sonin.mn
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярыг урилаа.
 
-Таны хувьд салбартаа шинэ хүн биш учраас ажилтайгаа танилцаж хугацаа алдаагүй байх. Сайдын тамгаа гардаад ажлаа юунаас эхлэв?
 
-Миний хувьд 35 жил цэргийн алба хаахдаа батлан хамгаалах салбарынхаа, офицер хүн хаших ёстой бүх албан тушаалд томилогдож ажилласан. Сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний анги салбаруудад 7-8 жил улмаар Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтнээр томилогдож хэлтсийн дарга хүртлээ ажиллаж байгаад сүүлийн 10 гаруй жил Батлан хамгаалах яамандаа ажиллалаа.
Сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Афганистанд үүрэг гүй­цэтгэж байсан цэргүүдээ татах шийдвэрийг гаргасан. Учир нь цэргийн дарга хүн цэргүүддээ хамгийн их анхаарал тавьдаг байх ёстой. Тэр ч утгаараа анхны шийдвэрээрээ Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусын халдвар авсан цэргүүдээ шуурхай татсан.
Дамжин өнгөрөх улс орны зөвшөөрөлтэй холбоотойгоор олон улсын рейсийн онгоц саатсанаас цэргүүд маань 38 хоног дамжин өнгөрүүлэх баазад байрлаж байхдаа халдвар авсан байсан. Дахиад долоо хоног алдахад л эрсдэл илүү өндөр байх нөхцөл байдал үүссэн учраас хугацаа алдахгүйн тулд Засгийн газрын эхний хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний үр дүнд цэргүүдээ эх оронд нь авчирсан. Тухайн үед халдвар авсан 55 цэрэг маань одоо бүрэн эдгэрч, ажилдаа ороод байна.
 
Салбартаа бүх шатанд ажиллаж байсан учраас мэдэхгүй, мэдрэхгүй ажил  гэж байсангүй. Тиймээс батлан хамгаалах салбар, алба хаагчдынхаа төлөө юу хийж болох вэ. Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх шинэчлэлийг хэрхэн төгс хийх вэ гэдгийг бодож төлөвлөлөө.
 
Ажилтай танилцах гэж анги байгууллага, харъяа газруудаар очих хэрэг байгаагүй. Манай яамны харъяа Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд Зэвсэгт хүчний Жанжин штабт албан ёсоор очиж үүрэг даалгавар өгсөн. Бусад хугацаанд бол бодлогын зорилтууд, ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа үндсэн чиглэлийг тодорхойлоход анхаарлаа.
Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын арга барил өөр байдаг. Миний хувьд мэргэжлийн гэдэг утгаараа энэ салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа доод нэгжээс буюу анги салбараас эхлэхээр төлөвлөсөн. Батлан хамгаалах яам сүүлийн жилүүдэд үндсэн үйлдвэрлэл болсон анги салбаруудаасаа нэлээн хөндийрсөн. Ялангуяа, батлан хамгаалахын сайд анги салбарт ажиллах нь хүндэтгэл, билэгдлийн чанартай байсныг халж, илүү бүтээлч, амьдралын гүнд нь орж ажиллана гэж шийдсэн. Зэвсэгт хүчний нийт ангийн шинэчлэлийг хаанаас эхэлж, юунд анхаарах, цэргийн албаар дамжуулан иргэдийг эх орноо батлан хамгаалахад бэлтгэдэг тогтолцооны суурь хэр байгааг мэдрэхийн тулд олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийж үрэн таран хийх шахсан стратегийн томоохон ач холбогдолтой Зүүнбаянгийн мотобуудлагын тусгай хороонд юуны өмнө очиж ажиллалаа. Мөн Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангитай явуулсан дайчилгаатай команд штабын болон тактикийн хээрийн сургуулийн үйл явцтай танилцлаа. Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын гол үүрэг бол иргэдийг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх явдал байдаг. Тэр ч утгаараа дайчилгаатай, байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль бол Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн үндсэн хэлбэр байдаг. Энэ сургуулийн онцлог нь зөвхөн мэргэшсэн цэргийн алба хаагчдаас илүү иргэдийг, өмнө нь цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнийг давтан бэлтгэх, дадлагажуулахад чиглэдэг юм.
 
 
 
-Салбартаа бүх шатанд ажиллаж байсан учраас мэдэхгүй, мэдрэхгүй ажил байсангүй. Тиймээс батлан хамгаалах салбар, алба хаагчдынхаа төлөө юу хийх, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх шинэчлэлийг хэрхэн төгс хийх вэ гэдгийг бодож төлөвлөлөө.
 
 
 
-Салбарын нэгдүгээр хүн төрийн тамга атгаж суухаас гадна хамт олныхоо жаргал, зовлонг мэдэрч ойлгох учиртай. Ажлын зарчим, арга барилыг тань сонирхоё? 
 
-Цэргийн байгууллага бол дүрэм, журамтай төрийн тусгай алба. Энэ онцлогтой албанд зүтгэж буй цэргийн алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарах бодол бий. Энэ ч утгаараа миний ажиллах арга барил хүн рүүгээ анхаарч, нийгмийн асуудлыг нь шийдэхэд төвлөрнө. Хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөл өнөөдрийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгааг хэнээс ч нуух шаардлагагүй. Офицер, ахлагч нарын ажлын байр, ажиллах орчин нөхцөл адилгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд, Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах цэргийн ангид ажилладаг ихэнх офицер, ахлагч нар Улаанбаатараас ажилчдын автобусаар явдаг. Өглөө үүрээр гэрээсээ гарна. Орой харанхуйгаар гэртээ ирдэг. Ингэж үүрээр гарч хол зам туулж очиход ажлаа хийх өрөө тасалгаа нь тохигүй байхад сэтгэл санаа, ажлын бүтээмж ямар байх вэ. Тиймээс “Цэргийн хотхон” төслийг энэ ангиас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд буюу ирэх дөрвөн жилд зэвсэгт хүчний олон анги салбарыг бүрэн шинэчилж амжихгүй ч бүх боломжоо дайчлан эхлэлийг нь тавих болно. Цэргийн дүрмээр тогтоосон стандартыг мөрдөхийн хажуугаар хугацаат цэргийн алба хаагчдын амьдрах орчин, сургалтын бааз, ажлын өрөө тасалгааг олон улсын жишигт нийцүүлэх ёстой.
 
 
 
Улаанбаатарт ажиллаж байгаа офицер, ахлагч нарын хувьд орон сууцны асуудал харьцангуй гайгүй. Харин онцгой анхаарах цэг бол алслагдсан бүс нутагт байгаа офицер, ахлагч нарын орон сууцны асуудал. Хөдөө орон нутгийн алба хаагчдыг орон сууцжуулах асуудлыг дэс дараатай шийдвэрлэнэ.
 
 
 
Манай салбарт залуу нас, амьдралаа зориулсан гавьяаны амралтдаа гарсан олон ахмад байдаг. Ахмадууд маань цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хааж хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгоод чөлөөндөө гарсан ч салбарын үндсэн алба хаагчид хэвээрээ гэж боддог. Тиймээс Батлан хамгаалах яамнаас ахмадын талаар баримтлах бодлогыг тодорхойлон баталгаажуулаад байна. Энэ хүрээнд ахмадын байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болгож, бодитойгоор дэмжиж ажиллана. Зэвсэгт хүчний ахмадуудын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх, салбарын хөгжилд хүч дэмжлэгийг нь авах зорилгоор “Ахмадын өргөө” байгуулж, ахмадын сувиллыг сэргээхээр төлөвлөж байна. Дээхэн үед байсан цэргийн худалдааны сүлжээг анги салбаруудаа түшиглэн бий болгож, ахмадын байгууллагуудаа аж ахуйтай болгох зэргээр цогцоор нь дэмжих юм. Цаашид Ерөнхий сайдын тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-той хүүхэд, залуусыг эх орноо хайрлаж хамгаалдаг зөв хүн болгож төлөвшүүлэхэд хамтарч ажиллана.  
 
-Зэвсэгт хүчин мэргэжлийн, чадварлаг байж, нийт иргэд эх орноо хамгаалах бэлтгэлжилттэй байх ёстой гэдэг. Эх орноо хамгаалахад цэргийн алба хаагчдаас гадна иргэдийг бэлтгэх ажил хэр байгаа вэ?
 
-Улс орны аюулгүй байдлыг хангах, гадны аливаа халдлага түрэмгийллээс улс орноо хамгаалахад хамгийн эхэнд Зэвсэгт хүчин бэлэн байх ёстой. Хоёрдугаарт, иргэд бэлэн байх учиртай. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус байгууллага бэлтгэлтэй байх шаардлагатай. Үүний тулд үе үеийн Батлан хамгаалахын сайд, төр, засгийн зүгээс зэвсэгт хүчнээ мэргэжлийн, чадварлаг байлгахад анхаарч зорьж ирсэн нь амжилттай хэрэгжиж байна. Цэргийн албанд мэргэжлийн бүрэлдэхүүн хангалттай бэлтгэгдсэн. Боловсрол, бие бялдар, эрүүл мэнд, ур чадвараараа аль ч салбараас дээгүүрт байгаа. 
Улс орноо батлан хамгаалах тогтолцооны нэг тулгуур нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн байдаг. Эх орноо батлан хамгаалах дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн алба хаасан бүх эрчүүд хамаардаг бол цэргийн алба хаагаагүй иргэд дайчилгааны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн байдаг. Батлан хамгаалах яам дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг олон жил тодорхой түвшинд сургаж, бэлтгэж ирсэн. Гэвч энэ бүрэлдэхүүний сургагдсан байдал, чанарыг авч үзвэл сүүлийн жилүүдэд суларсан. Батлан хамгаалах бэлтгэлжилттэй байх сургалт, бэлтгэлийг аймгуудад түүвэрчилсэн байдлаар явуулж байгаа ч нийт бүрэлдэхүүнтэй харьцуулахад маш бага хувьтай байгаа. Арван жилээр нь авч үзвэл нийт бүрэлдэхүүний 20-30 хувийг нь бэлтгэж байна. Гэтэл 30 жилд 60-70 хувийг давтан бэлтгэлд хамруулж байх жишээтэй. Нэг хүний насаар аваад үзвэл аль хэдийнэ цэргийн бэлтгэл үүрэгтнээс хасагдах  хэмжээнд хүрнэ. Тиймээс дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалт, давтан бэлтгэлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа.
Орон нутгийн хамгаалалтын хуультай болсноор батлан хамгаалах бодлогоор тодорхойлсон орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой болсон. Бүх аймаг, сум, дүүрэг төлөвлөгөөтэй болоод байна. Харин хуулийг хэрэгжүүлэх, орон нутгийн хамгаалалтын дадлага сургуулилт хийх, нөөц бүрдүүлэх ажил бий.
 
 
 
Орон нутгийн хамгаалалт гэдэг бол ямар нэг халдлага түрэмгийлэл боллоо гэхэд зэвсэгт хүчний анги салбар очихоос өмнө тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа иргэд бие дааж орон нутгаа хамгаалах мэдлэг, дадлага, чадвартай байж, гүйцэтгэх үүрэгтээ тохирсон нэгжид бүх иргэн томилгоожсон байхыг хэлж байгаа юм.      
 
 
 
-Хүнээ бэлтгэхээс бид хоцроогүй. Харин зэвсэг, техникийн шинэчлэл дэлхийн чиг хандлагаас хол хаягдсан гэдгийг олон жил ярьж ирлээ. Ихэнхдээ гадаад харилцааны шугамаар зэвсэг, техникийг шинэчилж ирсэн байх шүү? 
 
-Батлан хамгаалахын гадаад харилцааг олон түмэн “Бага гадаад яам” гэдэг. Энэ ч утгаараа 37 оронтой хамтын ажиллагаатай, таван улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаатай хамтран ажиллаж байна. Харин ирэх дөрвөн жилд 30 гаруй оронтой цэргийн дипломат харилцааны бодлого, арга хэмжээг үнэлж хамтын ажиллагааны түвшингээ ахиулах, шинээр цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтоож хөгжүүлэх эсэх талаар тооцоо судалгааг хийж байна.
Зэвсэг, техникийн шинэчлэлийн хувьд хугацаа алдсан, алгуурласан, буруу бодлого баримталснаас удааширсан үе бий. Мөн улс орны эдийн засгийн чадавхи нөөцөд тулгуурлахгүйгээр олон сая ам.долларын үнэтэй пуужин, зэвсэглэлтэй болох зорилт дэвшүүлж үр дүнгүй явж ирсэн. Бусад улс орон өндөр цэцтэй, хөнгөн зэвсэглэлтэй болсон. Гэтэл Монгол Улс өнөөдөр нэг бүрийн зэвсэг автоматаа ч шинэчилж чадаагүй. Дэлхийн II дайны үед ашиглаж байсан автомат буу долоо дахь үедээ хүртэл шинэчлэгдсэн байхад манайх хамгийн анхны автомат бууг 1950-1960 оныхыг л ашигласан хэвээр байна. Тиймээс хугацаат цэргийн алба хаагч, офицер, ахлагч нарынхаа нэг бүрийн зэвсэглэлийг шинэчлэх, мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн багуудын техникийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага байна.    
Бид өнгөрсөн 20-30 жилд галт зэвсгийнхээ нөөцийг ашиглаж ирсэн. Харин одоо ердийн  зэвсгийн сумаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох цаг ирсэн. Ирэх жилүүдэд ямар ч байсан сумны үйлдвэртэй болох зорилт тавиад байна. Ийм боломж ч бий. Бас нэг чухал асуудал бол агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэл. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад бэлтгэгдсэн цэргийн инженер, мэргэжилтнүүдийнхээ чадварыг ашиглаж инновацийг нэвтрүүлж, техник хэрэгслээ сэргээн сайжруулах ажлыг хийнэ.  Агаарын цэргийн шинэчлэл их хөрөнгөөр урт хугацааны турш хэрэгжинэ. Бодлого зорилтоо тодорхойлж бэлтгэл ажил эхэлсэн ч агаарын цэрэг бүх төрлийн нисэх хэрэгсэлтэй болоход наад зах нь 40-50 жил шаардагдана.
 
-Ер нь салбартаа хэрэгжүүлэхээр бодсон, зорьсоноо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадав уу?
 
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой үндсэн асуудлуудаа нэлээн сайн тусгалаа. Засгийн газар салбарын сайдуудаа нэгдсэн бодлогоор дэмжиж уялдаа холбоог нь хангахад чамгүй анхаарсан. Ирэх  дөрвөн жилд батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн үндэс, цэргийн алба хаах харилцааг боловсронгуй болгох, чадавхийг нэмэгдүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх том зорилгын хүрээнд есөн үндсэн зорилтыг дэвшүүллээ. Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллааганы хөтөлбөрийн нэг дэвшил, онцлог нь хэрэгжих үгүй нь тодорхойгүй олныг биш маш тодорхой ажлуудаа төлөвлөсөн. Тухайлбал, өмнөх дөрвөн жилд Батлан хамгаалах яам 160 гаруй ажил төлөвлөж байсан. Миний хувьд ирэх дөрвөн жилд 50 тодорхой ажил хийнэ. Дөрвөн жилд хуваахаар цөөхөн мэт харагдах ч үнэхээр бодитой хэрэгжүүлбэл салбарын хөгжилд томоохон дэвшил авчирч, ажлын үр дүнг харуулах юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсаны дараа яаман дээрээ маш нарийн төлөвлөгөө гаргаж, аргачлалыг боловсруулж бүх ажлыг эзэнтэй болгоно доо.
 
-Цар тахлын онцгой үед энхийг сахиулагчид үүргээ хэрхэн гүйцэтгэж байна вэ. Хил хаасантай холбоотойгоор ямар нэг өөрчлөлт орсон, халдвар авсан тохиолдол байгаа юу?
 
-НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон цэргийн бусад ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг, албан хаагчид үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Харин цар тахлаас болоод хугацааны хувьд өөрчлөгдөж байгаа зүйл бий. Тухайн бүс нутагт цар тахал илэрсэн, эдгэрсэн тохиолдол ч байгаа. Монгол цэргүүдийн хамгаалж байгаа дүрвэгсдийн хуаранд ямар нэг халдварын шинж тэмдэг илрээгүй. Сайдаар томилогдсоны дараахан гадаадад байгаа алба хаагчид цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлтгэлжилттэй байх талаар нарийн заалттай тушаал гаргаж цэргийн алба хаагчиддаа нэг бүрчлэн хүргэсэн. Гадаадад ганцаараа, хэсэг бүлгээрээ үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг байгаа учраас зөвлөмжийг гар гарт нь өгсөн. Үүний дагуу дэглэмээ сайн сахиж байна. 
 
 
 
Энхийг сахиулах ажиллагаанд томилогдоод явж байгаа алба хаагчид замдаа халдвар авах тохиолдол гарсан. Үүнийг НҮБ-ын гэрээний дагуу хүлээн авагч улс орон эмчлээд явж байна.
 
 
 
-Үндсэн салбараасаа сонгогдсон мэргэжлийн хүний хувьд батлан хамгаалах салбарыг аль зүгт ямар бодлогоор ямар хэмжээнд хүргэх амбийц байна вэ?
 
-Сүүлийн 18 жил Батлан хамгаалах яаманд ажилласны 11 жил нь Төрийн захиргааны удирдлагын газар буюу хүний нөөцийн бодлогын асуудлыг хариуцаж байсан. Тиймээс энэ  салбарын бүрэлдэхүүндээ мэдлэг, ур чадварын хувьд дүгнэлт хийх хэмжээнд таньж мэднэ гэж ойлгож байгаа. Бие бүрэлдэхүүний хувьд дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд ямар нэг хүндрэл бэрхшээл гарахгүй байх. Хүний нөөцтэй холбоотой зарим нэг алдаатай бодлого шийдвэрийг цэгцэлж, боловсон хүчний томилгоонд карьерын зарчмыг баримтална. Монголын газар нутгийн онцлогт тохирсон зэвсэгт хүчний бүтцийг эх орны үндсэн эрх ашигт нийцүүлэн бий болгох ёстой.
Улс орны бүтээн байгуулалтад оролцож байгаатай холбоотойгоор сүүлийн хоёр жилд олон тооны офицер, ахлагч, цэргийн алба хаагч анги байгууллагаас шилжсэнтэй холбоотойгоор үндсэн үйл ажиллагаа доголдох, бэлэн байдал сулрах асуудал гарсан. Ойрын хугацаанд Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг шинээр бүтцэд оруулна. Ингэснээр бүтээн байгуулалтад барилга-инженерийн цэрэг оролцож, зэвсэгт хүчний бусад төрлийн цэргийн анги салбаруудаас хүч нэмэгдүүлдэг байдлыг болиулна. Төрлийн цэргийн командлалууд ирэх жилээс төсөв санхүү, удирдлагын хувьд бүрэн бие  даана. Командлалын гол утга учир нь тайван болон байлдааны цагт бүрэн бие дааж ямар ч үүрэг биелүүлэхэд бэлэн байх явдал юм.
 
-Батлан хамгаалах салбарт саар зүйл ч бий. Энх цагт эр цэргүүд цаг бусаар амиа алдсан хэрэг цөөнгүй гарлаа. Алдаа дутагдлыг арилгахад хэрхэн анхаарах вэ?
 
-Батлан хамгаалах салбар бол бусад салбарыг бодоход харьцангуй эмх цэгцтэй, дэг журам, эрэмбэ дараалалтай газар. Гэхдээ улам чамбайруулж, сайжруулах зүйл бий.  Анги, байгууллага бэлэн байхын үндэс нь чанартай сургалт байдаг. Тангараг өргөсөн цэргийн алба хаагч бүр цэргийн сахилга, хариуцлагыг хатуу мөрдөж байх ёстой. Ялангуяа, цэргийн албаны харилцаа, хариуцлагагүй байдлыг халах тал дээр хатуу бодлого баримтална.
Цэргийн албаны харилцаа гэдэг аль ч улс оронд байнгын эрсдэлтэй нөхцөлд байдаг. Цэрэг хүн тайван цагт сургалт, бэлтгэлд хамрагдахдаа ч байлдааны зэвсэг техник, сум, галт хэрэглэлтэй харьцдаг. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчид тогтвортой бус, байнгын эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Тиймээс эрсдэлтэй албанд хамгийн чухал нь шат шатны дарга нарын үүрэг хариуцлага, сэтгэл, удирдах ур чадвар байдаг. Би “Хүн болгон идэх талхныхаа буланд эзэн бай” гэсэн шаардлага тавьж байгаа.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин