sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад Харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ сарын 15-16-нд албан ёсоор айлчилна.
Уг айлчлалын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэхдээ, “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал нь цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ" хэмээв.
 
 
 
Тэрбээр, "Гадаад хэргийн сайд Ван И Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ халдварт өвчинтэй тэмцэж байсан хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хандив өргөсөнд талархаж явдаг. Энэхүү айлчлал хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэлээ.
 
 
 
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна.
Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, аль болох цөөн хүн үйл ажиллагаанд оролцуулахаар зохицуулжээ.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг