sonin.mn
-Дусал мэт ачлал үүрүүлвээс дундрашгүй булаг мэт хариу барьюу-
 
“Covid-19”-ийн аюул дэлхий нийтийг түгшүүрт автуулж, барьц алдуулав. Бөмбөрцгийн улс орнууд хил, хөл хоёроо хааж, өрнийн зарим улс оронд ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, биед нь хутга мэсээр халдсан тохиолдол ч гарсан. Дэлгүүр хоршооны гадаа урт дараалал үүсч, “соёлт” гэж өөрсдийгөө дөвийлгөдөг зарим үндэстний соёлгүй үйлдлүүд гаарч “Шок”-нд оруулав.
 
Яг ийм ороо бусгаа цагт бөмбөрцгийн нөгөө элгэнд орших Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар шинэ төрлийн коронавирус анхлан тархсан БНХАУ-д айлчлал хийхээр мордов. Эхэндээ олон хүн айсан, бас гайхсан. Вирусийн голомт руу явж халдвар чирч ирэх гээ юү гэсэн утга бүхий сөрөг сэтгэгдлүүд цахим орчинд үерийн ус шиг урсч байв. Ихэнх нь юу л болдог бол доо хэмээн түгшиж суусан нь мэдээж.
 
 
 
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг өмнөд хөршийнхөн маш өндөр төвшинд хүлээн авч, урьд урьдынхаас ч илүү найрсаг зангаар угтан авсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Зовох цагт нөхрийн чанар танигддаг”, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор мөнхийн хөршийндөө хүрэлцэн ирлээ хэмээн айлчлалаа эхлүүлсэн юм.
 
 
Айлчлалын үеэр дэлхий нийтийг түгшээж буй цар тахлыг хамтын хүчээр давах, Монголчууд БНХАУ-ын ард түмэнд аюулт өвчнийг давахад зориулж 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд төвшинд хүрснийг талууд онцлон тэмдэглэсэн нь дэлхий нийтийн сонорт тэр дороо л хүрэв. Дэлхийн улс төрийн тавцанд “Жижиг” гэж хардаг Монгол Улс гадаад харилцааны ямар том тоглогч болохыг тэд харцгаав.
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрсдэлтэй нөхцөлийг үл хайхран эх оронд нь айлчлан ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт талархал илэрхийлж Күнзийн алдарт “Дусал мэт ачлал үүрүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээн хэлж Монголын ард түмэнд талархал илэрхийлэв, Монгол Улсын төрийн тэргүүнийг тэврэв.
 
 
 
Айлчлал ингээд өндөрлөөгүй юм, БНХАУ-д зовох цагт тусламжийн гараа сунгасан монголчуудад гүн талархал илэрхийлье гэсэн сэтгэгдлүүд сая саяараа хөөрч байсан бол Монголд тусламжийн 30 мянган толгой хонь бүрдүүлэх хандивын давалгаа орон даяар өрнөж байлаа. Өвчин тээгээд ирэх вий гэж сэтгэл түгшиж байсан хүмүүс өглөг, ханвив өгөх давалгаанд бусдыг манлайлан нэгдсэн юм. Монголууд нам эвсэл, үзэл бодол, шашин шүтлэг үл харгалзан өмнөд хөршөө туслах хандивын аянд нэгдэж чадсан. Хоёр орны ард түмнүүдийн харилцаа ийм дулаан байсан үе маш ховор гэдгийг тодотгох ёстой.
Хамгийн гоё нь “Азийн ардчиллын Баянбүрд” гэгддэг Монгол Улс гадаад харилцааны том тоглогч, уран нүүгч гэдгийг дэлхий нийт дахин харлаа. Зовох цагт нөхрөө орхидоггүй монголчуудын эрхэм чанарыг дипломат бодлого, гадаад харилцааны уран нүүдлээр өмнөд хөршдөө болоод бөмбөрцгийн бүхий л улс орнуудад дахин нотолсон юм. Товчхондоо бол энэхүү айлчлал нийт монголчуудын гадаад харилцаандаа олсон том амжилт, үсрэнгүй хөгжил байлаа.
 
 
 
Хятадын эсрэг үзэлтэй гэж багагүй гоочлуулсан Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийн айлчлалаар хоёр орны найрамдалт харилцааг дахин бат гагнаж чадсан. Аливаа төрийн айлчлалын хамгийн гол ажлыг Гадаад харилцааны сайд нугалдаг, суурийг нь тавьдаг. Төрийн айлчлалиын бэлгэл ажил ямар нүсэр байдгийг салбарын бус хүмүүс тэр бүр мэддэггүй байх. 
 
Энэ бүгдийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, түүний багийнхан төгс гүйцэтгэснийг үе үеийн Элчин сайд, дипломатууд дуу нэгтэйгээр хэлж, талархаж бас бахархаж байна. Сайд Д.Цогтбаатарын мэдлэг, туршлага, дипломат ур чадвар, торгон мэдрэмжийг энд заавал дурдах учиртай. Эрсдэлээс үл шантарч илүү том хожил авдаг уран нүүдэлтэй Д.Цогтбаатар шиг дипломатч Монголын төрд заавал байх учиртай. Монгол төрийн алтан аргамжийг Д.Цогтбаатар шиг дипломатч, улстөрчид атгуулсан байхад Монгол Улс дэлхийн улс төрд, гадаад харилцаанд дандаа хожил авч чадна. Энэ хожил бол XXI зууны нийт монголчуудын ЯЛАЛТ юм.