sonin.mn
“ТВ-9” телевизийн  ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөртэй ярилцлаа.
 
-Үндсэн хуулийн нэмэлт хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Энэ өөрчлөлтөөр өнөөгийн нийгэмд үүссэн олон асуудал шийдэгдэж, төрийн мухардал гацаа үгүй болно гэж хууль батлагчид үзэж байна.   Та юу гэж харж байна вэ?
 
-Энэ сэдэв надад их ойрхон санагдаж байна. Учир нь “ТВ-9” телевиз өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн Үндсэн хуулийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд яах ёстой юм. Одоогийн эрх баригчдын оруулж байгаа өөрчлөлт нь Монголын нийгмийг тодорхойгүй, хариуцлагагүй байдлаас гаргаж чадах уу гэдэгт ач холбогдол өгч, зочдоо урьж тэднийхээ үзэл бодлыг хүргэж байлаа.  Ямартай ч эрх баригчид төөрч будилж явсаар өөрчлөлтийг хийлээ.
Энэ өөрчлөлт нь тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлээд байна.  Үндсэн хууль  маань мэдэгтүн, сахигтун гэсэн үгээр дуусдаг.  Тэгэхээр Монгол Улсын иргэн болгон Үндсэн хуулиа дагаж мөрдөх ёстой.
 
 
 
Монгол хүн хуулиа дээдлэх ёстой юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нийгмийн тодорхойгүй, хариуцлагагүй байдлыг засах уу гэж та асууж байна. Харамсалтай нь эрх баригчдын оруулсан нэмэлт өөрчлөлт Монгол Улсын ойрын ирээдүйг 10-15 жилдээ хөгжүүлэх чадамжтай зохицуулалт болж чадаагүй.
 
 
 
-Яагаад?        
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх шалгааныг бодож үзэх хэрэгтэй. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийг  нь эргээд харъя л даа. УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх тэр цаг үед Оюутолгойн гэрээг хэлэлцэх үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн тайлан гэж бас орж ирсэн.  Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад өөр ямар ч  асуудлыг хэлэлцэхгүй гэсэн.  Үүнийг Оюутолгойн гэрээг хэлэлцэхгүй гэсэн эрх баригчдын овжин арга гэж бодож байна.  Нөгөө талаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн бараг 95 хувь нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байгаа. Иргэдийн амьдралд чиглэсэн заалт ховор.  Хэрэв тийм өөрчлөлтийг хийж чадсан бол энэ сарын 25-наас эхлэн иргэдэд маань хуулийн өөрчлөлт мэдрэгдээд эхлэх байлаа.  Энэ хоёр асуудлыг харахаар л  Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх баригчдын асуудлаас зугтах заль байсан гэдэг нь харагдаад байгаа юм.
 
-Үндсэн хуульдаа ойрхон хугацаанд “гар хүрэх”, өөрчлөх нь сөрөг талтай гэж ярьдаг л даа. Гэвч Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт үүргээ биелүүлж чадахгүй бол дараагийн парламент дахин энэ асуудлыг яриад эхэлбэл яах вэ?
 
-Нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бол  дахиад найман жил гар хүрч болохгүй гэсэн ойлголтыг ярьж байна. Яг үнэндээ ийм хуулийн хязгаарлалт байхгүй. Үндсэн хуульдаа хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулж болно. Монголчуудад ашигтай Монгол Улсын эрх ашигт нийцсэн хувилбарыг гарган  ирж батлах боломж хэзээд бий.
 
-Бид засаглалын мухардлаас гарах гэж энэ өөрчлөлтийг хийсэн. Үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй л юм байна даа?
 
-Тийм ээ.  Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг өмнө 28 жил хэрэгжсэн Үндсэн хууль Монголын нийгэмд ямар нөлөө үзүүлэв гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байлаа.  Хүний эрх, эрх чөлөөний асуудал ямар байв. Эдийн засаг, өмчийн эрх чөлөө, засгийн харилцаа,  байгалийн баялаг ашигт малтмал монголчуудад үр өгөөжөө өгсөн юм уу.  Нийгмийг бүхэлд нь хамарсан ийм анализ дүгнэлт хийх хэрэгтэй байсан. Иргэн болгонтой уулзах байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг асуух ёстой байсан. Малын бэлчээрийн асуудал, Улаанбаатар хот, Эрдэнэтэд ажиллаж байгаа хүмүүс засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтаас болж хохироод байна уу, үгүй юу гээд нийгмийн бүх салаа мөчир дээр үнэлэлт дүгнэлт өгсний дараа Үндсэн хуулийн энэ зүйл заалтыг өөрчлөх ёстой юм байна гэж ярьж болно.  Ийм судалгаа дээр өөрчлөлтийг хийсэн бол Үндсэн хуулийн өөрчлөлт байгаа онох байсан. Харамсалтай нь тэгэж чадаагүй. Ер нь эргээд бодох хэрэгтэй. 28 жилийн дараах өндөрлөгөөс харахад монголчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ. Нэг гараанаас гарсан улс орнуудын амьдрал яаж өөрчлөгдсөн юм.  Харах л хэрэгтэй. Манай нийгэмд шударга ёс, хариуцлагын асуудал маш хүнд байна. Хямрал мухардлын асуудалд хэн ч хариуцлага хүлээдэггүй болсон. Монгол Улсын Ерөнхий сайд  нь гэхэд засаглалын хамгийн том хүн. Гэтэл хууль тогтоомж судлаад үзвэл аймгийн Засаг даргадаа ч хариуцлага тооцож чадахгүй байна.   Энэ тогтолцоо, хариуцлагын асуудлыг  засахгүйгээр цаашдаа мянган шинэчлэл хийгээд нэмэргүй. 
 
-Та хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүн.  Ямар өгөгдөлтэй мэргэжил юм, нийгэмд ямар ач холбогдолтой юм. Үнэ цэнийг яаж тодорхойлдог вэ?
 
-Хуульч мэргэжлийг сонгосон шалтгаан бол миний ааваас эхтэй. Манай аав 33 жил прокурорын байгууллагад ажилласан хүн. Прокурорын мэргэжил гэж бас л сайхан ажил шүү дээ. Аав минь шударга ёсны төлөө нэр төртэйгөөр зүтгэж байсан. Ааваараа бахархдаг даа.
 
-Аав ээж хоёр тань хоёулаа Булган аймгийнх  юм уу?
 
-Тийм ээ. Хоёулаа Булганых. Аав маань Тэшигийнх, ээж маань Хутаг өндөр сумын хүн.
 
-Гэр бүлээрээ хуулийн хүмүүс гэхээр их үнэ цэнэтэй санагдаж байна?
 
-Тэгэлгүй яахав. Аавынхаа мэргэжлийг өндөрт өргөж, нэрийг нь сэвтүүлэхгүй юмсан гэж боддог.  Мөн аав, ээжээс өгсөн нэрийг буруу зүйлд хутгахгүй юмсан. Энэ бол миний амьдралын философи.  Үүний төлөө би өдийг хүртэл явсан.  Цаашдаа ч явна. Би аав ээжээс наймуулаа. Миний хамгийн том ах шүүгч. Насаараа шүүхийн системд ажилласан. Хамгийн сүүлд Орхон аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан. Хүмүүс мэднэ дээ, П.Батсайхан гэж. Миний ах бол насаараа хуульч хийсэн хүн. Мөн эгч маань Орхоны цагдаад ажилласан хуульч мэргэжилтэй хүн байдаг.  Тэгэхээр энэ мэргэжил манай гэр бүлийн  нэг үнэт зүйл юм. Нөгөөтэйгүүр аав ээжийн минь голомтоо асаасан Хутаг-Өндөр сумын Дунд хайлантай гэдэг газар чинь Хатанбаатар Магсаржав гэдэг хүний төрж өссөн газар.   Тухайн үедээ вангийн хүрээний тамгын газар ажиллаж байсан суурь юм шүү дээ. Их сонин тохиолдол. Миний ээжийн талынхан бол вантай их ойрын хүмүүс. Тэгэхээр хүний итгэлийг алдаж болохгүй гэсэн зарчим бол миний өвөг эцгээс надад шингэсэн гэж боддог юм. Би ч нэг итгэсэн хүндээ эргэж шарваад байх дургүй хүн. Тийм бодол надад байхгүй. Тэгэхээр би ч тэр хүмүүсийн үйл хэргийг үргэлжлүүлж, үлгэр дууриаллыг нь өөртөө шингээж байх ёстой юм. Хуулийн мэргэжлийг эзэмшсэн явдал бол үнэхээр заяа тавилан байжээ. Одоогийн нийгэмд хуульчид яагаад хэрэгтэй юм бэ гэвэл хууль сахиулна гэдэг бол нийгэмд шударга ёсыг тогтооно гэсэн үг. Шударга ёсны хэмжүүр алдагдвал тэр нийгэмд  итгэл байхгүй болно. Тэр итгэл байхгүй бол ерөөсөө нийгэм, улс тэр чигээрээ мухардалд орно шүү дээ.
 
 
 
Хуульч мэргэжлийг сонгосон шалтгаан бол ааваас минь эхтэй. Аавынхаа мэргэжлийг өндөрт өргөж, нэрийг нь сэвтүүлэхгүй юм сан.  Мөн аав ээжээс өгсөн нэрийг буруу зүйлд хутгахгүй юмсан гэж боддог.  Энэ бол миний амьдралын философи. Үүний төлөө би өдийг хүртэл явсан.  Цаашдаа ч энэ зарчмаа алдахгүй явна. 
 
 
 
-Шударга ёсны хэмжүүр Монголын нийгэмд ямар байгаа бэ?
 
-Ер нь бол маш их алдагдсан. Үүнийг засахын тулд хууль шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс зориг гаргах хэрэгтэй. Хуульдаа үнэнч байх ёстой. Хуульд юу гэж бичсэн байна. Гэм буруу хийсэн хүнд нь тэр хариуцлагыг нь л хүлээлгэ. Тэгэхгүй бол энэ ч миний найз, миний нутаг гэдэг байдлаар хуулийг хэрэглэх юм бол энэ нийгэмд шударга ёс хэзээ ч тогтохгүй. Цаашлаад улсын тусгаар тогтнол аюулгүй байдал маш эмзэг түвшинд хүрнэ. Магадгүй 200, 300 жилийн дараа бид айлын хаяа, хатавчинд байх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.  Тэгэхээр шударга ёсыг хүн болгон тэмцэж, зүрх сэтгэлдээ хадаж байж энэ нийгэм чинь, энэ Монгол Улс чинь хөгжинө.
 
-Та хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаал хашиж байна.  Таны үндсэн мэргэжилтэй хэр уялддаг вэ?
 
-Би телевизийн салбарт 2012 оноос эхлэн ажиллаж байна. Манай“TВ-9” телевизийн уриа, үнэт зүйл бол шударга үнэний дуу хоолой шүү дээ. Шударга үнэний дуу хоолой болсон “TВ-9” телевизийг шударга бус хүн удирдвал бас л асуудалтай.  Тэгэхээр шударга ёс үнэт зүйлийг өөртөө шингээх юмсан гэсэн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээрээ ажлаа хийдэг. 
 
-Таны өсөж өндийсөн Орхон аймаг хотын статустай боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг ололт нь юм уу даа?
 
-Орхон, Дарханыхаа иргэдэд Үндсэн хуулийн дагуу улсын зэрэглэлтэй хотын иргэн болсонд баяр хүргэе гэдгийг хэлмээр байна. Ер нь иргэд маань хотын иргэд болох юмсан гэсэн үзэл санаа тээж амьдардаг юм байна лээ. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа дагуу тэр газар нутаг, засаг захиргааны нэгжийг хот болгосонд нэг их буруу юм байхгүй ээ. Гэхдээ зөвхөн хот болгоод л асуудлыг шийдчихлээ гэж харж болохгүй.  Энэ ердөө л өнгөцхөн явдал. Хот болгосноор асуудал шийдэгдэхгүй ээ.
 
-Хэлэгдэх нэр өөрчлөгдөхөөр яг юу өөрчлөгддөг вэ?
 
 -Энэ өөрчлөлтөөр бол  зарчмын том өөрчлөлт гарч  чадахгүй. Харин дараагийн ажлууд бол хот болсон юм бол дэд бүтцийнх нь асуудлыг шийд. Хотын иргэн болох асуудлыг нь шийд. Хот гэдэг жинхэнэ статусаар нь ажиллуулах асуудлыг нь шийд. Дээрээс нь хотын иргэн ямархуу хангамж, нөхцөлд амьдардаг юм бэ тэр асуудлыг нь шийд. Тэрнээс биш Орхон аймгийг Эрдэнэт хот болгочихоод ингээд л болчихлоо гэж байгаа бол улстөрчдийн сүүлийн 28 жил ярьсан үлгэрийн нэг л хэсэг, үргэлжлэл нь.
 
-Хот болгосон гавъяа нь минийх гээд хүн олон гараад ирчихсэн?
 
-Ямар нэг аргаар тойрог сольж гүйж байгаад ч юм уу, 20, 30 жил УИХ-д суучихсан улстөрчид байна шүү дээ. Энэ улстөрчид бол үлгэрээ л ярьж байгаа юм. Энэ улстөрчдийн хийсэн ажлыг та нар өөрсдөө эргээд хар. Хот болчихлоо гэж битгий тэрийг дагаж хөөр өө. Энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд Монголын нийгэмд шударга ёсыг тогтоож чадсан юм уу. Гэмт хэргийн гаралтыг бууруулж чадсан юм уу. Дээрээс нь улсын өмч хөрөнгө буюу ард иргэдэд очих ёстой өмч хөрөнгийг аль хэр завчуулсан этгээд вэ. Дахиад завчуулах гээд явж байгаа юм биш биз гэдэг дээр л бодол санаагаа чилээх хэрэгтэй юм билээ. 
 
-УИХ-ын гишүүд гэхээр л ганцаардаж, шахаж хавчигдсан хүн байх юм. Надад юу байсан, сэтгэл байсан, үнэхээр дараад хөдөлгөсөнгүй гэсэн ийм хандлагатай.  Иргэд маань ч ийм юманд нь автчихаад байх юм?
 
-УИХ-ын гишүүн хүн  2-3 удаа л дахин сонгогдох хэрэгтэй. Хоёрдугаарт гэвэл нэг сонгогдсон тойрог дээрээ дахин очиж иргэдээрээ дүнгээ тавиул. Ёс зүйн хариуцлага хүлээж чадахгүй байна, ёс зүйн алдаа гаргаад байна, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж ярихаар “Өө надад сонгогчид л дүнгээ тавина, би хариуцлагаа тэнд очиж хүлээнэ” гэж яриад байгаа юм. Тэгвэл хэлсэн үгэндээ хүрээд сонгогдсон тойрогтоо очоод л дүнгээ тавиул. Нэг удаа намын квотоор гараад, нэг удаа Улаанбаатар хотын тойрог руу гүйж очоод л, нэг удаа Орхоны тойрог руу гүйгээд сонгогчдыг төөрөгдүүлээд байна. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Нэг сонгогдсон тойрог дээрээ дахиж очиж өрсөлд. Үнэхээр нийгмийн хүсэмжлэл байвал буцаад ир, хамаагүй. Энийг хуульчилж өгөх ёстой юм байна лээ. УИХ-ын Сонгуулийн тухай хууль юм уу, өөр бусад хууль дээр зохицуулаад өөрчлөх боломжтой. Ийм зохицуулалтыг оруулах юм бол сонгогчдоо хуурдаг, мэхэлдэг улстөрчдөөс бид салж чадна.
 
-Шударга гэдэг үгний утгыг та юу гэж боддог вэ. Шударга байх гэж яах юм. Тийм хэцүү юм уу?
 
-Шударга байх хэцүү биш. Харин ч амархан. Улстөрчид шударга байж чадахгүй байгаа нь өчүүхэн жаахан амин хувийн ашигтаа л эзлэгдчихээд байгаа юм. Тэд жижигхэн юмны барьцаанд орчихсон болохоор шударга байж чадахгүй байна.  Шударга ёс өөрийгөө бодохоос эхлэхгүй юм. Шийдвэр гаргахдаа өрөөл бусдыг бодохоос эхэлдэг юм. Миний гаргаж буй шийдвэр, үйлдэл хэн нэгэнд саад учруулахгүй юу. Үүнээс болж нийт олон хохирохгүй байгаа гэдгийг бодохгүйгээр надад хэрэгтэй юу,миний үр хүүхдэд хэрэгтэй юм уу, миний компани хэрэгтэй юм уу гэдэг бодол нь түрүүлж орж ирж шийдвэр гаргаад байгаа учраас энэ ард түмэн шударга бус байна гэж яриад байгаа юм. УИХ-ын, Засгийн газрын ихэнх шийдвэрүүд хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалсан байгаад олон нийт бухимдалтай байна. 
 
-Шударга байх, шударга бус байх хоёрын алиных нь нөлөөлөл их байна гэж та харж байна?
 
-Шударга бус байх нь Монголын нийгмийг бухимдуулж байна. Монголын нийгмийг бохирдуулаад зогсохгүй ард түмний итгэх итгэлийг нь үгүй хийж байгаа нь хамгийн их хохиролтой.
 
- Энэ олон эрхзүйн зохицуулалтуудаас харахаар бидний ирээдүй ямар харагдаж байна вэ?
 
-Ер нь ирээдүйн гэрэл гэгээг хэзээ ч бөхөөж болохгүй.  Бид гэрэл гэрээ зүгт зүтгэх ёстой. Гэхдээ Монголын ард түмэн дөрвөн жил болоод төрийн эрх барих дээд байгууллагаа сольдог.  Эрх мэдэл, эрх зүйн боломж бидний гарт байна. Энэ боломжийг ашиглаж шударга, сэтгэлтэй хүмүүсээр парламентаа бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн толгой цэвэрших юм бол нийгэм маш хурдан хугацаанд цэвэршинэ. Зориг гаргах ёстой. Төрийн толгойд гарсан түшээд, ард түмний итгэлийг өвөрлөсөн хүмүүс маань ард түмний төлөө шийдвэр гаргаж чадвал энэ нийгэм маш хурдан хугацаанд цэгцэндээ орж чадна.
 
-Боломж үргэлж байдаг. Энэ үгээр ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна. 2030 он танд яаж харагдаж байна?
 
-Монгол Улс хөгжих бүрэн боломжтой, үнэхээр баян улс шүү. 1990-ээд оны хүндрэлтэй үеийг “Эрдэнэт”-ийнхээ хүчээр Монголын ард түмэн өлсөхгүй, зовохгүйгээр давж гарсан. 2010 оноос “Эрдэнэт”-ийг дөрөв нугалсан хэмжээний “Оюутолгой”-н ордтой боллоо. Өөрөөр хэлвэл монголчууд таван Эрдэнэттэй болсон.  Ирэх арван жилийн хугацаанд монголчуудын амьдрал тав дахин өсөх ёстой.  Үр дүнгээ харахын тулд гажуудлыг засах боломжтой.  Мөн Монголын ард түмний оюун ухааны чадал, хүсэл сонирхол, тал дүүрэн бэлчиж байгаа таван хошуу мал байна. Мөн хөрсөн доороо үнэхээр их баялагтай ард түмэн.  Үүнийг зөв зохион байгуулвал манай улс маш хурдан хөгжинө. 2030 он гэхэд Монгол Улс зөв замаар, зөв алсын хараагаа хараад хөдөлж чадах юм бол Азийн шилдэг улс болох бүрэн боломж бий.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин