sonin.mn
Ц.Шаравдоржтой ярилцлаа.
 
- Таныг МАХН-аас гарсан гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?
 
-Үнэн. Өргөдлөө өгчихөөд байгаа.
 
-МАХН-аас гарах болсон шалтгаан чинь юу байв?
 
-Аливаа нам үзэл баримтлалдаа үнэнч байж, түүний хэм хэмжээг хатуу сахин мөрдөж, түүгээрээ үнэлэгдэж, үлгэр жишээ болж явах ёстой. Гэтэл өнөөдөр МАХН зүүн төвийн үзэл баримтлалтай атлаа баруун төвийн үзэл баримтлалтай намтай эвсэл болж сонгуульд оролцож байна гэдэг байж болшгүй зүйл.
 
 
 
МАХН түүхийн урт удаан хугацаанд оршин тогтнож ирэхдээ алдаа оноотой байж, ихээхэн хүндрэл бэрхшээлийг туулж ирсэн нь үнэн. Гэхдээ хөндлөнгийн шалтгаан, улс төрийн бусад хүчнээс зориуд зохион байгуулалттайгаар явуулж ирсэн үйл ажиллагаа байсан ч намын удирдлагаас шалтгаалсан шийдвэр, улс төрийн алхмууд нь МАХН-ыг урьд байгаагүй уналт, улс төрийн ялагдал, нэр хүндэд нь хохиролтой үр дагаварт хүргэж байгааг шударгаар хэлэх нь зүйтэй.
 
 
 
Бүх зүйлд, үүний дотор улс төрд ёс зүй гэдэг эрхэм дээд шаардлага шалгуур байдаг. Хувь хун ч, улс төрийн намд ч энэ шаардлага хамаарна. МАХН-д гишүүнчлэлээ сэргээхдээ би ёс зүйг л эрхэмлэсэн.
Гэтэл сүүлийн үед Монголын улс төрд ёс зүйгүй байдал хэм хэмжээгүй болсныг хүлээн зөвшөөрч байгаа мэт, түүн лугаа адил улс төрийн алхмыг МАХН хийж байгаатай миний бие эвлэрч чадахгүй байна. Наад захын жишээ гэхэд, МАХН-ын дарга болон гишүүдийг нь жирийн иргэдийн хамт улс төрийн захиалгаар хилс зохиомол хэрэгт хүчээр холбогдуулж ял шийтгэх хүртэл хэлмэгдүүлж байсан улс төрийн хүчинтэй эвсэл болж сонгуульд оролцох, ингэж орохдоо тэр намтайгаа хэт цөөн суудалд сонгуульд өрсөлдөх тохиролцоо хийж байгаа нь намын нэр хүнд, нийгэмд эзэлж байгаа байр сууриа алдсан, өөрийн намаа хэт доош оруулсан болчимгүй алхам боллоо гэж үзэж байна. Ийм ёс зүйгүй байдлыг хүлээн зөвшөөрч байгаа мэт зүгээр хараад сууж байж чадахгүй.
 
-Одоо та юу хийж байна? Цаашид юу хийх бодолтой байна?
 
-Өнөөгийн манай улс төрийн талаар нэлээн бодож байна. Бид болохгүй байнаа. Энэ хэвээрээ явбал улс эх орон, ард түмнээ хохироогоод бүр дуусгаж мэдэхээр байна. Нам гэдэг, улс төр хийнэ гэдэг улс орноо өөд нь татаж, ард түмнээ аз жаргалтай амьдруулах төлөө цорын ганц зорилготой, үүрэгтэй. Энэ асуудлыг хамгийн гайхамшигтайгаар хийж, харуулж, түүхэнд үлдсэн төртэй орон бол Монгол. Гэтэл, бид ямар ч түүхгүй юм шиг, жишээ авч дуурайх зүйлгүй мэт төөрсөн, будилсан, хоорондоо хөлөө жийсэн бүтэлгүйтлийн талбарт амьдарч байна. Иймээс, Монголын Эзэнт Гүрнийхээ түүхийг судалж байна. Өвөг дээдсийнхээ байгуулсан Эзэнт гүрний гайхамшигтай түүхийн залгамж чанарыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Монголчууд бидний дэлхийг хөгжүүлсэн эдийн засаг, удирдахуйн ухааны сонгодог жишгийг одоогийн хөгжилд бодитойгоор хэрэгжүүлэх эрхэм үйлсийн төлөө ажиллана.
 
 
 
Монголчууд дэлхийг засаглахдаа чөлөөт эдийн засгийн тогтолцоог бий болгож, тив дамнасан худалдаа хийж, шууд бус татварын ухаалаг бодлогыг хүн төрөлхтний түүхэнд анх удаа нэвтрүүлж байсан байдаг юм шүү дээ. Үүнийг гүнзгийрүүлэн судлах, сэргээхийн тулд Төрийн бус байгууллага байгуулан, улс төрийн намын харъяалал үл харгалзан, хүсэл зорилго нэгдэх бүх хүмүүстэй хамтран ажиллана.
 
 
 
-Та улс төр дэх ёс зүйн асуудлыг хөндлөө, энэ талаар тодруулахгүй юу?
 
-Ардчилсан нийгэмд хуулийн засаглалаас урьдаар ёс зүйн засаглал байх ёстой гэж үздэг юм. Улс төрч хүнд дөрвөн ёс зүй маш чухал гэж манай өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн соёл буй.
Нэг. Засаглалын нэгэн чухал ёс зүй бол ҮНЭН байх явдал юм. Улс төр худлаа байвал хохирогч нь нийт ард түмэн байдаг учраас хэзээ ч худлаа улс төр хийж бопохгүй
Хоёр. Улс төр хийж байгаа хүн улс төр, иргэний эдийн засгийн, нийгмийн, соёлын болон хөгжлийн эрхийн ТҮВШИНД ард тумэнтэйгээ эрх тэгш зарчимд суурилсан байх хэрэгтэй.
Гурав. Улстөрч хүн ард түмнийг зөвхөн хөгжилд чиглүүлэн, удирдах ёс зүйтэй байх хэрэгтэй.
Дөрөв. Эх хүн үрийн төлөө бүхнээ зориулдагтай адил улстөрч хүн ард түмний сайн сайхны төлөө бүхнээ зориулах ёс зуйтэй байх ёстой
Үзэл бодлоо надигнан дээдлэх үүрэгтэй улстөрийн хүчин ёс зүйн алдаа гартасан нь ард түмэндээ үйлчлэх эрхэм дээд үүргээсээ ухарсан гэж би үзсэн юм.
 
-Ярилцлага өгсөнд баярлалаа.