюу гүний худаг гаргаж, ундны усаар хангахыг барилгын компаниуд эрмэлздэг бололтой. Энэ нь мэдээж хөрөнгө мөнгөтэй ч холбоотой. Нөгөө талаар нөөц ашиглаад усан хангамжийг шийдэхэд болохгүй эх газаргүй гэдгийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэлж байна билээ. Гагцхүү олборлож байгаа усыг маш гүнээс буюу хөрсний бохирдолд өртөөгүй газраас хийх нь чухал бөгөөд лабораторийн байнгын хяналт шинжилгээнд хамруулж, чанарыг тогтоох нь зүйд нийцнэ гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран саяхан зохион байгуулсан төв суурин газрын ус хангамжийн талаарх хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн хүмүүс онцгойлон анхааруулж байсан.
 
 
Улаанбаатар хотын ундны усны бохирдол, нөөцийг 2011 оноос хойш судалж буй Японы Чоогакүин" их сургуулийн Нийгмийн тогтолцооны судалгааны төвийн захирал, доктор, профессор Сато Хироши “Улаанбаатарын ундны ус дэлхийд ховорт тооцогдохоор цэвэр.
 
 
Гэвч 50 гаруй жил шинэчлээгүй, зэв идэж гэмтсэн дамжуулах хоолойгоор усаа түгээж байгаагаас маш их бохирдож байна. Мөн аж үйлдвэрийн хаягдал ч нөлөөлж байгаа юм. Дамжуулах хоолойгоо бүхэлд нь шинэчилж, бохирдсон усаа хөрсөнд шингээхгүй байхад анхаарах хэрэгтэй” гэж зөвлөж байжээ. Мөн уул уурхайн олборлолтыг хязгаарлах, усаа хамгаалах чиглэлээр хууль боловсруулан баталж, түүнийгээ хэрэгжүүлэхээс гадна иргэддээ усаа хайрлаж хамгаалах сэтгэхүй суулгах ёстойг анхааруулсан байдаг.
 
Манайхан цэвэр усыг даанч хайр гамгүй ашиглаж байгааг наад захын машин угаалгын газар юмуу айл өрхийн гал тогооны өрөө, бие засах газраас харж болно. Тэгсэн атлаа цэвэр усны цоргоноос гоожих усаа дахин цэвэршүүлж хэрэглэдэг нь бас л учир дутагдалтайг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тухайн иргэн өөрийн амьдрал ахуйд тодорхой хэмжээний эрдэстэй ус хэрэглэх ёстой атал хамаг “өнгөр”-ийг нь уусгаад хаячихдаг аж.  
 
Тиймээс ундны усны стандартыг 2018 онд шинэчлэн тогтоосон боловч хүний биед шаардлагатай олон төрлийн эрдсийг авч чаддаггүй, олны ярьдгаар “амьд бус” ус хэрэглэж байгаагаас иргэд, ялангуяа бага насны хүүхдүүд эрдсийн дутагдалд ордог байна. Энэ байдал гэр хороолол, хашаандаа худаг гаргаж ашигладаг айл өрхүүдэд цөөнгүй ажиглагддагийг мэргэжлийн судлаачид хэлдэг. Тухайлбал, нийслэлийн гэр хороололд зөөврийн ус түгээдэг 600 гаруй худаг байдаг бол иргэд өөрсдийн хүч хөрөнгөөр ухуулж гаргасан 1500 орчим гүний худгийг ашиглаж байна. Тэдгээрийн 300-д нь л жилийн турш усны нарийн шинжилгээг хийдэг тухай МХЕГ-ын улсын ахлах байцаагч Б.Баясгалан хэлж байлаа. Хяналт шинжилгээнд хамрагдсан дээрх тооны гүний худгийн 20 хувьд нь гэдэсний бүлгийн савханцар нянгын бохирдол илэрдэг болохыг албаны хүн ярьж байсан юм.
 
Нөгөө талаар гэр хороолол, зуслангийн айл өрхүүд хөрсний уснаас доош хангалттай гүнээс усыг олборлож чадахгүй, хажуу айлын жорлон, муу усны нүхнээс боломжийн зайд худгаа гаргадаггүйгээс шалтгаалан хөрсний бохирдолтой ус хэрэглэхэд хүрдэг байна. Уг нь стандарт ёсоор ундны усны хамгаалалтын бүс нь хааш хаашаа 50 метр газарт, хөрсний бохирдолгүй байх шаардлагатай байдаг юм байна.
 
Улмаар хашаа хороондоо гүний худаг гаргахдаа нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авах, худгийн усыг мэргэжлийн байгууллагын лабораторид шинжлүүлэх зэрэг зүй ёсны шаардлага байдаг ч иргэд үүнийг биелүүлэхгүйгээс өөрсдийгөө болон хойшч ирээдүйгээ “бохир” усаар ундаалсаар байгаа юм. Төр засаг, холбогдох байгууллагаас энэ байдалд анхаарал хандуулж, АНУ-ын Мянганы сорилын корпорацтай компакт гэрээ байгуулж, тус корпорацаас 350 сая ам.доллар, манай Засгийн газраас 110 сая гаруй ам.долларын санхүүжилт хийж, ундны усны чанарын судалгааны нэгдсэн сан байгуулахаар болсон юм билээ. Энэ ажлын хүрээнд Орхон, Дархан-Уул аймгийн ундны усны чанарын судалгааг хийж, нэгдсэн дүнг гаргаад байгаа бол Баянхонгор аймагт дээрх судалгааг үргэлжүүлж байгаа юм. Мөн нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ ажлыг эхлүүлж, ирэх онд бүх дүүргийн ундны усны эх үүсвэрийг хамруулахаар зэхэж байгаа талаар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн, дарга Ж.Батсуурь саяхан мэдээлсэн. Цаашдаа ундны усны эх үүсвэрийг хот хөдөөгүй нэмэгдүүлэх, нийслэлийн цэвэр усны шугам сүлжээ, гэр хорооллын ус түгээс цэгүүдийн тоог олшруулах, ариун цэвэр, халдваргүйжүүлэх ажлыг сайжруулах талаар их л юм хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэснээр иргэд уснаас хордож, эрүүл мэндээрээ хохирох явдал дахин бүү давтагдаасай гэж залбирах л үлдлээ.
 
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин