Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-аас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан ч, уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг байгуулах, ажиллах зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэсэн. Харин өнөөгийн байдлаар, улсын хэмжээнд ажиллах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа тул Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төслийг баталснаар, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй юм. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Түүнчлэн  радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна хэмээн үзэж буй юм. (Төслийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү).
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулийн төсөл нь монгол контентыг сайжруулж, үзэгчдийн эрхийг хангах ач холбогдлыг олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлахыг хүслээ. Мөн олон сувгийн үйлчилгээ эрхлэгч дөрвөн компанийн орлогыг хэвлэл мэдээллийн салбарт хувааж олгодог байх зарчмыг сайшааж байв. Энэ хүрээнд Монголын телевизүүдийн холбоотой нэгдсэн ойлголтод хүрсэн эсэхийг тэрбээр тодрууллаа. Мөн хэвлэл, мэдээллийн салбарт ташаа мэдээлэл гаарч, "тархи угаах" болсныг дурдаад, хуулийн төсөлд хариуцлагын механизм суусан эсэхийг лавлав. 
 
Төслийн Ажлын багаас өгсөн хариултад, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчдээс авсан орлогын 15 хувийг Телевизийн холбоонд шилжүүлдэг байхаар зохицуулсан. Ингэхдээ, үндэсний соёл, уламжлал, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгийг дэмждэг байхаар тохиролцсон гэлээ. Мөн хууль батлагдсанаар, мэргэжлийн сэтгүүл зүйг сайжруулах, хариуцлагатай ажиллуулах үүднээс сэтгүүлчийн мөрдөх хэм хэмжээг тогтоох, олон нийт, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах тухай тухай зохицуулалт оруулсныг тайлбарлав. Ингэхдээ, ХХЗХ-ноос хориглох жагсаалт гаргах бөгөөд төсөлд түүнийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангуулах зохицуулалт орсныг тэмдэглэлээ.
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Хуулийн төсөлд, телевизүүдийн эзэмшигчийн мэдээллийг ил тод болгох асуудлыг тусгасан эсэхийг тодруулав. Төслийн Ажлын багаас, иргэдийн эрхийг хангахын тулд сэтгүүл зүйд хэт халдахгүй, хараат бус байлгахын сацуу редакц дүрэмтэй байхыг тусгасан гэлээ. Мөн телевиз эзэмшлээ ил тод гаргахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар зохицуулсан гэлээ. 
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 59, найруулгын гурван санал тус бүрээр санал хурааснаар, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хурадах юм. 
 
 
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг