sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх,  доктор, профессор Д.Бадарч өнөөдөр (2019.07.16) ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Фредерик Рассел Ривоаллан нарыг хүлээн авч уулзав.
Төлөөлөгчид ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарт оролцохоор иржээ.
Уг семинарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм.
 
“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал”, “Институцууд, хүний эрх, тэгш бус байдал”, “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор Д.Бадарч урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд УИХ-ын даргын голлон анхаарч буй хэд хэдэн асуудлын талаар товч мэдээлэл өгсөн юм.
 
 
Тэрбээр, “УИХ-ын дарга сонгогдсон өдрөөсөө эхлэн парламентын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулсан. Өмнө нь УИХ-ын Тамгын газарт судалгаа, шинжилгээний 54 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсан ч үе үеийн сонгуулийн дараа тухайн нэгжийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилдөг байсан. УИХ-ын даргын зүгээс чадварлаг, тогтвортой, хараат бусаар ажилладаг судалгаа, шинжилгээний нэгжтэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа” гэв.
Мөн УИХ-аар сүүлийн арав гаруй жил ярьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ард иргэддээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, улстөрийн намууд, мэргэжлийн холбоод болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс саналыг нь авсан. Хэлэлцүүлгийн үе шат өрнөж байгаа талаар танилцууллаа.
 
Нийгмийн бүхий л салбарт байгаа тэгш бус байдлыг арилгах, ялангуяа эрх нь зөрчигдөж, хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах тал чиглэлд өнгөрсөн хугацаанд анхаарч ажилласан. Тодруулбал, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, хэд хэдэн удаагийн томоохон хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэлийг өгч ажилласан.
Улс орны хөгжлийг түүчээлэх шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шинжлэх ухааны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэргэжилтнүүдтэй санал солилцсон. Бидэнд хамгийн чухал нь инновацын эко системийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад өрсөлдөх чадвар бүхий инновацын төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, инновацын төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай  нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоор “Инновац ба хөрөнгө оруулалт” форумыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан зохион байгуулсан.  Энэ форумд Стэнфордын их сургуулийн профессорууд, олон улсын мэргэжилтнүүд оролцсоноороо ач холбогдолтой болсон талаар танилцуулсан юм.
 
ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэхүү уулзалт цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал үр дүнтэй болохыг онцлон тэмдэглэв.  
Тэрбээр, “Энэ гурван өдрийн семинарын үр дүнгээс бидний цаашдын хамтын ажиллагааны чиглэл илүү тодорхой харагдана гэж найдаж байна. Олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд болон байгууллага хооронд хэрхэн ажиллах болон тусламж, дэмжлэг шаардлагатай салбарын талаар бодит мэдээллийг авна гэж бодож байна” гэв.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.