sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /Reuters/. Ирантай дайтаж буй талуудын хооронд зуучлагчдын санал болгосон 14 хоногийн хугацаатай түр эвлэрэх саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч, тус улсад өгөх агаарын цохилтыг хоёр долоо хоногоор зогсоохоор болсноо мягмар гарагт мэдэгдлээ.


Тэрбээр хэлэхдээ, АНУ, Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох санал дэвшүүлсэн Пакистан улсын удирдагчидтай ярилцсан гэж мэдэгджээ.


“Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф болон Фельдмаршал Асим Мунир нартай хэлэлцээ хийсний дүнд тэдний хүсэлтийг хүлээн авч, Иран руу агаарын цохилт өгөхөө түр хойшлууллаа” гэж  Д.Трамп өөрийн цахим хуудсандаа бичжээ. Гэхдээ энэхүү түр эвлэрэл нь Ираны талаас Ормузын хоолойг нэн даруй, бүрэн нээсэн нөхцөлд хэрэгжинэ.


Д.Трамп үүнийг “хоёр тал нэгэн зэрэг гал зогсоох ажиллагаа” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн АНУ Ираны талаас 10 заалт бүхий саналыг хүлээн авсан бөгөөд үүнийг хэлэлцээ хийх боломжтой үндэслэл гэж үзэж байгаа аж. 


Талууд өмнө нь маргаантай байсан бараг бүх асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд хэлэлцээрийг эцэслэн байгуулахад энэхүү 14 хоногийн хугацаа хангалттай гэж Д.Трамп мэдэгджээ. Дайны зорилго, дуусгах хугацааг олон удаа өөрчилж байсан Д.Трамп АНУ-ын зорилго биелсэн гэж үзэж байгаагаа дахин мэдэгдсэн байна. 




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг