sonin.mn

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /TASS/. Өмнөд Африк болон Европын палеогенетикийн судлаачид эртний хүмүүсийн өмнө нь мэдэгдэж байгаагүй популяцийг илрүүлжээ. Энэ бүлэг хүмүүс одоогийн Өмнөд Африкийн нутагт хэдэн арван мянган жил амьдарч, 200 мянга орчим жилийн турш хүн төрөлхтнөөс генийн хувьд тусгаарлагдсан байжээ.


Энэхүү эртний хүмүүсийн генийг судлах нь хүний төрөлхтний үүслийг тодруулахад тусална гэж Шведийн Упсалагийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.


“Энэхүү эртний хүмүүсийн бүлэг нь манай төрөл үүссэн цагаас эхлэн хамгийн багадаа 200 мянган жилийн турш хүн төрөлхтнөөс бүрэн тусгаарлагдсан байсан. 1.4 мянган жилийн өмнөөс л тэдний генийн санд Дорно болон Баруун Африкаас гаралтай хүмүүсийн ДНХ-гийн хэсгүүд илэрч эхэлснийг бидний хийсэн судалгаа шинжилгээ харуулж байна" гэж Упсалагийн их сургуулийн профессор Маттиас Якобсон ярилаа. 


Энэхүү нээлтийг судлаачид Өмнөд Африкаас олдсон эртний хүмүүсийн 30 орчим үлдэгдлийн ДНХ-ийн бүтцийг тайлах явцдаа хийжээ. Эдгээр яс нь 150-10.2 мянган жилийн настай бөгөөд Лимпопо голоос урагш орших янз бүрийн бүс нутгаас олдсон байна.


Судлаачдын тайлбарласнаар, тивийн энэ хэсэг нь хэдэн арван мянган жилийн турш Африкийн бусад хэсгээс газар зүй болон цаг уурын хүчин зүйлсийн улмаас үндсэндээ тусгаарлагдсан байжээ. “Бид Африкийн эдгээр бүс нутагт ямар нэгэн төрлийн хүмүүс оршин сууж байсан гэдгийг мэдэж байсан хэдий ч тэд манай төрөл Хомо сапиенсийн төлөөлөл үү эсвэл өөр эртний гоминид төрөлд хамаарах хүмүүс үү эсэхийг бүрэн баталгаатай мэдэхгүй байлаа.


Харин одоо бид оюун ухаант хүмүүс Африкийн өмнөд хэсэгт урт хугацааны турш оршин амьдарч, хувьсаж хөгжиж байсныг, мөн тивийн энэ бүс нь манай төрөл үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байж болох юм гэдгийг итгэлтэйгээр хэлэх боломжтой боллоо” гэж профессор Якобсон нэмж хэлэв.


Судлагдсан 28 эртний хүний 25 нь Өмнөд Африкийн койсан үндэстний төлөөлөгчид мөн багтдаг L0d гапло бүлэгт хамаарч байгааг эрдэмтдийн хийсэн шинжилгээ харуулжээ. Эдгээр койсанчуудыг дэлхийн хамгийн эртний угсаатан гэж үздэг. Өмнөд Африкийн Намиби, Ботсванад амьдарч буюу сан үндэстний одоогийн төлөөлөгчид Өмнөд Африкийн эдгээр эртний оршин суугчдын генийн 80 орчим хувийг өвлөсөн нь тэдгээр үндэстнүүд Африкийн бусад олон бүс нутгаас ирсэн хүмүүсийн ген холилдсоны үр дүнд бий болсон гэсэн түгээмэл онолыг эргэлзээтэй болгож байна.


Палеогенетикчид мөн эртний одоогийн ӨАБНУ-д амьдарч байсан эртний хүмүүс Африк тивийн бусад ард түмнээс 200 мянга орчим жилийн турш генийн хувьд тусгаарлагдсан байсныг тогтоожээ.


Үүний ачаар тэдний генд Хомо сапиенсуудыг бусад гоминидуудаас ялгадаг 79 мутаци хадгалж үлдсэн бөгөөд эдгээр мутацийн олонх нь бөөр, дархлааны системийн үйл ажиллагаа, мөн мэдрэлийн эсийн өсөлт, тархины нарийн төвөгтэй үйл ажиллагааг зохицуулдаг. Эдгээрийг судлах нь манай төрөл зүйлийн хувьслийн түүхийг бүрэн гүйцэд ойлгоход тусална гэж судлаачид дүгнэсэн байна.


Хүн төрөлхтний гарал үүсэл


Саяхныг хүртэл хүн судлаачид Хомо сапиенсууд нь Африкийн зүүн хэсэгт 200 мянга орчим жилийн өмнө, манай өвөг неандертальчуудад болон сапиенсуудын төрөлд хуваагдсанаас хэдэн зуун мянган жилийн дараа үүссэн гэж үздэг байв. Хэдэн жилийн өмнө судлаачид Мароккогийн нутгаас 300 мянган жилийн настай эртний сапиенсуудын үлдэгдлийг олсон бол манай өвөг Африкийг 130 мянган жилийн өмнө орхисон баримт мөн илэрсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг