ТОКИО. /NHK/. БНХАУ-ын даргын Японд хийх айлчлалын талаар хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид хэлэлцэж байна. Си Жиньпин ирэх дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчлах төлөвтэй байгаа юм.
 
 
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын даргатай уулзах үеэрээ интоорын цэцэг дэлгэрэх цагаар Японд айлчлахыг урьсан бөгөөд одоо хоёр орны Засгийн газар айлчлалын товын талаар хэлэлцэж байгаа ажээ.
 
 
Харин Японы зарим хууль тогтоогч Хятадын Засгийн газрын хөлөг онгоц Японы усан нутаг дэвсгэр лүү нэвтэрсэн, Хятадын эрх баригчид Японы иргэдийг саатуулсан зэрэг асуудлыг онцлоод, Абэ Шинзогийн урилгыг шүүмжилсэн байна. Гэсэн хэдий ч Абэ Шинзо уг айлчлал нь Япон, Хятад бүс нутаг, дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх үүрэг хариуцлагаа биелүүлж буйг илтгэх боломж хэмээн үзэж байгаа юм.
Си Жиньпиний айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд улс төрийн шинэ баримт бичгийн төслийг боловсруулна хэмээн Японы зарим төлөөлөгч найдаж байгаа ажээ. Япон, Хятад ийм төрлийн дөрвөн баримт бичиг байгуулсны дунд хоёр талын харилцан ашигтай байдал, стратегийн түншлэлийг бэхжүүлэхийг уриалсан 2008 оны хамтарсан мэдэгдэл багтдаг байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг