УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн ч ялагдсан ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй Т.Ганболд “Сонгуулийн дүнг шууд дамжуулах үеэр хөндлөнгөөс хакерууд ажилласан. Дан ганц бие даагч нар дээр сонгуулийн машинд байхгүй таслал, оронгийн шинэ формат орж ирсэн. Сонгуулийн машинд ийм формат байхгүй” гэж мэдэгдэн, санал тоолдог автомат машинд цоо шинэ “муу нэр” өгөв.
Тэрээр ингэж урьд өмнө хэд хэдэн удаагийн сонгуулиар ямар нэг “но-“гүй, хэн нэгэн хакердах боломжгүй нь батлагдсан санал тоолох машиныг шууд гүтгэсэн бөгеөд шалгалт явуулж, саналыг гараар дахин тоолохыг шаардсан юм. Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооныхон гомдол гаргагчийг байлцуулан гар тооллого явуулахаар тус аймагт ажилласан ч Т.Ганболд ирээгүй тухай өчигдөр сошиалаар мэдээ түгэв. Хэрэв Т.Ганболд итгэл үнэмшлээрээ мэдэгдэл хийгээд түүнийгээ батлахыг хичээсэн бол Сонгуулийн хорооныхон очсон, очоогүй хэсгийн хороогоо манаад хариуцлагатай гэгч сууж байх байсан. Харамсалтай нь тэр хариуцлагагүй мэдэгдэл хийснээ, гараар тоолоход дахин ялагдахаа ойлгоод ирээгүй бололтой. Түүн шиг гар тооллогын дүнгээр дахин ялагдлаа сонссон ШИНЭ эвслийн Ж.Батзандан, АН-ын С.Эрдэнэболд, Өвөрхангай, Өмнөговийнхон гэх зэрэг олон нэр дэвшигч жинхэнэ ёсоор ялагдлаа хүлээн зөвшөөрөв. Анхнаасаа бүгд л хар машинд ямар нэг асуудал байхгүйг мэдэж байсан. Гэхдээ сонгогчид уриалгад нь автаад бөөгнөрч цуглаад магадгүй төр эргүүлчихнэ гэж “горьдсон” юм болов уу. Гэвч тэд буруу боджээ. Тэд ялагдсан, дээр нь төр үймүүлэхээр санаархсан муу нэр сонсож үлдэв.
 
 
 
Бие даагчдын удирдагч хэмээн зарласан Т.Ганболд “Дархан-Уул аймагт 20 хоногт тасралтгүй явагдсан бүх уулзалтын үер иргэд одоогийн засаглалд сэтгэл хангалуун бус, хүлээлт, хандлага их байсан. Өрсөлдөгч намууд маань ч гэсэн намайг нэгээр ялна гэдэгт хүлээн зөвшөөрсөн байсан" гэв. Харамсалтай нь тэр бас л буруу боджээ. Угаасаа Монгол хүн хэзээ ч уулзаж буй хүнээ өөдөөс нь хараад шүүмжлээд суудаггүй. Яагаадыг бүү мэд, Монголчууд тийм л хүмүүс. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймагт Т.Ганболдын уулзалтад ирсэн хүмүүс түүний талд ярьж, санал бодлоо илэрхийлж байжээ. Харин судалгаа өөр гарчээ.
 
 
Зургадугаар сарын 12-нд Дархан-Уул аймгийн сонгогчдын дунд тойргийн улс төрийн төлөв байдал, улс төрийн намуудын дэмжлэг, тус тойрогт нэр дэвшиж буй субъектуудын танигдсан болон дэмжигдэх төлөв байдлыг тодорхойлсон судалгааг хийжээ. Санал хураалт болохоос яг 12 хоногийн өмнө авсан уг судалгаагаар намуудын рейтингийг авч үзэхэд МАН-ын рейтинг өмнөхөөс эрс өссөн бол АН-ынх бага зэрэг өссөн дүн гарчээ. МАН-ын рейтингийн өсөлт нь цар тахлаас сайн хамгаалсан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өндөр рейтинг намдаа наалдаж ирсэн зэрэгтэй холбоотой аж.
Судалгааны нэг асуулга нь “Та 2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам олонх болж, хэн гэдэг хүн Ерөнхий сайд болоосой гэж Та хүсч байна вэ? гэсэн асуулга байсан бөгөөд 61.4 хувь нь МАН олонх болж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайд болоосой гэжээ. Харин тойрогт нэр дэвшигчдийн талаарх асуулгад, МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нарт 33-44 хувь нь “Итгэдэг” гэж хариулсан бол бие даан нэр дэвшигч Т.Ганболдод 23.2 хувь нь “Итгэдэг” хэмээн хариулжээ. Араас нь АН-аас нэр дэвшигч Н.Мөнхдаш 17.1 хувиар, Д.Энхтуяа 14.1 хувиар сонгогчдын итгэлийг хүлээсэн нэр дэвшигчээр тодорчээ. Яг л энэ санал асуулгад гарч байгаа шиг МАН-ын гурав ялж, араас нь бие даан нэр дэвшигч Т.Ганболд 33 хувиар, араас нь АН-аас нэр дэвшигч Н.Мөнхдаш, Д.Энхтуяа нар 19 болон 13 хувийн санал авсан дүн мэдээг нөгөө Т.Ганболдын “гүтгэсэн” хар машин гаргасан юм. Өөрөөр хэлбэл, судалгаа огт зөрсөнгүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа Т.Ганболд мэтийн этгээдүүд цаашид ч төр үймүүлэхийг хүсээд байвал тухайн тойргуудад судалгаа хийсэн байгууллагууд дүнгээ ил гаргах хэрэгтэй юм.
 
 
 
Энэ нь судалгаа ба саналын дүн зөрөөгүйг илтгэхийн сацуу тухайн судлаачид, судалгааны байгууллагын чансааг илэрхийлэх сайн талтай. Сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй бие даагч Т.Ганболдын талаарх судалгааны үзүүлэлтүүд бас сонирхолтой. Уг судалгаагаар түүний танигдсан хувь 40.7 хувьтай ч рейтинг нь 25.1 хувьд л хүрсэн гэжээ. Нэг үгээр, түүний өрсөлдөгч МАН-ынхны рейтинг өндөр байгаагийн зэрэгцээ тэрээр яг бодлогын нэр дэвшигч биш гэх хандлага рейтингийг нь дарсан бололтой.  
 
 
 
Учир нь түүнд баг байхгүй ердөө л бие даагч.Бие даагчид УИХ-д ороод ямархуу байдлаар цагийг үрдгийг сонгогчид мэдэх учир Т.Ганболдын рейтинг өсөөгүй болов уу.
Дархан-Уул аймгийн судалгаанаас гадуур дүгнэлтээ хэлэхэд, сонгуулийн эхнээс л МАН олонх болох нь угаасаа ойлгомжтой байсан. Үүнд коронавирусыг дотооддоо алдаагүй, эдийн засгийн сөрөг үр дагавраас иргэд, аж ахуйн нэгжүүдээ хамгаалсан амжилт, шударга бустай тэмцсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг гээд олон хүчин зүйлээр илт давуу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. АН-ын “Өсөлтийг өрх бүрд" уриа амьдралд нэг л наалдахгүй байсны учир нь эрх баригчид аль хэзээний хүүхдийн 100 мянга, тэтгэврийн зээлийн тэглэлт гэх мэтээр дамжуулаад өрх бүрд өгөөж хүртээгээд эхэлсэнтэй холбоотой байв. Дээр нь тус намын сонгуулийн пиар, сурталчилгаа, стратеги тактик өрсөлдөгчдөөсөө илт давуу байсан. Үнэхээр л сонгуулийн сурталчилгааны турш МАН хийсэн болоод хийж бүтээхээ ярьж, дарга нь ил гарч явсан бол АН болон бусад нам, бие даагчид эрх баригчдыг шүүмжилж, өө сэв хайж, ядаж АН-ын дарга С.Эрдэнэ нь нуугдаж сонгууль дуусгав. Ядахад яр гэгчээр сурталчилгааны дундуур АН-ын дарга өөрийгөө Ерөнхий сайд болохгүй гэж зарласан нь ялагдлаа шууд хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Сонгогчид гэдэг сонгуулийн үеэр ард түмний хамгийн хариуцлагатай хэсэг болдог. Тэд иймэрхүү хариуцлагагүй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ ч өгсөн саналаараа хариулав.
Сонгогчдын өгсөн саналыг буюу сонгуулийн дүнг зургадугаар сарын 25-нд хамгийн анх хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол АН-ын дарга С.Эрдэнэ, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан нар. Гэвч тэрний маргааш тэд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бие даагч Т.Ганболд нарын зарим бие даагчдын хамт сонгууль луйвар булхайтай боллоо гэцгээн “элийрцгээв”. Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр бүр “СЕХ-г татан буулгаад оронд нь МАН-аас бусад нам, эвсэл, бие даагчдын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүн байгуулж, сонгуулийг дахин хийе” гэв. Ингэхэд нэр дэвшээд ялагдсан залуучууд нь яагаад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөд байхад Н.Энхбаяр, Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, Т.Ганболд зэрэг хуучин дүрүүд бодит байдалтай эвлэрэхгүй байна вэ? Тэд судалгааны дүнг ч, олон нийтийн хандлагыг ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Гэхдээ тэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үймээн дэгдээж чадвал өөрсөддөө улстөрийн ашиг унагана гэж бодоод байх шиг.
 
 
Г.САМДАН