Монгол Улсын Ерөнхийлөгч  2019 оны 07 сарын 16-ны өдөр  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр ( 2019.07.17) хуралдлаа. Энэ хүрээнд Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын  дэд хэсэг хуралдав.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн  уг төсөлд тусгаар тогтнолоо бэхжүүлэхтэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулах, газрыг нэгдмэл бодлогоор зохистой ашиглах, Төв банкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлэх, хүртээмжтэй, тэгш, шударга нөхцөлөөр ажиллах, улс төрийн намын төлөвшлийг дэмжих, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, УИХ-ын сонгуулийн тогтолцоог тодорхой болгох, гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, УИХ-ын удирдлагын бүрэн эхийг хугацааг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох асуудлын хүрээнд тусгасан зүйл, заалт бүрийг Ажлын дэд хэсгийн гишүүд хөндөн ярилцаж, дэмжсэн дэмжээгүй болон өөрчлөн найруулах шаардлагатай эсэх талаар байр сууриа илэрхийллээ.  
Ажлын дэд хэсгийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалтын талаарх саналаа, үндэслэл, тайлбарын хамт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтсон.
 
Энэ удаагийн хуралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Д.Гангабаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал,  Монголын Үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, зөвлөх С.Доржханд, референт Ж.Ганчимэг нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.