sonin.mn
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. Уг хурлаар гэмт хэрэг, терроризмтой холбоотой санхүүгийн урсгалыг таслан зогсоох, дэлхийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулах арга замын талаар хэлэлцэж буй. Үүний дунд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах эсэхийг авч хэлэлцэх юм. Монголбанкнаас өгч буй мэдээллээр ФАТФ-ын хурлаар манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан эсэх мэдээллийг баасан гараг буюу маргааш олон нийтэд зарлах аж. Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд байгааг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэрбээр “Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс” хэмээн жиргэсэн. Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулж чадсан байна. Харин шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс дөрөвт нь хангалтгүй үнэлгээ авч, сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм.
 
Хангалтгүй үнэлгээг тодруулбал, хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохйцуулдаг байх, мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ногдуулах, гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах талаар арга хэмжээ авахыг зөвлөсөн байдаг. Хэрэв Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол эдийн засгийн хувьд маш их эрсдэлтэй гэдгийг албаныхан төдийгүй эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж байгаа юм. ФАТФ нь дэлхийн 36 гишүүн улстай бөгөөд манай улсын хувьд гишүүнчлэлгүй юм. Өнгөрсөн есдүгээр сард Тайландад зохион байгуулсан Азийн бүсийн орнуудын хурлаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулахаар захирлуудын зөвлөлдөө уламжлахаар тогтсон байна. Тиймээс энэ удаагийн хурлаар баталгаажуулах юм байна. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноор эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх, үүнээс гарах ямар арга зам байгаа талаар Эдийн засагч Т.ДОРЖХАНДААС тодрууллаа.
 
Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) “Саарал жагсаалт”-д орох эсэх нь маргааш доторхой болно. Манай улс “Саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл бийг Сангийн сайдаас гадна албаны хүмүүс удаа дараа илэрхийлсэн. “Саарал жагсаалт”-д орсноор ямар бодит эрсдэл бий болох вэ?
 
-Монгол Улс ФАТФ- ын “Саарал жагсаалт”-д орсноор маш том эрсдэлтэй. Санхүүгийн сектор ялангуяа, банкны салбарын гадаад төлбөр, тооцоо хүндрэлд орно. Богино хугацаанд бага зардлаар хийдэг байсан төлбөр, тооцооны гүйлгээг өндөр зардлаар, нэлээд урт хугацаанд хийдэг болно. Энэ нь иргэдэд ч нөлөөлнө. Тухайлбал, кредит картаараа гүйлгээ хийхэд хүндрэл үүснэ гэсэн үг. Цаашлаад гадаад төлбөр, тооцоо хязгаарлалтад орж, зээлжих зэрэглэл унасан тохиолдолд гаднын хөрөнгө оруулалт буурна. Мөн манай төлбөрийн балансад асуудал үүсч, ханшид нөлөөлөх магадлал бий болох зэрэг сөрөг үр дагавартай юм. Гэтэл Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох нөхцөл үүссэн энэ үед төрийн байгууллагууд биенээ хамгаалж бидэнд хамаагүй. гэсэн байдлаар хандаж байна. Энэ нь явсаар шүүх байгууллага буруутай юм шиг болчих гээд байна л даа. Гэтэл бодит байдалд бидэнд үүнээс сэргийлэх хугацаа хангалттай байсан. Энэ хугацаандаа төрийн байгууллагууд уялдаа холбоотой байж асуудлуудаа шийдэх хэрэгтэй байсан ч зохицуулалтгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
 
-Ер нь “Саарал жагсаалт”-д орохоос сэргийлж  ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. Манай улс яагаад энэ жагсаалтад ороход хүрэв?
 
-Маш яаралтай хуулиа батлах хэрэгтэй. Хамгийн том зүйл нь авлигын асуудал. Авлигын томоохон хэргүүдийг ярьдаг хэрнээ яг прокурор, шүүх дээр очоод нэг ч хэргийг шийддэггүй. Энэ нь манай улсыг доошоо татаж байгаа хамгийн том үзүүлэлт юм.
 
 
Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон хуулийн байгууллага, улстөрчид нь ажлаа хийх ёстой. Өмнө нь АН-ын үед авсан томоохон концесс, үнэ тогтворжуулах хулгайг одоо хүртэл шийдэхгүй байна шүү дээ. Бодит байдал дээр үүнээс болж “Саарал жагсаалт”-д орчихлоо. Мөн Өршөөлийн тухай хуулийг баталсан нь хамгийн том шалтаг. Сангийн сайдын яриад байгаа зүйл бол энэ. Өөрөөр хэлбэл, 2015 онд баталсан Эдийн засгийн өршөөлийн хууль “Саарал жагсаалт”-д ороход нөлөөлсөн.
 
 
Үндэслэлгүйгээр энэ хуулийг гаргасан. Өршөөлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүсийг санхүүгийнх нь хариуцлагаас чөлөөлчихөж байгаа юм. Үр дүнд нь асар их хэмжээний мөнгө чөлөөлөгдчихсөн. Үүнээс болоод асуудал үүссэн.
 
 -Манайх мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү гэдэг асуулт гарч ирээд байна?
 
-Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг УИХ-аар яаралтай батлах ёстой. Гэтэл ач холбогдол өгөхгүй хойш нь тавьсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Уг нь Монгол Улс терроризмтой улс биш. Бид зэвсэг санхүүжүүлдэггүй шүү дээ. Тэгэхээр хариуцлагагүй байдлаас болж л ‘"Саарал жагсаалт”-д орох нөхцөлд хүрсэн.
 
-Манай улс “Саарал жагсаалт”-д орсон гэх албан бус мэдээллийг зарим хүн өгөөд байна л даа. Хэрэв “Саарал жагсаалт”-д орчихвол хэрхэн гарах боломжтой вэ? 
 
-ФАФТ-аас хангалтгүй гэх үнэлгээ авсан дөрвөн зөвлөмжийн дагуу маш яаралтай арга хэмжээ авах болон холбогдох хуулиа батлах хэрэгтэй. Мөн хууль, шүүхийнхэн томоохон хэргүүдийг яаралтай нэг талд нь гаргаж, тайлагнах шаардлагатай.
 
 
Авлигын нэг ч томоохон хэргийг шүүхээр таслаагүй. Тэдгээр хэрэг Ерөнхийлөгч дээр очоод найраанд орчихдог. Үе үеийн Ерөнхийлөгч хуулийн байгууллагыг атгадаг. Улс төрийн томоохон хэргүүдийг хуйвалдааны байдлаар замхруулчихдаг. Энэ л “Саарал жагсаалт”-д орох үндэс болж байна.
 
 
-Таны хэлж буй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадвал манай улс богино хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах боломжтой гэж ойлгож болох уу?
 
-Болно. 2021 онд “Саарал жагсаалт”-аас гарах бүрэн боломжтой. Наана нь ч гарах боломж бий.
 
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин