sonin.mn
Муу л юм бол хойд айлын хар овоохой гэдэг үг үе үе санаанд буугаад инээд ч хүрэх шиг. Нямтайшир гэж "Монголын алт" компаниар овоглосон эрхэм яасан нуруутай аав бэ. Хүний л эцэг юм даа.
 
Голомтыг нь сахиж ургийг нь залгах хүүг нь байсгээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр ангуучилж хүүхэн эргүүлж хүнтэй суухыг нь хүртэл гоочилж муучилсаар саяхнаас баар саваар хэсч хоол зууш идлээ гэх шүү шалтгаанаар шантаажилж байгаад зуушны хутгаар хүн гэмтээж бэртээлээ гээд шүүх сэргийлэх болж өнөөх асуудал нь орооцолдсоор эрүү үүсэх хэмжээнд тулчихав.
 
Мэдээж үнэхээр хутга мэс бариад биенээ цус нөжинд хутгачихсан бол энэ хүртэл явах нь мэдээж ч гэлээ асуудлыг арай өөр өнцгөөс нь задалж харвал яасан юм бэ. Бичигч би бээр "Le Triskell" рестораны ч юм уу, хэргийн эзэд болох УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Центрпоинт"-ийн гэх хэрэгт холбогдож асан гэх "Мунзуй" хочит Г.Нямдорж түүний найз Д.Баттулга хэнбугайнх нь ч талд орох гэсэнгүй.
 
Олонхийн сэрдэлт хэт нэг талыг барьж туйлшраад байна уу гэсэн хандлага ажиглагдаад болдоггүй ээ. Арга ч үгүй биз. Хэзээ хэзээнээсээ л монголчууд мөнгөний үнэр дагаж асуудалд айхтар шарваганаж ханддаг байсныг хаад ноёдуудын үед ч ханцуйндаа наймаалцдаг байсан түүхэн баримтуудаас нь харагддаг.
 
Одоо ч энэ арга байсаар л байгаа нь Номтойбаяр гэх залуугийн нэр дагасан хэргээс үе үе үнэртдэг. Нямтайширын хүү хаана л явна тэндээс бага гэлтгүй хэрэг үргэлж мандаж тэр нь улс төржиж ам дамжсаар эцэстээ тэгсгээд намждаг. Хаа хаанаа нам гүмхэн болж асуудал тэгсгээд намждагийн шалтгаан нь МАК.
 
Төдийгөөс өдийг хүртэл Н.Номтойбаяр гэх залуу байсгээд л хэвлэлийн бай болдог нь ч МАК-тай холбоотой. Зууралдаж зунгааралдаж байгаад хэдэн цаас салгах хамгийн боломжтой хүн нь өнөөдөр монголын нөхцөлд Нямтайширын Номтойбаяр учраас түүний хөл гарын үзүүрт үрэгддэггүй юм аа гэхэд нудруулчих санаатай явдаг улс мундахгүй байдгийн жишээ нь хутга шөвөгтэй холбоотой энэхүү сенсаци биш гэж үү.
 
Яах аргагүй мөн л байна даа. Түүнээс халамцуу бүлэмцүү эрчүүд цусаа гартал нанчилдах үзэгдэл дан ганц манайд ч бус дэлхийн аль ч өнцөгт байдаг л асуудал бишсэн билүү. Асуудлыг хүндрүүлж, нүд бүлтийлгэж чих сортойлгоод байгаа гол зангилаа нь "Lе Triskell" гэх ресторанд Номтойбаяр ганц нэг хундага виски ууж байсан нь л хэн хүний сонирхол татаад байгаа нь гарцаагүй үнэн.
 
Тэгвэл тэр бусдын л адил хүн биш үү. Ажлын бус цагаар найз нөхөдтэйгээ ширээ тойрон тухлах сайхан л байдаг. Зууш сэрээдэж ганц нэг хундаганы ард ажил амьдралын наана цаанахныг ярилцах сайхан биш үү. Гэтэл анд нөхдийн ийм яриа хальж маргах шалтгаан юу байж ам хэлээрээ учраа олж болохооргүй байдлыг хэн үүсгэв...
 
 
Г.Нямдорж гэгч хэн бэ 
 
Тэгвэл Нямтайширын хүүтэй хутга шөвөг болтлоо асуудал үүсгэсэн гэх "мунзуй" хочит Г.Нямдорж гэгч хэн байв. Д.Баттулга гэх найзтайгаа Номтойбаярыг хутганы асуудалд ороочихоод байгаа тэрбээр цагтаа "Центрпойнтын хэрэг" хэмээх дуулиант зодоонд оролцон "Цагаан Шонхор"-ын хэмээх Ч.Энхтайван руу хоёр гартаа хутга барин дайрсан боловч "Улаан"хочит Төмөрөө тэдний дундуур орж гуя, хэвлий, цээжиндээ нийт таван удаа хутгалуулан хүнд гэмтэл авч байсан бөгөөд энэ хэрэгтээ ял авч Авдрантын чанга дэглэмтэй хорих ангид найман жил ял шийтгэл эдлэж байжээ. (2001.10-сар)
 
Мөн 2010 оны тавдугаар сард Пан азийн аварга Д.Лхагватай мөрийтэй тоглоомноос болон муудалцаж чих, хэвлий тус газар нь хутгалан хүнд гэмтээсэн бөгөөд тухайн үедээ яаралтай эмнэлгийн тусламж авч ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэн арай гэж амьд гарсан бөгөөд тухайн үед боксын аварга Д.Лхагва харъяалагдах цагдаагийн газартаа гомдол гаргасан боловч энэхүү гомдлыг огт авч хэлэлцэлгүй дарагдуулаад өнгөрсөн гэдэг.
 
Түүнчлэн 2011 онд иргэн Дондогтой муудалцан зэрлэгээр зодон бейсболын цохиураар гарыг нь хугаласан бөгөөд, түүний эхнэрийн дүү гэх залууг хэвлий тус газар нь хутгалан хүнд гэмтээн тэднийг насан туршид нь эрэмдэг болгож хохироосон ч энэ талаар цагдаагийн газарт гаргасан гомдол мөн л дарагдуулаад өнгөрчээ.
 
Мөн эмэгтэй иргэн Б-г зодож хүчирхийлсэн гэх боловч энэ талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй түүнийг айлгаж дарамтлаж ямар нэгэн гомдол гаргуулаагүй гэдэг. Одоогоос хоёр жилийн өмнө 2011 онд "Элит" рестораны захирал н.Хүрэлбаатараас их хэмжээний мөнгө нэхэн дарамталж зодсон бөгөөд тухайн үед Хүрэлбаатарыг хүндээр гэмтээсэн байдаг байна.
 
Энэ хэрэгт нь хохирогч Хүрэлбаатар цагдаад гомдол гарган уйгагүй хөөцөлдөж, эрэн сурвалжлуулж байгааг мэдсэн Г.Нямдорж тухайн үед БНСУ-руу оргон зайлсан гэх яриа гараад сураггүй алга болсон байна.
 
Ийнхүү нэг хэсэгтээ нам гүн байсан "Мунзуй" хочит Г.Нямдорж гэнэт гарч ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын амь насанд халдахыг завдан хоёр гартаа хутга барин дайрсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бие хамгаалагч нь энэ үйлдлийг зогсоосон гэгдэж байгаа.
 
Тэрбээр УИХ-ын гишүүдийн хүүхдүүдийг элдвээр дарамтлан мөнгө төгрөгийг нь дээрэмддэг гэсэн албан бус мэдээлэл байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр, Х.Бадамсүрэн, О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын хүүхдүүд энэ мэт хэргийн золиос болсон гэсэн мэдээлэл ч байгаа юм.
 
 
Д.Баттулга гэгч хэн бэ
 
Сүүлийн үед дуулиан болоод байгаа энэ хэргийг нарийн зохион байгуулалттай хэрэг гэх бегөөд УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн төрсөн дүү Д.Баттулга гэгч этгээд Г.Нямдоржтой хамт явсан хэмээгдэж байгаа юм. Мөнгө дагасан дарамт сүрдүүлэг энэ хэргийн сэжим биш гэж үү.
 
 
Ц.Мөнхтунгалаг
 
Эх сурвалж: