sonin.mn
АНУ, Австрали, Орос, Хятад улсын эрдэмтэн судлаачидтай хамтран Монголын сэтгэл зүйч, судлаачид "Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь" олон улсын хамтарсан төсөл эхлүүлжээ. Төслийн хүрээнд сэтгэц оношилгоо тестийн аргуудыг монгол хүний онцлогт тохируулан нутагшуулах гурван жилийн хугацаатай ажлыг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн хамт олон эхлүүлсэн юм. Энэхүү төсөлд Москвагийн боловсролын улсын их сургуульд сэтгэц оношилгоо, зөвлөгөөний багшаар ажилладаг эрдэмтэн, сэтгэл судлаач И.А.Лопатина хамтран ажиллаж байгаа аж. Түүнтэй Орос болон Монголын сэтгэл зүйчийн хүүхдийн хөгжил дэх хандлага, ололттой болон давуу талын талаар ярилцлаа.
 
-Хүүхдийн хөгжил төлөвшилд сэтгэл зүйчдийн оролцоо хэр чухал байдаг вэ?
 
-Сэтгэл зүйчид ихэнхдээ хүүхдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай үед тэдэн рүү ханддаг. Тухайн хүүхдэд сэтгэл зүй, бие хөгжлийн ямар нэгэн асуудал байвал сэтгэл зүйч үүнд их ач холбогдол өгдөг. Миний хувьд Монголд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Орост бол сэтгэл зүйн ямар нэгэн асуудалгүй хүүхэдтэй ч сэтгэл зүйчид ажилладаг. Жишээлбэл, тухайн сурагчид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор сэтгэл зүйч хэвийн хөгжилтэй хүүхэдтэй харьцаж ажилладаг. Мөн хүүхдийг сургуульд ороход бэлэн эсэх тал дээр шалгалт хийж туслалцаа үзүүлдэг. Сургуульд элсэн орох хүүхдүүдийн бие, хувь хүний хөгжил танин мэдэхүйн чадвар хэр хэмжээнд байгааг сэтгэл судлаачид тогтоодог. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгт ажилладаг сэтгэл зүйчид тухайн сурагчийнхаа чадварыг судлан суралцах арга барилыг нь тогтоож багштай нь хуваалцаж, хүүхдийг хөгжүүлдэг гэсэн үг. Жишээлбэл, сонсох чадвар сайтай хүүхдэд ямар нэгэн зүйлийг сургахдаа сонсгох хэлбэрээр сонгох нь илүү мэдлэг олгох болно шүү дээ.
 
-Оросын сургууль, цэцэрлэг бүгдэд сэтгэл зүйч ажилладаг нь сайшаалтай юм. Хэзээнээс ийм болсон юм бэ?
 
-1990 оноос эхлэн цэцэрлэг сургуульд сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн бол 2012 оноос бүх сургууль цэцэрлэг сэтгэл зүйчтэй болсон. Тухайн үед сургуулийн сэтгэл зүйн албаны дагаж мөрдөх хууль дүрэм журмыг батлан гаргасан. Анхандаа нэг сургуульд нэг сэтгэл зүйчтэй байсан. Одоо бол тухайн сургуулийн удирдлага хамт олон сэтгэл зүйн салбарт хэр ач холбогдол өгч байгаагаас хамааран нэг сургуульд сэтгэл зүйчдийн бүтэн баг ажиллаж байна. Яагаад гэвэл, сургуульд нэг сэтгэл зүйч ажиллаж хүрэхгүй. Зөвхөн маш хурцадмал асуудалтай байгаа хүүхэд, багшийг л хамарна гэсэн үг. Бүх хүүхдийг хамрах боломжгүй болно. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын хэмжээнд боловсролын системд олон өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлтийн дүнд сэтгэл зүйчдийг нийгмийн ажилтан мэт үзэж давхар ажил үүрэг хариуцлага хүлээлгэдэг болчих гээд байна. Энэ бол санхүүгийн асуудалтай холбоотой. Учир нь, тухайн сургуульд сэтгэл зүйч хэрэгтэй гэж үзвэл багш нарын цалингаас бага зэргийг хасч сэтгэл зүйчид олгодог юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ асуудал эерэг тал руу өөрчлөгдөж байна. Боловсролын салбарын сайд өөрчлөгдсөн. Сэтгэл зүйч их хэрэгтэй гэдгийг мэддэг хүн гарсан учраас эргээд сургууль бүхэн сэтгэл зүйчтэй болох хөдөлгөөн өрнөж байна. Ер нь сургуулиуд сэтгэл зүйчтэй болж эхэлсэн үед багш нар ч гэсэн бидний мэргэжлийн онцлогийг ойлгож хүлээж авдаггүй байлаа. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдөж, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ нийгэмд ямар чухлыг хүмүүс ойлгож мэддэг болсон.
 
-Манай улсад ч гэсэн нийгмийн ажилтан нь сэтгэл зүйчийн ажлыг давхар гүйцэтгэж байдаг. Сэтгэл зүйч болон нийгмийн ажилтны ажил үүрэг өөр өөр шүү дээ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
 
-Хэзээ нийгмийн ажилтан сэтгэл зүйч болж чадахгүй. Учир нь, сэтгэл зүйчийн мэдлэг, чадвар, дадал гэдэг бол нийгмийн ажилтнаас өөр. Нийгмийн ажилтан бол хууль эрх зүйн талаас хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг. Тэд хүүхдийн сэтгэл зүйтэй ажилладаггүй. Нийгмийн ажилтнууд хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс зохион байгуулалтын ажлыг хийдэг. Жишээ нь, тухайн эцэг, эхийн хүүхдэдээ анхаарал халамж тавих, нийгмийн эмзэг давхаргын хүүхдийн амьдралд нь туслах зэрэг ажлыг зохион байгуулдаг. Нийгмийн ажилтан бол хүүхдүүдийн хувьд сольж болшгүй чухал ажил хийдэг. Гэхдээ энэ нь сэтгэл зүйчийн ажлыг давхар хийж чадна гэсэн үг биш. Сэтгэл зүйч бол тухайн хүүхдийн хөгжил, сэтгэл зүйтэй ажилладаг.
 
-Орос эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйд хэр анхаардаг бол. Хүүхдээ дагуулаад ирэх эцэг, эх олон байдаг уу?
 
-Эцэг, эх бүр өөр ч хүүхдийнхээ төлөө анхаардаг нь олон бий. Тэд хүүхдээ илүү хөгжүүлэхийг хүсдэг. Иймээс хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдэд хамруулдаг. Мөн сэтгэл зүйчдийн зохион байгуулж буй олон төрлийн сургалтад явуулдаг. Хүүхдүүдээ гадаа зүлэг ургадаг шиг хаячихдаг эцэг, эхчүүд ч бий. Хүүхэд нь сургуульд явж л байвал хангалттай гэж үздэг. Хүүхдэдээ анхаарахаас илүү өөрсдөдөө ч анхаарал тавьдаггүй эцэг, эх олон байна. Гэхдээ манай улсад сэтгэл зүйчид хандаж буй эцэг эхийн тоо өсч байгаа нь сайшаалтай. Хүүхэдтэйгээ аливаа асуудлыг шийдэж чадахгүй байвал сэтгэл зүйн тусламж авах нь зүйтэйг ойлгосон аав, ээжүүд бидэнд олноор ханддаг.
 
-Хүүхдээ ямар үед нь сэтгэл зүйн тусламж үзүүлж, эмнэлэгт хандах хэрэгтэй вэ?
 
-Энд их өргөн хүрээ бий. Жишээлбэл, хүүхдийн сурах боловсрох байдалд асуудал тулгарвал, хүүхэд түрэмгий уур бухимдалтай, аймхай, бусадтай харьцахгүй хэтэрхий зожиг байх эсвэл хүүхэд өөрөө өөртөө хэрцгийгээр хандаж эхэлбэл сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
 
-"Гэрэлт ирээдүй" төслийн хүрээнд Монголд ямар давуу тал бий болох вэ?
 
-Энэ бол гайхалтай төсөл. Төслийн хүрээнд Монголын сэтгэл зүйн салбар өргөн хүрээнд хөгжиж дэвших боломжтой. Монголын сэтгэл зүйчид багаж байхгүй, мэргэжлийн хангалттай ур чадваргүй байна. Монголын Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа амжилттай зохион байгуулбал Монголын сэтгэл судлалын салбарыг шинэ түвшинд гаргах болно. Монгол хүнд тохирсон, сэтгэц оношилгоог гаргах боломжтой болж, Монголын сэтгэл судлаачдын сэтгэл зүйн оношилгооны чадвар нэмэгдэх болно. Сэтгэц оношилгоо зөв хийнэ гэдэг нь цаашид сэтгэл зүйн тусламжийг хэрхэн үзүүлэхээ мэдэж авч байна гэсэн үг.
 
-Төслийн хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?
 
-Америк, Австрали, Орос зэрэг орны сэтгэл зүйн төвүүд хамтран ажиллаж зөвлөгөө мэдээллээр хангаж байна. ОХУ-аас ирж буй эрдэмтэн багш нар мэргэжлийн туршлагаасаа Монголын сэтгэл зүйчидтэй хуваалцаж байна.
 
-Эцэг эхчүүдэд зориулж лекц зохион байгуулсан. Энэ лекцээр ямар зөвлөгөө өгсөн бэ?
 
 -Энэхүү лекцийг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс анх удаа зохион байгууллаа. Эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаа болон хамаарлын сэтгэл зүйн талаар ярилцсан. Хамаарлын сэтгэл зүй гэдэг бол гэр бүлийн хэн нэг нь ямарваа зүйлээс хамааралтай байхыг хэлнэ. Хамаарал хэрхэн бий болдог тухай ярина. Ямар нэгэн зүйлээс хамааралтай хүний сэтгэл зүйн онцлог маш жижигхэн болж багассан байдаг. Архи, тамхи, цахим тоглоомд донтох хамаарлын ялгаа гэж байхгүй. Тэд бүгд бодит амьдралаас аз жаргалыг мэдэрч чадахаа больж, сайн сайхан зүйлээс таашаал авах чадваргүй болчихсон байдаг. Тухайн гэр бүлийн хэн нэгэн иймэрхүү байдалтай болчихвол тухайн гэр бүл зөв биш болдог. Учир нь, тухайн хамааралтай хүний амьдралын хэв маяг гэр бүлд нөлөөлж, эрүүл биш уур амьсгал бий болгодог. Ийм хамааралтай болчихсон гэр бүлд хүүхдийг хэрхэн эрүүл саруул өсгөх тухай бид дэлгэрэнгүй ярилцсан. 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин