Миний бие уг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Хүрэлсүх сайдаа, “С” зөвшөөрлийн бичгийг бүгдийг нь хятад компанид авч өгөөд байгаа хүмүүсийг хяргаад өгөөч” гэсэн гарчигтай нийтлэлээр хууль бус бүх асуудлыг хүний нүдэнд харагдахаар тайлбарласан. Түүний дагуу ямар ч арга хэмжээ авагдсангүй. Хариуцсан яам нь, сайд нь үүнийг тоодоггүй юм шиг байна. Тийм болохоор Ерөнхий сайд танд хандаж байна. Монголын төр ингэтлээ дөжирчихөөгүй биз дээ...
 
“С” зөвшөөрлийн мафи
 
Мах комбинатад малыг араасаа дагуулж нядалгааны газар ордог ямаанууд, шилбүүр модоор цохиж нүдэн тууж оруулдаг хэдэн яргачид байдаг даа. Үүнтэй яг адилхан загвараар монгол компаниудыг хятад компаниудаар багалзуурдуулах нядалгааны газарт Зам Тээврийн “С” зөвшөөрлийн мафийн толгойлогчид дагуулан орж АТҮТ-ийн “С” зөвшөөрлийн бичгийг хуваарилдаг дэд захирал Ц.Эрдэнэчулуун нар шилбүүр модоор цохиж нүдэн тууж оруулдаг. Ядаж байхад яр гэгчээр, монгол компаниудыг машин болон жолооч нарынхаа мэдээллийг өг гэж АТҮТ шаардана.Жолооч нарынхаа мэдээллийг АТҮТ-д өгөнгүүт уг мэдээлэл хятад компаниудын гарт орчихсон байдаг.Тэдгээр хятад компаниуд АТҮТ-ийн нэгдсэн системд манай жолооч гээд бүртгүүлчихдэг.“С” зөвшөөрлийн бичиг авахын тулд тухайн компани жолооч болон машинуудаа АТҮТ-ийн нэгдсэн системд бүртгүүлэх шаардлагатай тул бүртгүүлэх гэхээр танай жолооч биш, хятад компанийн жолооч байна гээд бүртгүүлж болдоггүй. Арга хэмжээ авч өгнө үү хэмээн АТҮТ- ийн дарга, цэргүүдэд амаар болон албан бичгээр хандаад арга хэмжээ огт авахгүй, хариу ч өгөхгүй, хохь чинь тэр гэдэг. Энэ бол байж боломгүй, хүн итгэмээргүй зүйл мэт санагдах боловч Монголын нүүрс тээврийн компаниудын үйлийн үр гэмээр биеэр эдэлдэг хувь тавилан юм даа. Энэ бол “С” зөвшөөрлийн бичиг авахад тулгардаг том саадуудын нэг юм.
Монгол компанийн жолооч нарын мэдээллийг хятад компанид дамжуулдаг АТҮТ-ийн албатууд Мах комбинатын ямар ажилчидтай төстэй ажил эрхэлж байгаа нь ойлгомжтой харагдаж байгаа биз дээ.
Малыг Мах комбинатад нядалдаг бол Монголын нүүрс тээврийн компаниудыг АТҮТ-д нядалдаг.Малыг тогонд цохиулж нядалдаг бол Монголын нүүрс тээврийн компаниудын “С” зөвшөөрлийн бичгийг хуу хамж нэг бүрийг 600 000 төгрөгөөр хятад компаниудад өгөх замаар нядалдаг. Нядалгааны нэг загвар ашигладаг гэсэн үг.
Таван толгойн тээвэрлэлт эхэлж байх үед зөвхөн Монголын машинууд тээвэр хийж байсан. Гэтэл өнөөдөр “С” зөвшөөрөлтэй 15000 машин тээвэр хийж байгаагаас 300 нь монгол машин, бусад нь хятаД компанийн машин явж байна. Учир юунаас болж монгол машинуудын тоо улам бүр цөөрч Улаан номонд орохдоо тулан компаниуд нь одой хүн шиг даржин болоод хорвоогийн мөнх бусыг үзэх дээрээ тулж хятад компаниуд борооны дараах мөөг шиг олширч өндөр Гонгор шиг том болоод байна вэ, Монголын нутагт шүү, яав ийв гэвэл шалтгаан нь ердөө л ЗТХЯ, АТҮТ-ийн авлигачид.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд аа, та цэргийн хүн. Цэргийн хүнд арай ойлгомжтой байдлаар тайлбарлавал, Халх голын төлөө дайсантай эрэгчин эмэгчнээ үзэлцэн улайрчихсан байлдаж байхад чинь арын албанаас хүргүүлсэн хоол хүнс, зэвсэг техник, буу сумыг ирэх бүрт нь хулгай хийгээд дайсанд чинь хүргэж өгөөд байвал та яах вэ, айн.Мөн та нарын тоо, байрлал зэргийг тухай бүрт нь дайсанд чинь мэдээлээд байвал та ямар үр дүнд хүрэх вэ.
 
 
 
Өнөөдрийн байдлаар албан тушаал, эрх мэдлээ ашиглан хийдэг хулгайн гол онцлог гэвэл монгол компани болон хүнд заяагдсан боломжийг булааж хятад компаниудад өгч тэдэнд давуу эрх олгон түүнийхээ хариуд хахууль авдаг. Жишээлбэл, олон улсын нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийг монгол компаниудаас булааж хятад компаниудад зарах, цаашилбал мах экспортлох, ноос ноолуур, түүхий эд, ашигт малтмал, шатахуун олборлох эрхийг өгч хариуд нь хахууль авч байна.
 
 
 
Монголын нүүрс тээврийн компаниуд “амьсгал хураажээ”
 
Баримт №1
 
Монгол компаниудад “С” зөвшөөрлийн бичиг авлигалаар өгөх, эсвэл зарахад баригдах өндөр эрсдэлтэй учир улирал бүр олгодог 6000-н ширхэг “С” зөвшөөрлийн бичгээс дөрөвдүгээр улиралд 5700-г нь хятад компаниудад зарж, 3.4 тэрбум төгрөг олж хэтэвчээ зузаалжээ, “С” зөвшөөрлийн мафийнхан.
 
Баримт №2
 
Энэ оны хоёрдугаар улиралд одоогийн УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн гэдэг эмэгтэй танай АТҮТ-ийн Г.Доржпалам гэдэг хүнд 110 000 $-ын авлига өгч, хятад компаниудад “С” зөвшөөрлийн бичиг дамлан зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Мянган зөвшөөрлийн бичиг бөөндөж авч байгаа учир 110 000$-оор өгч дээ гэж, би ойлголоо. Зөв ойлгож уу, би.Олон жил “С” зөвшөөрлийн бичгүүдийг хамж хятад компаниудад өгөөд авлига авч мэргэшсэн ч гэсэн гэнэдэж дээ. Үүнийг “С” зөвшөөрлийн мафи аргалаад зүгээр өнгөрнө биз.А.Адьяасүрэн ч том “ар”-тай учраас ял эдлэхгүй, УИХ-д сууж байна.
Тавантолгойн 15000-н машинд улирал бүр 6000 зөвшөөрлийн бичиг тарааж байгаа юм бол хар ухаанаар бодоход хоёр машин тутмын нэгд “С” зөвшөөрлийн нэг бичиг ногдох ёстой. Цэвэр монгол компаниуд дундаа хамгийн том болох 200 орчим машинтай манай “Аз транс” ХХК-д 12 ширхэг “С” зөвшөөрлийн бичиг хуваарилчихаад, Хятадын захын “Эм Си Пи Эл” ХХК-д 209-н ширхэг, ХЕРОЕСВИН ХХК-д 287-н зөвшөөрлийн бичиг олгож байгаа нь цаана ямар учиртай нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Яасан бэ нөхөд өө, яагаад Монгол компаниудыг үзэн ядаж, ялгаварлан хясаж, хятад компаниудад илт давуу байдал байнга үүсгээд байдаг юм гэж асуусан. Саяхан шалгахад дулаан граж байхгүй учир эрсдэл өндөртэй компани гэж үзэн цөөн зөвшөөрлийн бичиг олгосон гэв.Нэг нь 40 метр урт шаланз машины дулаан граж гэж энэ дэлхий битгий хэл энэ нарны аймагт лав байхгүй. Тэр тусмаа Таван толгойд нэг ч дулаан граж байхгүй.Говьд ийм том машинд зориулсан дулаан граж ер нь тийм чухал уу. Төмөр зам тавигдаж дуусахаар нүсэр хог болж үлдэнэ шүү дээ. Гэтэл адилхан дулаан гражгүй монгол компани эрсдэл өндөртэй, хятад компани эрсдэл байхгүй болж таарч байна. Тэнэглэл, хулгай, хээл хахууль ердийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болсны нэгэн тод жишээ наад зах нь энэ юм.
“С” зөвшөөрлийг тойрсон тэнэглэл, авлигал хээл хахууль бол удаан хугацаанд оршин байгаа архаг бронхит өвчин шиг зүйл л дээ. Тоо томшгүй олон сонин сэтгүүлд бичээд ч арга хэмжээ авдаггүй, АТГ, Тагнуул, Хууль хүчний байгууллагууд ч таг чиг.
 
 
 
ЗТЯ, АТҮТ-ийн авлигачид монгол компаниудын "С” зөвшөөрлийн бичгийг хуу хамж хятад компаниудад өгөх, энэ хорвоод огт биелэх боломжгүй зүйлс шаардаж, ажил хийлгэхгүй, баруун солгойгүй байнга шалгаж, хяхаж боосоор байгаад Таван толгой дахь монгол компаниуд амьсгал хурааж, амьд үлдсэн цөөхөн хэд нь хэвтэрт орж, сэхээний тасаг руу шилжжээ.
 
 
 
ЗТЯ-ны бүлэглэл мөнгөний өмнө бөхийн, улс эх орноо худалдаад дуусах шатандаа оржээ
 
Авлигачид нэг “С” зөвшөөрлийн бичгийг 600 000 төгрөгөөр зарснаар улсад болон монгол компаниудад ямар их хохирол учруулж байгаагаа ойлгоосой. ЗТХЯ, АТҮТ огт байхгүй байсан бол Улсын төсөвт тусгасан 42 сая тонн нүүрсийг 15000 монгол жолооч өөрийн машинаар ЭТТ- Цагаан хад-Ганц мод гэсэн замаар тээвэрлэн, жилд 1.2 тэрбум америк доллар буюу 3.5 их наяд төгрөгийн хөлс аваад явж байх байлаа. Жил бүр шүү дээ. Гэтэл авилгачид 13 тэрбум төгрөгийн авлигал авч монголчуудын боломжийг бүрэн хаачихаад, хятад компаниудад нүүрс тээврийн эрхийг бүрэн алдчихаад, үг дуугарах эрхгүй болчихсон сууж байна. Бузрын авлигачдын гайгаар Зам тээврийн салбарын монгол компаниуд амьсгал хурааж, салбарын удирдлага нэртэй нөхдүүд гадны компаниудын атганд ороод дууслаа. ХАА гэх мэт бусад салбарт бас ийм эмгэнэлтэй байдал бий болж байгаа юм биш биз гэсэн айдас төрж байна.
Монголоос Хятад улс руу нүүрс тээвэрлэхийн тулд машин бүрийг ачаагүй хоосон байдлаар Хятадын “Ганц мод” боомтод оруулж, Хятадын МХЕГ, Замын цагдаа, Авто тээвэр,Гаалиас зөвшөөрөл авдаг.
Үүнийг “Хятадын талын бүрдүүлэлт хийлгэж байна” гэж ярьдаг.Энэ бүрдүүлэлтийг хийлгэхийн тулд Монголын талаас “С” зөвшөөрлийн бичиг нааж орох шаардлагатай. Харин ЗТЯ, АТҮТ зэрэг газрууд бүх “С” зөвшөөрлийн бичгийг Хятад компаниудад өгчихөөд монгол компаниудад өгөхгүй хясан боогдуулдаг. Ингээд нүүрс тээвэрлэх эрхтэй монгол машин байхгүй болж, өмнө бүрдүүлэлт хийлгэсэн машинууд “С” зөвшөөрлийн бичиг олдохгүй байснаас хагас жил Хятад руу ороогүй бол хийлгэсэн бүрдүүлэлт нь хүчингүй болдог. Монголын бүх төрлийн зөвшөөрлийг хятад компаниуд өөрсдөө очоод, нэг өвөр монгол нөхөр ах аа, эгч ээ болоод хийлгээд авчихдаг. Харин Хятадын талд монгол компаниуд гаалийн бүрдүүлэлт, авто тээвэр, замын цагдаа, мэргэжлийн хяналтын зөвшөөрөл зэргийг заавал хятад компаниар дамжуулж мөнгө төлж гуйж гувшин байж хийлгэдэг. Монгол компаниуд өөрсдөө хийлгүүлж болохгүй. Одоогоор бүрдүүлэлт хийж өгөх эрх бүхий гурван хятад компани Танц мод”-нд байдаг. Сүүлийн үед зөвхөн контейнерээр нүүрс тээвэрлэх зориулалттай, давхар чиргүүлтэй шинэ машинуудад л бүрдүүлэлт хийнэ.
 
Нүүрсийг задгай ачдаг, эсвэл хуучин машинуудад бүрдүүлэлт хийхгүй болсон. Хятадууд манай АТҮТ-д хахууль өгөөд “С” зөвшөөрлийн бичгийг дураараа олж чаддаг тулдайн болох гэж байгаа юм шиг “Цагаан хад”-аар дүүрэн, хилийн цаана Ганц мод”-оор пиг дүүрэн, давхар чиргүүлтэй шинэ хятад машинууд нүүрс тээвэрт орохоор оочерлоод зогсож байна.
 
Нөгөө шинэ машинд хятадын бүрдүүлэлт хийж өгөх эрхтэй гурван хятад компани маань тодорхой тооны машинд л бүрдүүлэлт хийж болохоор квоттой болжээ. Нэгэнт квот буюу бүрдүүлэлт хийж болох машины тоо хязгаартай болсон тул “Цагаан хад-аар дүүрэн, хилийн цаана -Ганц мод-оор пиг дүүрэн давхар чиргүүлтэй шинэ машинууд бүрдүүлэлт хийлгэхээр оочерлоод зогсож байгаа тул эхлээд зөвхөн өөрсдийнхөө машинуудад хийнэ. Монгол хүний хувьд мөнгө нь байгаад, давхар чиргүүлтэй шинэ машин худалдаж аваад ч одоо бүрдүүлэлт хийлгэж чадахгүй, нуүрс тээвэрт орж чадахгүй болж байна. Арай гэж түрүүлж давхар чиргүүлтэй шинэ машин худалдаж аваад Хятадын бүрдүүлэлт хийлгэчихсэн гарын арван хуруунд багтах цөөхөн монгол хүний машин яаж ийж байгаад “С” зөвшөөрлийн бичиг олж аваад одоо тээвэр хийгээд явж байна.Гэлээ ч гэсэн бүрдүүлэлт хийх эрхтэй гурван хятад компанийн квотын тоо дуусаад ирэхээр, тэдгээр цөөхөн монгол машинуудын бүрдүүлэлтийг хүчингүй болгоод, тэр квотоор өөрийнхөө машинд бүрдүүлэлт хийгээд явах нь тодорхой.
Манай компаниар бүрдүүлэлт хийлгэсэн учраас машинаа манай компанийн нэр дээр бүртгүүлж, манай нүүрсийг тонн тутмыг нь тэдэн юанаар зөө. Үгүй бол бид бүрдүүлэлт хийж өгөхгүй гэнэ. Ингээд миний машин хятад компанийн машин болж, хэлсэн үгээр нь бага хөлсөөр нүүрс зөөхөөс өөр аргагүй болж байна.
 
 
 
ЗТХЯ, АТҮТ-ийн авлигачид мөнгөний өмнө бөхийж, монгол компаниудын “С” зөвшөөрлийн бичгийг хятад компанид хуу хамж өгсөөр байгаад монголын компаниуд нутагтаа нүүрс тээвэрлэх эрхгүй болж хувирлаа. Одоо яах вэ, Ерөнхий сайд аа.
 
 
 
Нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд
 
Миний бодлоор “С” зөвшөөрлийн бичгийг хуваарилдаг  АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулууныг нэн даруй зохих байгууллагууд нь шалгах ёстой. Хэний захиалга, эсвэл дарамтаар ийм хуваарилалт хийдэг, яадгийг тогтоомоор байна. ТТ-н нүүрс тээврийн компаниудыг ямар хүмүүсийн компани болох, хэдэн машинтай, хэдэн “С” бичиг олгосныг сүүлийн хоёр жилийн байдлаар, улирал бүрээр жагсаалтыг гаргуулаад харах хэрэгтэй. Авлигын сүлжээний ерөнхий төрх тодрон гарч ирнэ. Монголын “С” зөвшөөрлийн мафитай хамтран монгол компаниудыг бүрэн шахаж гарган ТТ-н нүүрс тээвэрлэлтийг бүрэн эзэлж эрхшээлдээ оруулахаар нүүгэлтэн харлаад ирж байгаа Хятадын компаниудын шороон түмэн давхар чиргүүлтэй машинуудыг хязгаарлах шаардлагатай, номер дугаар шинээр олгохыг зогсоож, эзнийг тогтоож судлах шаардлагатай. Ерөнхийдөө, ЭТТ- Цагаан хад хүртэл цэвэр монгол компаниуд нүүрс тээвэрлэнэ. Цагаан хад-Ганц модны хооронд нүүрс тээвэрлэхдээ 50% нь монгол компанийн машинууд, 50% нь хятад компанийн машинууд тээвэрлэнэ гэсэн ерөнхий зарчмаар ажиллах шаардлагатай. Хятад улс шиг нүүрс тээвэртэй холбоотой бүх төрлийн бүрдүүлэлт, эрх олгох, номер дугаар авах ажлыг олон жилийн туршлагатай цэвэр монгол компаниар дамжуулан хийдэг болгох шаардлагатай байна. МХЕГ, Замын цагдаа, Авто тээвэр, Гааль дээр нэг ч Өмнөд монгол хүн “Ах аа, эгч ээ” гээд гүйгээд байж болохгүй.
Нүүрс тээврийн олон жилийн туршлагатай “Аэ транс” ХХК-д ч юмуу, нүүрс тээврийн компаниудын зөвлөлд ч юмуу, эсвэл бусад монгол компанид “С” зөвшөөрлийн бичгийг хуваарилах эрх өгөх хэрэгтэй. Компаниудын зөвлөлд өгчихвөл хоорондоо маргалдаад байж бас мэднэ. АТҮТ-өөс авлигалаар олгодог явдлыг бүрэн зогсоож авлигачдыг байх ёстой газар нь байршуулмаар байна. Хувийн компанид “С” зөвшөөрлийн бичгийг бусад компаниудад хуваарилах эрх өгөхөд харамсалтай байвал АТГ өөрөө хуваарилж бай л даа. Жаахан тэнэг л юм, гэхдээ биднээс хуу хамаад нөгөө талд зарчихдаг нь больчихвол дүүрч гэсэн аргаа барсан бодол хүртэл ингэж орж ирж байна.
Уг нь Хятадын компаниуд бүрдүүлэлт хийх эрхтэй байхад Монголын компаниуд “С” зөвшөөрөл олгох эрхтэй байж харилцан бие биеэ хязгаарлаж ашигтай ажиллана. Нэг тал нь акагаар зэвсэглэсэн байхад манай тал ямар ч зэвсэггүй улаан гараараа явж байвал махны машинаар машиндуулж байгаа юм шиг хяргуулаад л дуусна шүү дээ. 
Нүүрс тээврийн компаниудад шалгуулахгүй өнгөрөх нэг долоо хоног ч байхгүй. Ямар ч зорилго, учир утгагүй шалгалтаар мөнхийн дараастай. Цар тахал гээд бүх бизнес зогссон энэ жил ч ялгаагүй байнгын шалгалт. Бизнесээ хийх, өргөжүүлэх, шинэчлэх ямар ч цаг зав байхгүй. Хятад компаниуд манайханд хэдэн халтар зоос харуулахад бүгд бүлх залгисан нохой шиг нам болно. Төрийн бүх байгууллагууд бүгд МХЕГ болчихсон, шалгана дарамтална. Улаанбаатарын, Өмнөговь аймгийн, Цогтцэций сумын, Гашуунсухайт боомтын гэсэн дөрвөн төрлийн АТҮТ-өөс байнга шалгана, дөрвөн төрлийн цагдаа, дөрвөн төрлийн Замын цагдаа, дөрвөн төрлийн Гааль, төрөл бүрийн ЭТТ, төрөл бүрийн ГСАЗ-аас гээд байн байн шалгалт ирж тамлаж байна. Шалгаж байгаа газруудын нэрийг бичихэд л нэг нүүр дүүрч, уншсан та нарын толгой эргээд нойр хүрээд явчихна. Харин энэ бүгдэд шалгуулж, ийм хүнд залхаан цээрлүүлэлтийг тэсвэрлэн гарахад бид асар их хүч, тэнхээ, эрүүл мэндээр сайн байх шаардлагатай байдаг. Дүрэм журам нэртэй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмнуудыг нь урж, шатааж хаяад, хийх ажилгүй тэр хүмүүсийг ажлаас нь халаач ээ. Хөдөө туслах малчин хийлгээч, гудамжны хог цэвэрлүүлээч, хийх ажил зөндөө байна шүү дээ.
 
ЭТТ зөвхөн нүүрсээ л зарах ёстой. Гэтэл эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр “С” зөвшөөрлийн бичиг олгоход авлигалаас хуваалцахын тулд замын цагдаагийн ажлаас эхлээд аудитын ажлыг хүртэл хийдэг гээд бод доо.
 
Төрийн байгууллагуудын ажил үүргийн хуваарь тодорхой бус, нөхөртэйгөө унтахын тулд замын цагдаагаас зөвшөөрөл авч ирэх шаардлагатай байх жишээний гаж эмгэнэлтэй ч гэмээр, ичээд үхчихмээр юм байдаг. Үр дүнд нь ТТ-д нэг ч том шалаанз машины дулаан граж байхгүй байхад монгол компани эрсдэл өндөртэй, хятад компани эрсдэл байхгүй гэж гарна.Хувийн компаниудыг шалгалт нэртэй тэнэглэлээр залхаан цээрлүүлэхээ зогсоож, төрийн байгууллагуудын ажил үүргийн хуваарилалтыг оновчтой тодорхой болгох шаардлагатай байна. АТҮТ дээр өглөө очиход “С” зөвшөөрөл олгох хурал болоогүй, хэзээ болохыг мэдэхгүй гэж хэлдэг. Орой очихоор “С” зөвшөөрлийн бичгийг хулгайгаар хуваагаад өгчихсөн гэж сонсогддог. Төрийн байгууллагын үйл ажиллагаа нууцаар хулгайгаар хийгддэг болсон.
Дөрөвдүгээр улирлын “С” зөвшөөрлийн хуваарилалт нэртэй авлигал хээл хахуулийн ажлыг нэн даруй таслан зогсоож, хүчингүй болгон, авлигачдад арга хэмжээ авна уу. АТГ, Тагнуул, Хууль хүчний байгууллагынхан ажлаа хийж, дахин улс оронд ийм гайтай, нөхөгдөшгүй хохирол учруулсан хэрэг гарахгүй байхыг анхаарна уу. Эхэлж монгол компаниуд “С” зөвшөөрлийн бичгээ хүссэн хэмжээгээрээ аваад, үлдсэнийг нь гадны компаниудад хязгаартай олгох ёстой. Ямар ч улс тэгж хандана. Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, өөрийн эдийн засгаа дэмжих арга билээ.
 
Эрхэм авлигачид аа, бодол чинь богино байна
 
Ер нь ний нуугүй ярихад, Монголын төрийн байгууллагуудын амбиц бол дотоодын компаниудтайгаа хамтарч ажиллан, бүх талаар дэмжин туслах явдал. Эргээд тэдгээр компаниуд хөл дээрээ босч улс орноо авч явах явдал шүү. Засгийн газар хэр зэрэг сайн ажилласан бэ гэдгийг өөрийн ард иргэд, компаниудад хэр зэрэг боломж шаанс олгов гэдгээр нь үнэлнэ.
 
 
 
Монгол компаниудыг бүх талаар дэмжин туслах болохоос биш ажил хийлгэхгүй, шалгалт нэртэй тэнэглэлээр залхаан цээрлүүлж, авлига горьдон хясан боох биш шүү. Эрхэм хүндэт авлигачид аа, Монгол улсын эрх ашигт нийцэн ажиллаж амьдар. Бодол чинь маш богино байна шүү. Эргээд өөрсдөө боомилуулав. Монгол Улсын гадаад өр 30-н тэрбум америк доллар болсон гэж байгаа. Би компанийн захирал хүний хувьд төр засагтайгаа нягт хамтарч ажиллан, дэмжүүлж байгаад тэр өрийг нь төлчихье гэсэн мөрөөдөл байдаг.
 
 
 
Тэгвэл төр засаг ард түмэн маань яасан их баярлах бол гэж хааяа боддог. Үнэндээ 30-н тэрбум доллар гэдэг бол тийм дааж давшгүй их мөнгө биш, нэг компанид л байдаг мөнгө.Би идэхээс өөр ид шидгүй хөдөөний шоохууз байж байгаад, улс орныхоо нэр сүр, хөрөнгө мөнгөөр гадаад дотоодгүй сурч боловсрон, өдий зэрэгтэй сайхан амьдарч явна. Одоо улс орондоо нэмэр болж, үр ашгаа өгөх цаг болсон. Улс орны хүчин чадлыг үндэстэн дамнасан корпорациуд тодорхойлж байгаа юм бол энэ улсаас яагаад үндэстэн дамнасан корпораци гарч ирж болохгүй гэж. Гэтэл төрийн нэр барьж, монгол компаниудын боломжийг булаан авч, гадны компаниудад өгч, эх орныхоо дайсан мэт сүйтгэдэг хэн бэ, та нар. Үр хүүхдүүд чинь хаана амьдрах юм. Еврейчүүд эх оронгүй болчихоод хаа байгаа газраа гадуурхагдаж, доромжлуулж, хядуулж, яаж тамын амьдралаар амьдарч байлаа даа. Ирээдүйд тийм хувь тавилан руу явах гээд байгаа юм уу. Дахин хэлье, та нарын бодол чинь богино байна шүү.
 
"АЗ ТРАНС" ХХК-ИЙН ЗАХИРАЛ ЖОРЖ