sonin.mn
“Бүс ба Зам" санаачилгын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ТӨЗО-ны Линжа хотноо энэ сарын 14-15-нд болсон Хималайн бүсийн II форумд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож үг хэллээ. БНХАУ бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ механизм болох Хималайн бүсийн форумыг хөрш орнуудтайгаа харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2018 оноос зохион байгуулж эхэлсэн юм.
 
 
 
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ: "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож, бүс нутаг, дэлхий дахины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байдаг. Энэ санаачилга, үйл ажиллагаа нь “Бүс ба Зам”-ын дагуу оршдог улс орнуудын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны орон зайг бий болгох төдийгүй дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд БНХАУ-ын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны санаачилгыг Монгол Улс шинэ цаг үеийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр хэмээн үзэж, дэмжиж ирснийг онцлон тэмдэглэв.
 
 
 
Монгол Улс, БНХАУ, Пакистан, Балба, Мьянмар зэрэг улс оролцсон уг форумыг БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Чэнь Шяодун нээж хэлэхдээ, “Хималайн бүсийн форум нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, үүнд зөвхөн Хималайн бүсийн орнууд төдийгүй “Бүс ба Зам”-ын дагуух улс орнуудыг татан оролцуулах, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, шашин соёл, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг өрнүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэв.