Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулсан. 
 
 Тус Байнгын хороо нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцогдсон болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг санал нэгтэй дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, хууль зүйн техникийн талаас нь хянаж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өөрчлөлт оруулж байгаа 2 дугаар зүйлийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр хассан тул хуулийн төслийн нэрийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” болгон өөрчилсөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулгадаа онцолсон.
 
 
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, С.Эрдэнэ нар Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчлөл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулж, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, орон нутагт энэ чиглэлийн нэгж байгуулахдаа боловсон хүчинг бэлтгэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж, энэ чиглэлээр баримталж байгаа бодлого, чиглэлийг тодрууллаа. 
Эрүүл мэндийн яам жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг улсын төсөвт суулгадаг. Энэ жилийн хувьд манай салбарт 11 компьютер томограффын аппарат, 19 ходоодны дурангийн аппарат нэн шаардлагатай байгаа тул хуулийн төсөлд оруулан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын нийт эмнэлгийн барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан тул шинэчлэх, засварлах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд хариулж байлаа. Мөн тэрбээр, хавдрын өвчнөөр өвчлөгсдийн сэргээн засах, туяа, зарим химийн болон хөнгөвчлөх эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Түүнчлэн 2018 оноос хүн амыг насны бүлгээр дөрөв ангилж түүнд хамрагдах урьдчилан сэргийлэх үзлэгийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, 4,5 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Нийслэлийн дүүргүүдэд 2018, 2019 онд мэс засал, хавдрын кабинет нээсэн бөгөөд одоо орон нутагт  хавдрын эмчилгээний нэгжийг байгуулж, хэвтэн эмчлүүлэгсдийн орны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашдаа хуулийн төслийн хүрээнд 39,9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардал, улсын хэмжээнд  66 эмч, энэ тооны сувилагчийг давтан бэлтгэх шаардлагатай гэж байлаа. 
Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.6 хувь нь дэмжив. 
 
Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
 
Хуралдаан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан. 
Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар Худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах биш, харин Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах нь илүү оновчтой гэж үзэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 
 
 
 
Анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд  тодруулга хийн, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Ч.Хүрэлбаатар нар төслийн заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ худалдан авах ажиллагааны газар хэмээх мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тул Ерөнхий сайд хөгжлийн бодлоготойгоо орон нутаг, яамдын үйл ажиллагааг уялдуулж, үүрэг чиглэлээ өгөөд, хэрэгжилтэд хяналт тавих нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нар эсрэг саналтай байлаа. Гишүүдийн зүгээс худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудалд оруулах нь чухал. Учир нь Шадар сайд эдийн засгийн бодлогоо хариуцаж, эрхлэх асуудлын хүрээнд нь хөгжлийн бодлого, үүнтэй уялдсан томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гадаад харилцаатай холбоотой асуудлаа шийдэх нь зүйтэй. Ийм өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа.  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар төслийн 1 дэх заалтын “Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний гэснийг “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний" гэж, 2 дахь заалтын “2-21” гэснийг “3-22” гэж, 3 дахь заалтын “Ерөнхий сайдын” гэснийг “Шадар сайдын” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 
Иймд  "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 
 
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
 
 
Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. 
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тэрбээр, 2016 онд Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрч буурсан, төсвийн нэгдмэл байдал алдагдаж олон зэрэгцээ төсөвтэй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувьд хүрсэн, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээл, сорилтууд тулгараад байсан. Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахад нэн тэргүүнд анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байна. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаас авдаг байсныг зогсоож, өмнөх зээлүүдийг буцаан төлснөөр хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулаад байна. Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн гэдгийг танилцуулгадаа онцолсон. 
 
 
Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулснаар 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөгийг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан.  Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус санд 2019 оны 09 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд ингэснээр манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм гэж байлаа.
 
Мөн тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгалаа. Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ. Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт 2 дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн 8 хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олгохоор төлөвлөж байгааг дурдлаа.
Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх болно. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд зохих хөшүүрэг хэрэгтэй байна. Мэргэжлийн боловсролын төвийг төгсөгчид ажлын байртай болох нь их, дээд сургууль төгсөгчдөөс илүү байгаа бөгөөд энэ хэрээр мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ Монгол Улсад өндөр байна. Иймд мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөсөн  гэдгийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.
 
 
Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэх болно. Энэ хүрээнд:
 
Нэг. 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.
Гурав. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталсан боловч эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан 2 удаа хэрэгжилтийг хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.
Дөрөв. Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлөх зэрэг болно.
Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцоллоо. 
 
 
Түүнчлэн тэрбээр, Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монгол Улсад жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж 8.1 тэрбум төгрөгт хүргэнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд төсвөөс олгох дэмжлэг, урамшууллыг оновчтой хуваарилж, салбарын өсөлтийг дэмжихэд олгох хөрөнгийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж байлаа. 
Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасныг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа дурдсан.  
Дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулжээ. 
Хуралдаанд Засгийн газрын гишүүд, УИХ-д ажлаа шууд тайлагнан хариуцдаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Үдийн  завсарлагааны цаг болсон тул хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуулт хариултыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.