МОСКВА. /КОММЕРСАНТ/. Өрнөдийн орнуудтай харилцаа нь дахин хурцдаад буй энэ үед Орос евразийн түншүүдтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлсээр байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан Москва хотод болсон юм. Хуралдааны үеэр талууд эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэх, тээвэр логистикийн төслүүдийг хэрэгжүүлэх талаар болон терроризм, хар тамхины наймаатай тэмцэхэд хамтын хүчин чармайлт гаргах асуудлыг хэлэлцжээ. Харин Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйтай холбоотой хэргээр сэтгүүлчид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос тодруулга авсныг эс тооцвол Евразийн “наймын” уулзалтын үеэр хэн нь ч энэ талаар дурссангүй. 
ШХАБ-ын гадаад хэргийн сайд нар тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг 11 дүгээр сард хийхээр бэлтгэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг эхэндээ Санкт-Петербургт 7 дугаар сард хийхээр төлөвлөж байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас уулзалтыг намар хийхээр хойшлуулж, хожим нь видео хэлбэрээр зохион байгуулахаар болсон. 
 
 
 
ШХАБ-ын бүрэлдэхүүнд багтдаг найман улсын гадаад хэргийн сайд нартай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин видеогоор холбогдон мэндчилжээ. ШХАБ-д Оросын даргалах хугацаа дуусаж байгааг В.Путин мэдэгдэж, энэ хугацаанд 90 гаруй арга хэмжээг төлөвлөсөн хэдий ч цар тахлын улмаас зарим нь хэрэгжиж чадаагүйг хүлээн зөвшөөрчээ.
 
 
 
ШХАБ олон янзын салбарт хүчин чармайлт тавих шаардлагатай байгааг В.Путин онцолжээ.
 
“Евразид болон хил залгаа бүс нутгийн аюулгүй байдал онцгой анхаарал шаардаж байна. Афганистанд нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа бол Ойрхи Дорнод, Африкийн хойд хэсэгт сөргөлдөөн намжихгүй байна” хэмээн В.Путин мэдэгджээ. Харин тэрбээр ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд үүссэн сөргөлдөөн, тэр дундаа Энэтхэг, Хятадын талаар дурдаагүй аж.
 
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологийн түншлэл, тээвэр логистикийн нэгдсэн дэд бүтцийг бий болгохын тулд өөр олон зүйлийг хийх хэрэгтэйг В.Путин цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа өөр олон улс, олон улсын байгууллагууд илэрхийлснийг В.Путин онцлон тэмдэглэжээ. “Гишүүн орон, ажиглагчийн эсвэл яриа хэлэлцээний түншийн статус авах хувиар манай байгууллагад элсэх нийт 16 хүсэлтийг бид авсан. Энэ нь манай байгууллага дэлхий дахинд хэр их нөлөөтэй байгааг харуулж байна” хэмээн тэрбээр Гадаад хэргийн сайд нарт хандан мэдэгдсэн байна.
Үүний дараа дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурах тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дурдсан байна.
 
 
 
ШХАБ-ыг ажиглагч орнуудад Афганистан, Беларусь, Иран, Монгол багтдаг. Иран тус байгууллагад элсэх хүсэлтээ 2008 онд өгч байжээ. Гэсэн ч НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас 2015 оныг хүртэл тус улсыг элсүүлээгүй байна. Ираны цөмийн хэлэлцээр байгуулагдсанаар тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсан ч өөр нэгэн асуудал үүссэн юм. Иран, Тажикистаны хооронд маргаан үүссэнээр Ираны ШХАБ-д элсэх хүсэлтэд хориг тавьжээ. 
 
 
 
Афганистан ШХАБ-д элсэх хүсэлтээ 2015 онд өгчээ. Хүсэлтийг ерөнхийдөө эсэргүүцсэн зүйл байгаагүй ч шинэ гишүүд нь ШХАБ-ын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой байдаг талаар баримт бичигт дурдсан байдаг аж. Харин Афганистаны хувьд аюулгүй байдлын асуудал тун тааруу юм.
Харин Монгол, Беларусь гишүүнчлэлийн хүсэлт явуулаагүй юм. 
 
Армени, Азербайжан, Камбож, Непал, Турк, Шри-Ланк нь ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орнууд юм.
Улс орон бүрт ШХАБ-тай ойртохыг эрмэлзэх шалтгаан бий. Тухайлбал, Иран иймэрхүү замаар олон улсаас тусгаарлагдмал байдлаа даван туулахыг оролдож байгаа бол Афганистаны хувьд эдийн засаг, аюулгүй байдалын салбарт хэрэгжих төслүүдэд хамрагдах явдал юм. Гишүүн орнуудад ч мөн ШХАБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болсон шалтгаанууд бий. Оросын хувьд гадаад бодлогоо евразийн чиглэлээр хэрэгжүүлэх нь чухал тавцан юм. Ялангуяа Өрнөдийн орнуудтай харилцаа хурцдах үед иймэрхүү бүтэц нь тун ач холбогдолтой юм. Тухайлбал, А.Навальныйтай холбоотой хэргээр “долоогийн” бүлэг ОХУ-ын эрх баригчдыг шүүмжилж байхад евразийн “наймын” хуралдааны үеэр энэ сэдвийг хэн нь ч хөндөөгүй юм. Орос улс одоо евразийн түншүүддээ илүү итгэл төрүүлж байна.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг