БРАЗИЛИА. /BBC/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару хэт барууны үзэлт Социал-Либераль намаас гарснаасаа хойш нэг хоногийн дараа улс төрийн шинэ нам байгуулсан байна.
Ж.Болсонаругийн "Бразилын төлөөх эвсэл"-ээс нийслэл Бразилиа хотын зочид буудалд зохион байгуулсан уулзалтад олон зуун хүн оролцжээ. Манай нам авлигатай тэмцэх болно гэж Бразилын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Социал-Либераль намыг үүсгэн байгуулагчийн кампанит ажлын талаарх маргааны улмаас Ж.Болсонару намаа орхисон бөгөөд тэрбээр тус намын хууль тогтоогчид, сенатчидаас мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулах хүссэн ажээ.
 
Ж.Болсонару ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Социал-Либераль намд өнгөрсөн онд элссэнээс хойш тус намын нэр хүнд өсөж, Бразилын Конгресст олонхын суудал бүхий хоёр дахь нам болжээ.
“Бразилын төлөөх эвсэл” нам ирэх онд болох сонгуульд бүртгүүлэхийн тулд ирэх зургаан сарын хугацаанд 500 мянга орчим гарын үсэг цуглуулах шаардлага үүссэн байна. Энэ оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлсэн Ж.Болсонару “Бразилын төлөөх эвсэл”-ийн тэргүүн болох бол түүний том хүү, сенатч Флавио Болсонару дэд тэргүүн болно. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг