sonin.mn

-“Гэрлийн өргөө”-ний Хар соно зайрангийн онгодтой хөөрөлдөөд төрсөн эргэцүүлэл-


Тэнгэр шүтлэгийн талаар системтэй ойлголттой болоход дотоод гадаадын олон эрдэмтдийн судалгааны бүтээлээс гадна бөөгийн олон онгодтой хөөрөлдөж ирсэн минь маш их дэм болсон. Хамгийн сүүлд “Гэрлийн өргөө” бүлхэмийн Хар соно зайрангийн онгодтой хэдхэн хоногийн өмнө арав гаруй гэрчтэйгээр хөөрөлдөв. Бурхан Халдун хайрханы төрийн тахилгад бөө нар оролцох тухай мэдээ сонсоод түүний буулгасан айлдвараас цөөн заримыг хэрэг болуужин хэмээн эшлэн тайлбарлая.


“Үйлээ хэрхэх вэ гэдгээс урдаар өөрөө хэн бэ гэдгээ бултаараа нэг харчихвал илүү аятай санагдах юм. Төрдөө үнэлэгдэх олбог гэж харвал нэгэн гарагийн үйл, нэгэн цагийн дурсгал болж үлдэнэ. Үйлийн суурь гэж залгавал нэгэн цагийн эхлэл болно. Үйлийн залгамж гэж харвал нэгэн өвийн үргэлжлэл болно” хэмээн тэрбээр ярианы эхэнд өгүүлэв.


Энэ удаагийн төрийн их тахилга нь ерийн үйл биш, Төрийн тахилгыг бөөгийн ёсоор үйлддэг байсан эртний уламжлалыг шинээр сэргээсэн эхлэл, урьд өмнө угаас байсан төрт ёсны үргэлжлэл гэдгийг олон бөө нар эхлээд ойлгож ухамсарлах хэрэгтэй гэдгийг онгод ийнхүү тодлов. “Төр хайрхнаа тайж тахиж байгаа болохоос аль нэг угсааны хэн нэгэн шидтэн, отог тугийг хэзээ ч төр сүлдний оройд залдаггүй. Хурж нэгдэж, сүлдэн доороо тугаа залан байж л эвлэх орон зайгаа олж эв эеийг барьдгийн учиг энэ. Өөрийн ёсыг дээдэлж барвал (чадаж байвал) өрөөлийн ёсонд халддаггүй юм. Өөрийн бодолд үнэнч байвал өрөөлийн бодолд төөрдөггүй юм. Сөргөлзөж үгүйсгэнэ ээ гэдэг яавчиг цагийн өнгө аясыг харсан нэгний үйлдэл бус. Үйл арвин, засал их ч өргөх үйл илүү эрхэм чухал” гэж хэлсний цаана Төрөөс хийлгэж байгаа үйлэнд угсаа гарвал, жалга довын асуудал бүү ярь, төрийн сүлдэн дороо нэгдэж, эв эеийг эрхэмлэж, төр түмнийхээ сүлд хийморийг Тэнгэрт мэдүүлэн өргөх ганц үйлийг л илүү эрхэмлэ гэсэн утга тодорхой аж.


Энэ удаагийн төрийн тахилгад монголчуудын язгуурын бөөгийн, уламжлалт бурханы шашны төлөөлөл хамтдаа оролцох гэж байгааг дуулгавал: ”Өөр өөр зан үйлтэй ч нэгэн Бурханы дор ижилдэн жагссан хувраг номтон, хувилгаан шидтэн, уншлага тарнитангууд болоод Мөнх хөх тэнгэрийнхээ дор бөө гэж бөөгнөрсөн дэмч, домч, засагч, хар цагаан өөр өөр үйлтэн, өнгө өнгийн хуягтнуудыг адилтгаад үзвэл адилтгалтай ч зааглаад харвал завсартай. Тэгвэл монгол төрийнхөө доор хуягтан болоод хувилгаантангууд хайрхан уулаа бараадаж зонтой олны сэтгэлд хамтаар хурайлах нь хөг шүү дээ. Хурах зон олны хүсэх сэтгэл нь чухал болохоос судар тарниараа даллана уу, хэц уналгаараа хөглөнө үү гэдэг удаах үйл. Эл үйлээ эрхэмлэн харж барж байгаа бол магадгүй цагийн өнгө аясаа дүүргээд ажиж байгаа байх нь” хэмээн хариу өгүүллээ. Төр улс, ард зон нэг сэтгэлтэй, нэгдмэл хүчтэй байхын тухайтад шашин болгон харшлах шалтгаан үгүйгээр эрх тэгш оршиж, үйл бүхэн нь зориулагдах учиртай гэдэг нь Тэнгэр үзлийн цөм санаа гэдгийг ийнхүү Онгодын үг нотлох аж.


Хар соно зайрангийн онгод бөө нарт хандан: “Мандах төрөө өрдөж босгосон нь бид, мөхөх төрөө дагаж гуньсан нь ч бид. Энтээ цагтаа мөргөх сүлдээ хөглөж, өчиг тангаргаа биелүүлж, итгэл сэтгэлээ хөглөж, үг зүтгэлээ гаргах нь бас л бидний үйл шүү дээ” гэж захиад “Уулс хэдий өндөр ч үүлс түүний оройд бий. Үүлс хэдий дээр ч одод түүний дээр бий. Одод хэдий оройд ч огторгуй түүний цаана нь бий. Тэргүүн хэчнээн оройд ч тооноо давахгүй. Тооно хэдий өндөр чиг сүлдээ давахгүй. Сүлд хэдий оройд ч төрөө давахгүй. Тэгэхээр цагаан сэтгэлээ дэвсэж, харын бодлоо дарж, эвлэх жаягаа урдаа тавих учиртай. Бүлээ бодоогүй цагт биеэ засаж бардаггүй. Төрөө бодоогүй цагт бүлээ тэгшилж дийлэхгүй.


Тэнгэрээ бодоогүй цагт төрөө ариусгаж бардаггүй” гэж монголчуудын эрхэмлэж ирсэн үнэт зүйлийн мөн чанар, хувийн эрх ашгийг хамгийн сүүлд эрэмбэлэхийн учир, Тэнгэрээ дээдэлж, уул хайрхны тайж тахиж, гал голомтоо эрхэмлэхийн утгыг цөөн үгэнд хураан өгүүлэв.


Мөн энэ бол зүгээр нэг уул хайрханд очиж бөөлж байгаа төдий үйл биш, зөвхөн Монголын төлөө ч үйл биш, харин хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйл гэдгийг тайлбарлахдаа “Алтан ургийн их хаад зөвхөн Монголын төлөө оршсон бол Их Монгол бий болохгүй байсан. Сэтгэлдээ орчлонг багтааж, бодолдоо огторгүйг дүрсэлж барсан (чадсан) учраас их хааны их мөр үүдсэн” гэдгийг сануулав. Үүний цаана өнөө цагийн хүн төрөлхтний эрээд байгаа амар амгалан, аз жаргалтай амьдралын гарц шийдлийг чинь оршихуйн үндэс газар дэлхийгээ хайрлаж, орчлонгийн жамыг мэдэгч Мөнх тэнгэртэй харьцаж чаддаг хөх толбот монголчууд зааж өгч мэднэ гэх утга уншигдана.


Төрийн үйлд зүгширсэн онгодууд энэ мэтээр холыг харж, уужим сэтгэж, ухааруулж сургадаг нь бахдам билээ. “Гэрлийн өргөө”-гийн Хар соно зайрангийн онгод: “Хайрхад болгоны жаяг нь өөр. Одод болгоны өнгө өөхөн. Цаг болгоны домог өөхөн. Хүмүүн болгоны хүсэл ялгамжтай.


Гэрэл нэгэн хурах цагт сүүдэр нэгэн тусна. Үнэн нэгэн байгаа цагт худал нэгэн мэндэлнэ. Харин сүүдрээс гэрэл мэндлэхгүй, худлаас үнэн төрөхгүй” гэж айлдсаныг зарим нэг бөө, бөөгийн нэр баригсдын өнгөрсөнд хийгээд өнөө хэлж буй үг, үйлдэлтэй харьцуулахаар хар цагаан аандаа ялгарах аж.



Урианхан Б.ГАЛААРИД

2026.06.11.