Он дуусахад cap гаруйн хугацаа үлдлээ. Энэ онд манай улсын экспортын гол түүхий эд нүүрсний үнэ дэлхийн зах зээлд бидний хүлээж байсан хэмжээнд хүрээгүй буюу нэг их өсөөгүй, дээр нь гол хэрэглэгч урд хөршийн зах зээл зогсонги байдалд орсон зэргээр эдийн засагт орох орлого буурах нь гэсэн хандлагатай байсан. Гэвч Статистик мэдээнээс үзэхэд аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн үзүүлэлттэй гарч байна. 6.3 хувиар өссөн гэдэг бага тоо биш. Гэхдээ энд нүүрснээс орох байсан орлогыг тооцвол их тоо гарах байсан.

 


Аж үйлдвэрийн өсөлтөд мэдээж нүүрс биш, зэс, молибдений баяжмал, цайр, төмрийн хүдэр, газрын тос зэрэг ашигт малтмалын олборлох салбар, тэдгээрийн экспорт голлон нөлөөлжээ. Эдгээрийн нийт дүн аж үйлдвэрийн 0.6-47.9 хувийг эзэлж байна. Гэхдээ экспортыг дотор нь задалж үзэхэд 98.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

 


Харин цэвэр үйлдвэрлэл тал дээр хиаман бүтээгдэхүүн гурил, малын тэжээл, сүлжмэл эдлэл, нарийн боов, архи, хивс, металл цувимал, зүсмэл материал, цэвэр ус, талх, шар айраг, цахилгааны утас, шингэн сүү, мах, шахмал түлш, шавардлагын зуурмаг, бетон дэр зэрэг орж байна. Төмөр замын бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбоотойгоор бетон дэрний үйлдвэрлэл нэмэгдсэн нь ойлгомжтой.

 

Харин Онцгой албан татвар нэмэгдсэнээр архины үйлдвэрлэл буурсангүй нь харагдаж байна. Улирлын шинжтэйгээр эдийн засагт нөлөөлсөн нэг зүйл бол мэдээж ургац. Улсын хэмжээгээр 470.5    мян. тонн үр тариа, 245.6 мян. тонн төмс, 97.8 мян.тонн хүнсний ногоо хураагаад байна. Энэ нь үр тариа, төмс 5.7-оос 23.2 хувиар нэмэгджээ гэсэн үг. Тэр хэмжээгээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлтөд сайнаар нөлөөлж байна.

 

Харин хадлан, гар тэжээл, дарш бэлтгэл буурсан байна. Үйлчилгээний салбараас төмөр зам болон агаарын тээврийн орлого 7.3-аас 17.6 хувиар тус бүр өсч нэмэгдсэн байна. Дээрх хоёр тээврээр үйлчлүүлсэн зорчигч, тээсэн ачаа барааны эргэлт улам өссөөр байна. Жишээ нь, зорчигчдын тоо 6.5-аас 33.6 саяд хүрчээ. Ачаа тээвэрлэлт 162.1- ээс 347.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.

 


Хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляц энэ онд өмнөх оныхоос 12.9-15.0 хувиар өсөөд байна. Үүнд мэдээж энэ онд бууралгүй хадгалагдаж ирсэн махны үнийн өсөлт, улирлын чанартайгаар орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ дээшилсэн явдал голлон нөлөөлжээ. Эдгээр нь нийт дүнгээр инфляцид 4.6 хувиар нөлөөлсөн нь бага биш тоо болж байна.

 

Мөнгөний нийлүүлблт энэ оны арван сарын байдлаар 7132.6 тэрбум төгрөг болж, 1054.3 тэрбум төгрөгөөр буюу 17.3 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 717.6  тэрбум төг болсон нь өмнөх сарынхаас 28.0 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 22.7 тэрбум төг буюу 3.3 хувиар өсч. Энэ нь тэр хэмжээгээр хадгаламжин дахь мөнгө багасахад нөлөөлснийг харуулж байна.
 

Эх сурвалж: "Бизнес Таймс"