Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап XIV Лео-гийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд эл түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улс ба Папын тэргүүлж буй Гэгээн Ширээт Улсын харилцаа, мөн Ватикантай холбоотой сонирхолтой баримтуудыг уншигчиддаа хүргэе.
Найман зууны түүхэн харилцаа
Хоёр улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс улбаатай. Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсад хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавигдсан гэж үздэг.

Тэрхүү элч Хархорум хотын ойролцоох Шар ордод болсон Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюгийг хаан ширээнд залах ёслолд байлцжээ. Тэрбээр 1246 оны намар Гүюг хаанд бараалхаж, монголчуудыг загалмайн шашинд орж, Мажар зэрэг загалмайн шашинт орнуудыг эзлэн түрэмгийлснийхээ бурууг хүлээхийг шаардсан агуулга бүхий Ромын Папын захидлыг өргөн барьсан байна.
Харин монголчууд Папын шаардлагыг няцааж, загалмайн шашинд орохоос татгалзсан төдийгүй Ромын Папыг өөрийн биеэр хүрэлцэн ирж дагаар орохыг шаардсан хариу захидлыг элчээр нь хүргүүлэв.
П.Карпини энэ тухай "Монголчуудын түүх" аян замын тэмдэглэлийн номдоо тодорхой бичиж үлдээсэн байдаг. Тэрбээр Монголын Эзэнт гүрний тухай бодит мэдээллийг анх удаа Өрнө дахинд дэлгэрэнгүй бөгөөд эмх цэгцтэйгээр тайлбарлан хүргэсэн бөгөөд их гүрний цэргийн сүр хүч, дотоод зохион байгуулалт, монголчуудын байлдааны тактик, нийгмийн бүтэц, хууль цааз, худалдаа, өдөр тутмын амьдрал ахуй зэргийг нарийвчлан судалжээ. Ийм учраас түүний ном Их Монгол Улсын болон ЕвроАзийн түүхийг судлахад өнөөг хүртэл чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Ромын Пап-т илгээсэн Гүюг хааны захидал нь монгол, перс, латин хэлээр бичигдсэн гэж судлаачид үздэг. Эдгээрээс перс хэл дээр бичсэн захидлыг 1920 онд польш лам Крилл Каралевский Ватиканы архиваас олж гэрэл зургаар хуулбарлан судлаач Массэд өгчээ.
Массэ захидлын анхны орчуулгыг хийсэн бол Францын нэрт монголч эрдэмтэн П.Пеллио захидлыг судлан дахин орчуулж, перс эх, орчуулга, тайлбарын хамт хэвлүүлж судалгааны эргэлтэд оруулсан түүхтэй.
Өдгөө Ватиканы нууц архивт хадгалагдаж буй 1 м 12 см урт, 20 см өргөн, цардмал цаасан дээр перс хэлээр бичиж, цаасны уулзвар наалт болон бичээсийн төгсгөлд Их Монгол Улсын хааны тамгыг хоёронтоо дарж баталгаажуулсан Гүюг хааны захидал нь өдгөөгийн Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны 779 жилийн түүхийн гэрч, хосгүй үнэт өв бөгөөд Европ-Монголын шууд дипломат харилцааны эхлэлийг тавьсан баримт бичиг юм. Үүний сацуу монголчууд бол захидал харилцааны өндөр соёл, дэг жаягтай үндэстэн байсныг гэрчлэн харуулдаг.
Пап Францис 2023 онд манай улсад төрийн айлчлал хийхдээ уг захидлын хуулбарыг нь бэлэглэснийг Чингис хааны музейд залсан байна.
Тэр цагаас хойш 1274 онд Монголын эзэнт гүрний баруун жигүүр болох Ил хаант улсын хаан Абагаас Пап X Грегорид, 1278 онд Пап III Николасаас Хубилай хаанд, 1285 онд Ил хаан Аргунаас Пап IV Хонориуст, 1288, 1289 онд Пап IV Николасаас Ил хаан Аргунд, 1290 онд Ил хаан Аргунаас Пап IV Николаст, 1302 онд Ил хаан Хасанаас Пап VIII Бонифаст тус тус элч нараа илгээж албан бичгээр харилцаж байсан нь хоёр орны харилцааны түүхийг өгүүлэх чухал баримтууд болж байна. Өнөө цагт Монгол Улс ба Гэгээн Ширээт Улсын улс төрийн харилцаа өргөжин бэхжиж, хоёр улс 1992 оны 4 дүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоов. 2022 онд дипломат харилцааны 30 жилийн ой тохиож, ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Гэгээн Ширээт улсаас 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон манай улсад 1 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31 мянган ам.доллар хандивлаж байжээ. Мөн 2000 оны өвлийн зудын хохирлыг арилгахад Пап II Ионн Павел хувиасаа 50 мянган ам.доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30 мянган ам.доллар хандивлаж, католик шашинтнуудын “Каритас Интернационалис” байгууллага зудад нэрвэгдсэн малчдад туслах, тэднийг малжуулах төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байв.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан билээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээж, цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Гэгээн Ширээт Улсын тухай сонирхолтой баримтууд
Гэгээн Ширээт Улс /лат. "Sancta Sedes", англ. "Holy See"/ нь Христийн сургаал, католик шашны номлол дээр тулгуурласан Ватиканыг удирдах шашны хэмжээгүй эрхт засаглалын тогтолцоо бөгөөд олон улсын эрх зүйгээр бүрэн хүлээн зөвшөөрөгджээ.
Улсын нэрийн тухайд, Sancta Sedes гэдэг нь грек хэлний "ἱερά" буюу "ариун, гэгээн", латин хэлний "sedes" буюу "сэнтий, хаан ширээ" гэх хоёр үгнээс үүсэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл, “ариун сэнтий” эсвэл “гэгээн ширээ” гэсэн утгыг агуулна.
Гэгээн Ширээт Улс нь дэлхий даяар орших бүх католик сүмийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, санваартан, хамба нарыг томилох, НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Гэгээн Ширээт Улсын нэршилтэй холбоотой ташаа ойлголт бий. Тодруулбал, дэлхийн даяар Ватикан Улс гэж ярьдаг нь тус улсын онцлог болох хот-улс гэсэн ойлголтоос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, Ватикан гэх нэршил нь Гэгээн Ширээт Улсын байрлаж буй газар буюу хотын нэр юм. Харин тус улсын албан ёсны нэр нь Гэгээн Ширээт Улс бөгөөд НҮБ болон олон улсын байгууллагуудтай харилцаж буй баримт бичгүүдэд Holy See гэх нэрээр нь дурддаг.

Ташрамд дурдахад, Ромын Пап гэсэн нэршлийг цаашид Пап хэмээн хэлж хэвших нь зүйтэй. Учир нь, католик шашны хамгийн дээд хэргэм болох кардинал цол хүртэж буй номлогчдод Ром хот дахь жижиг сүмийг хариуцуулдаг. Харин католик шашны тэргүүн буюу Папаар сонгогдсон хүнд Ромын хамба гэсэн хэргэм дагалддаг. Католик шашны тэргүүн “Пап” бол албан ёсны хэргэм, “Ромын хамба” бол бэлгэдлийн хэргэм учраас албан ёсны хэргэмээр нь дуудах нь зүйтэй.
Түүхэнд нийтдээ 267 Пап байсан ба байгаа бөгөөд сүүлийн дөрөв нь польш, герман, аргентин, америк гаралтай хүмүүс, бусад нь италичууд ажээ. Манай улсад айлчилсан Пап Франциск бол аргентин хүн бөгөөд жинхэнэ нэр нь Хорхе Марио Бергольо юм.
Пап бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын гурван салаа мөчрийг тэргүүлдэг бөгөөд Пап нас барсан эсвэл эрх мэдлээсээ татгалзсан тохиолдолд 18 хоногийн дараа дэлхийн өнцөг булан бүрээс Ром хотод ирсэн кардиналууд шинэ Папыг сонгодог байна.

Зураг дээр: Гэгээн Петрийн сүмийн гол танхим
Гэгээн Ширээт Улс бол Италийн нийслэл Ром хотын дотор 0,44 хав.дөр.км талбайг эзлэн оршдог Ватикан хэмээх хот улс юм. Нутаг дэвсгэрийн хэмжээг багцаалбал, Москвагийн Улаан талбайгаас хоёр дахин том, Бээжин дэх Хориотой хотоос хоёр дахин бага эсвэл Нью-Йоркийн төв цэцэрлэгийн 1/8-тэй тэнцэнэ. Ватикан нь дэлхийн 182 улстай дипломат харилцаатай бөгөөд нутаг нь хэт жижиг тул гадаад орнуудын ЭСЯ-дууд Гэгээн Ширээт Улсын гадна байрладаг.
Харин Ром хот ба Ватиканы хооронд тусгай хилийн шугам гэж үгүй бөгөөд Ватиканд нэвтрэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин Италид нэвтрэхийг зөвшөөрсөн Шенгений визтэй байхад хангалттай. Түүх сөхвөл, 1929 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Италийн Ерөнхий сайд Бенито Муссолини, Папын Төрийн нарийн бичгийн дарга, кардинал Пиетро Гаспарри нар Латераны ордны Папын танхимд “Латераны гэрээ”-нд гарын үсэг зурснаар Италийн нутаг дэвсгэрт тусгаар тогтносон, бүрэн эрхт Гэгээн Ширээт Улс байгуулагджээ. Латераны гэрээ нь Италийн Хаант Улсын засаг захиргаан дахь католик сүмийн нөлөөг хумих, өөрөөр хэлбэл төр, шашин хоёрыг тусгаарлах гэсэн гол зорилготой байв.
Гэрээ байгуулагдсанаар Италийн эрх баригчид Ром хотын төвд 44 га газар болон 750 сая лирийг бэлэн мөнгөөр, 1 тэрбум лирийг үнэт цаас хэлбэрээр Гэгээн Ширээт улсад бэлэглэж, татвараас чөлөөлжээ. Энэ бол 1870 онд Италийн эрх баригчид Папын хөрөнгийг хүчээр нийгэмчилсэн алдааг залруулж, нөхөн төлбөр олгосон хэрэг юм.
Үүнээс өмнөх түүхийг сөхвөл, 752 онд Франкийн эзэнт улсын хаан Пипин Ромын Пап-т Ром хотын газраас бэлэглэснээр Папын улс бий болсон гэдэг. Харин 1870 онд нэгдсэн Итали улс байгуулагдсаныг зарлан тунхагласан Виктор-Эммануил II хаан Пап Пий IX-д хандан хаант улсыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Гэвч Пап үүнийг эсэргүүцэж, Ватиканы толгод дахь өргөөндөө бүгжээ. Италийн эрх баригчид асар их нөлөөтэй католик шашны тэргүүний эсрэг хүч хэрэглэхийг түвдсэнгүй. Эммануил хаан өргөөг бүслэхийг цэргүүддээ тушааж, Пап лам өөрийнх нь тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл хүлээхээр шийджээ. Гэвч Папууд солигдсоор, тэдний хэн нь ч хааны тулган шаардалтыг хүлээж авсангүй. Цаг хугацаа өнгөрсөөр уг асуудлыг 60 жилийн дараа шийдсэн нь дээрх “Латераны гэрээ” юм.
Дэлхий дээрх хамгийн жижиг нутаг дэвсгэртэй, хамгийн цөөн хүнтэй улс болох Ватикан нь ердөө 882 оршин суугчтай хэрнээ жилд 6,8 сая жуулчин хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, нэг хүнд 7709 жуулчин ногдож байна гэсэн үг.
Үүний учир нь, түүх, шашны асар баялаг өв энд хадгалагдаж байдагтай холбоотой бөгөөд Ватиканыг 1984 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Жуулчдын гол зорилго бол, Ватиканы гол дурсгалт газрууд болох Гэгээн Петрийн сүм, Сикстиний сүм болон музейнүүдийг үзэх явдал юм. Эдгээр газарт Леонардо да Винчи, Караважо, Микеланжело, Бернини, Рафаэл нарын туурвисан сод гайхамшигт бүтээлүүд хадгалагддаг ба Ватиканы гудамж бүр, барилга байшин бүр нь түүхэн дурсгалт объект билээ. Тиймээс хотоор аялахад бүтэн өдрийг зарцуулахаар тооцох нь зүйтэй бөгөөд Ватиканы булан тохой бүрийг мэддэг хөтчүүд танд тусална. Сонирхуулахад, сар бүрийн сүүлчийн ням гарагт музейнүүд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд та 16 еврогоо хэмнэмээр байвал өглөөний 7 цагт ирж дараалалд зогсох хэрэгтэй.
Сонирхуулахад, Гэгээн Петрийн сүмийг 1506-1626 онд 120 жилийн турш барьсан бөгөөд зай талбайн хувьд дэлхийд хоёрдугаарт орох Христийн шашны сүм юм. Сүм дотор нэгэн зэрэг 1500 хүн, гадаа талбайд 60 мянган хүн багтана.
Түүнээс гадна, олон зууны түүхийн баялаг өвийг хадгалж буй газар бол Ватиканы Апостолын номын сан юм. Энд Дундад зууны ба Сэргэн мандалтын үеийн 150 мянга гаруй гар бичмэл, 1,6 сая гаруй ном, олон мянган тооны маш ховор сонин сэтгүүл, сийлбэр, газрын зураг, зоос, медалиуд хадгалагдаж байна.

Пап XIV Лео Швейцарын гвардын цэргүүдийн тангараг өргөх ёслолд оролцов
Ватикан нь өөрийн гэсэн радиостанц, цахилгаан станц, шуудан, банк, хэвлэлийн газар, төмөр замын станцтай бөгөөд зоос цутгаж, марк гаргадаг. Ватикан ба Италийг холбосон төмөр зам нь ердөө 1 км урттай бөгөөд Ватиканы нутгаар өнгөрдөг хэсэг нь 200 м ажээ.
Өөр нэгэн сонирхолтой баримтыг дурдвал, Швейцарын гвардын цэргүүд Пап ба түүний ордныг 500 жил гаруйн турш хамгаалж байна. Тэдний өмсдөг тод улаан, шар, хөх өнгөөр алагласан дүрэмт хувцсны загварыг алдарт Микеланжело зохиосон гэдэг.
Хагас мянган жилийн тэртээ Швейцар орон өнөөгийнх шиг баян чинээлэг байгаагүй тул эрэлхэг зоригтой, цэргийн эрдэмд төгс боловсорсон хөлсний швейцар цэргүүд харь оронд алба хааж мөнгө олдог байсан бөгөөд Сэргэн мандалтын үеийн Европын хаад тэднээр өөрсдийгөө хамгаалуулдаг байсан уламжлал ийнхүү хадгалагдан үлджээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 12 сарын 04,
2025

Сэтгэгдэл1
ААН, ТИЙМ ҮҮ?