sonin.mn


Дэлхий нийтэд "цагаан тахал" гэж нэрлэгдэж байгаа хар тамхитай холбоотой хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ хэрэгт холбогдогсод улам бүр хүрээгээ тэлж, насны хувьд ч залуужиж байна. Монгол улс хар тамхины гол дамжуулагч бааз, тээвэрлэгч боллоо, хар тамхины мафи хүртэл байгуулагдаж байна гэдэг түгшүүрт мэдээ аль хэдийнэ цацагдав. Тиймээс бид УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Давгасүрэнтэй уулзаж ярилцсан юм.

-Монголд хар тамхи аюулын харанга дэлдэж эхэлсэн. Дэлхий нийтээр хэрэглэгдэж буй хар тамхины хэдэн төрөл монголд орж ирээд байна вэ?

-Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, хууль бусаар хилээр нэвтрүүлэх болон тариалах ба түүж, боловсруулах явдал сүүлийн жилүүдэд эрс өсөх хандлагатай байна. Хар тамхины наймаачид хэрэглэгчдийг бий болгох үе шат явагдаж байна гэж дүгнэж болохоор байна. Олон улсын туршлагаас харахад үүний дараа хэрэглэгчдийг мансууруулах бодисоор хангах буюу хууль бус эргэлт, байнгын зах зээлийг бий болгох аюул нүүрлэж болзошгүй юм.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд дан ганц улс орны тухайд ойлгох нь өрөөсгөл. Гадаад улс орнуудад хэрэглэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис их бага хэмжээгээр манай улсад орж ирсэн бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж шалгагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаад байна.

-Хар тамхины хэрэглэгчдийн тоо, насны ангилал ямар байна вэ?

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтэн яллагдагчдыг насаар нь ангилж үзвэл өсвөр, дундаж насныханыг илүү хамарч байгаа.

-Тухайн төрлийн гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, ихэнх тохиолдолд нуугдмал гэмт хэрэг байдаг учир илрүүлэлтийн хувийг ярих боломжгүй юм. Сүүлийн гурван жилийн байдлаар Цагдаагийн байгууллагад 2009 онд 39 холбогдогчтой 8 хэрэг, 2010 онд 75 холбогдогчтой 15 хэрэг, 2011 онд 132 холбогдогчтой 26 хэрэг, 2012 оны эхний 3 сарын байдлаар 30 холбогдогчтой 9 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээр тоон үзүүпэлтээс харахад жил бүр энэхүү гэмт хэрэгт холбогдогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Хар тамхитай тэмцэхийн тулд цагдаагийн болон бусад хууль хяналтын байгууллага тус тусын хүлээсэн чиг үүргийн хэмжээнд    ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Ихэвчлэн хаагуур ямар орчинд хэрэглэж байгаад баригддаг вэ?

-Хар тамхийг найз нөхдийн хүрээнд болон нуугдмал орчинд хэрэглэж байгаа. Тиймээс илрүүлэхэд нилээд төвөгтэй байдаг.

-Хар тамхинд донтогчидын дунд сүүлийн үед насанд хүрээгүй охид өртөх болсон байна. Энэ ямар шалтгаан нөхцөлтэй байна вэ?

-Сүүлийн үед насанд хүрээгүй охид хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан тохиолдол бүртгэгдэж байгаа. Үүнийг эцэг, эхийн хараа хяналт, хувь хүний ухамсар, хүмүүжилтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй. Иймд эцэг эхчүүд болон сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид дээрх байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

-Манай улсад хар тамхи сүүлийн үед аль хилээр орж ирэх нь давуу байна вэ? Гадаадын иргэд тээвэрлэгч болж байгаа юу? Аль эсвэл монголчууд өөрсдөө зөөвөрлөж байна уу? Илрүүлэгч тоног төхөөрөмж хангалттай тавигдсан өнөөгийн нөхцөлд ямар шугамаар яаж орж ирээд байна вэ?

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хууль бус эргэлт нь улс үндэстэн дамнасан, зохион байгуулалттай шинжтэй байдаг учраас гадаад дотоодын иргэд холбогдон шалгагдаж байгаа. Тухайн бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйл явцыг гаалийн байгууллага хяналт шалгалт хийдэг, хилээр зорчиж буй зорчигчийн бие, ачаа тээшинд шалгах, илрүүлэх, тоног төхөөрөмж гаалийн байгууллагад ашиглагддаг. Манай цагдаагийн байгууллагын хувьд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлэх тодорхой төрлийн тестэрүүд ашиглаж байгаа. Цаашид тоног төхөөрөмжийг сайжруулах,    алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр ажлаа зохион байгуулж ажиллахаар телвөлөж байна.

-Хар тамхи наймаалдаг хүмүүсийн тоо ч эрс нэмэгдэж байгаа. Хар тамхийг ямар үнэ ханшаар зардаг юм бэ?

-Ер нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хувьд өндөр өртөгтэй байдаг учраас энэ асуултанд дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй юм. Нэгдсэн үндэсний байгууллагын "Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал эрхлэх алба"- наас дэлхийн улс орнуудын хар тамхи, мансууруулах төрлийн бодисын    шүүхийн байгууллагад ашиглагдах жишиг үнэлгээг тогтоосон байдаг. Үүнийг манай хөрш хоёр орны хувьд дэлгэрэнгүй гаргасан байдаг бөгөөд манай улсын хувьд ч тодорхой төрлийн бодисын жишиг үнэлгээг НҮБ-аас тогтоосон байгаа. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис нь өөрийн эргэлтээсээ хамаарч үнэ ханш нь хэлбэлзэж байдаг бөгөөд судлаачдын үзэж байгаагаар мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа улс орон, газар нутагт үнэ ханш нь өсч байдаг гэж үздэг юм билээ.

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ цагдаагийн байгууллагаас авч байгаа юу?

-Цагдаагийн байгууллага нь хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийнхээ дагуу энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлж байна. Цаашид мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргасан судалгааны үндсэн дээр мансууруулах сэтгэцэд    нөлөөлөх бодис зэрлэгээр ургадаг газар оронд устгал хийх ажлыг үргэлжүүлэн хийх, ард иргэдэд анхааруулга санамж өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хор хөнөөлийг таниулах зэрэг олон төрлийн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

-Харангын Лхагвасүрэн, "Дижитал" зэрэг олон хамтлаг дуучид хар тамхины хэрэгт холбогдсон. Яагаад урлагийнхан энэ хэрэгт илүү их өртөөд байдаг юм бол?

-Энэ төрлийн гэмт хэргийг дан ганц урлагийнхантай холбон авч үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Цөөн тооны олонд танигдсан урлагийнхан холбогдон шалгагдсанаар ингэж ойлгож болохгүй. Манай улсын урлагийн салбарт мэдлэг, ур чадвар сайн олондоо танигдсан хүмүүс их байдаг. Тэдний дунд бидэнтэй хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран оролцож, тэмцэхээр санаа бодлоо илэрхийлээд байгаа хүмүүс ч бий.

Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын аюул занал манай улс оронд төдийгүй дэлхийн хүчирхэг улс гүрнүүдийн өмнө ч хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Айл гэр, улс үндэстэн, нийгэм эдийн засгийг бүхэлд нь доройтуулах, хамгийн аюултай аюул занал, хор хөнөөл гэдгээ таниулаад байна. Энэ төрлийн бодисын хэрэглээ, хамааралд орсон тохиолдолд эмчлэгдэх магадлап дөнгөж 0,5-0,7 хувьтай байдаг.

Өөрөөр хэлбэл эмчлэгдэх магадлал асар бага гэсэн үг юм. Иймд иргэн бүр мансууруулах төрлийн бодисоос сэрэмжилж, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж байх нь бидний ирээдүй, хойч үедээ оруулж байгаа асар их хувь нэмэр юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: "Тэргүүн" сонин