Монгол Улс энэ онд “COV­ID-19” цар тахал, үүнээс үүдэлтэй төсвийн алдагдал, ФАТФ-ын “Саарал жагсаалт” гээд эдийн засгийн олон сорилтыг даван туулж байна. Харин Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарснаар дээрх сорилтыг “нимгэлсэн” эерэг үзүүлэлт бий боллоо. Дэлхий нийтэд халдварт цар тахал тархаж, олон улсын хэмжээнд эдийн засгийн хүндрэлд орсон энэ нөхцөлд Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, ФАТФ-ын хяналтаас буюу “Саарал жагсаалт”-аас гарч чадсан нь төр засгийн зөв бодлого, эдийн засгийн эерэг үзүүлэлтийг харуулж байна.
ФАТФ өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчин муутай хэмээн дүгнэж, нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай үүрэг даалгавруудыг өгсөн байдаг. Түүнээс хойш УИХ-аас холбогдох хуулиудыг баталж, өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн шалгалтад орсон. ФАТФ-аас шууд хэрэгжилтийн дөрвөн хүрээнд өгсөн зургаан үүрэг даалгаврын гурвыг нь Санхүүгийн зохицуулах хороо зургаахан сарын дотор шуурхай ажиллаж, биелүүлсний зэрэгцээ ФАТФ-ын газар дээрх шалгалтыг давж, стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахад хангалттай үнэлгээ авч чадсан. Ийнхүү 130 улс, орны төлөөлөгч оролцсон ФАТФ-ын чуулганы хуралдаанд манай улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал дэвшүүлснийг төлөөлөгчид 100 хувь дэмжсэн байна. Энэ таатай мэдээг ФАТФ-ын ерөнхийлөгч, доктор Маркус Плейер өөрийн биеэр зарлаж, манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийг сайжруулах чиглэлд гаргасан ахиц дэвшлийг сайшаасан юм. Ийнхүү Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарснаар манай улсын банкуудад гадаадын харилцагчдаас тавих шалгуур зөөлрөх эхний эерэг үзүүлэлт бий болох аж. 
 
 
 
Гадаадын улс, орны банкуудад Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай тэмцдэг, эрсдэл багатай, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэсэн мессэж өгнө гэдгийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар хэлж байна. Мөн ойрын хугацаанд корреспондент банкны үйл ажиллагаа сайжрах эерэг үзүүлэлт бий болно гэдгийг ч онцолсон юм.
 
 
 
ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэд дэлхийн улс орнууд руу мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөөг үзүүлсэн. Товчхондоо, гадаад гүйлгээ, мөн корреспондент банкны үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдсан байна. Харин манай улс “Саарал жагсаалт”-аас гарснаар дээрх нөхцөл байдал эергээр шийдэгдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, гадаадад байгаа монголчууд данс нээх, мөнгөн гуйвуулга хийхэд хямд, шуурхай болно. Хятадын мөнгө, зээл, санхүүгийн эрхшээлээс зайлсхийж, гуравдагч хөрштэй бизнес хийх, хөрөнгө оруулалт татахад амар болох боломжтой гэдгийг ч онцолж байгаа юм. Цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж, ФАТФ-ын зөвлөмж, шаардлагыг чанд мөрдөхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой хөгжлийг хангах, үр дүнтэй, тогтвортой тогтолцоог бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарахаа СЗХ-ноос илэрхийлсэн юм.
 
 
 
Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас өмнө хэд хэдэн “Хар жагсаалт”-д ороод гарсан байдаг. Хамгийн ойрын жишээ нь, Европын холбооны “Хар жагсаалт”. Энэ нь Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сард манай улсыг оруулсан. Харин 2018 оны нэгдүгээр сард тус жагсаалтаас улсаа гаргаж чадсан билээ.
 
 
 
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ нь мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоог бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлдэг, өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарыг гэмт хэргээс хамгаалдаг байгууллага юм. Манай улс уг байгууллагын “Саарал жагсаалт”-д дөрвөн шалтгааны улмаас орсон. Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнес эрхлэгчид буюу алт, үнэт металл, үл хөдлөх хөрөнгийн зохицуулалт, нотариат, хуульч, нягтлан бодох бүртгэлийн салбарыг төр зохицуулахгүй байна. Үүнд мөнгө угаалт явагддаг гэдэг асуудлыг тавьсан. Хоёрдугаарт, хилээр гаргаж байгаа мөнгө, хөрөнгийг хураадаггүй гэдгийг харсан. Мөн хяналт шалгалтын тогтолцоогоо сайжруулах үүргийг өгснийг ийнхүү биелүүлжээ. Тиймээс Монгол Улс цаашид дахин “Саарал жагсаалт”-д орохгүй байхын тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал. Мөн тухайн улс орон төрийн дээд түвшинд энэ асуудалд ач холбогдол өгч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчилж, хариуцсан байгууллагууд нь ажлаа цаг тухайд, чанартай хийх нь чухал гэдгийг хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэйг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар сануулсан. ФАТФ-аас тавьж байгаа олон улсын стандартууд байнга чангарч байна. Тиймээс тухайн стандарттай Монгол Улс хөл нийлүүлж явах нь чухал гэдгийг ч анхааруулж байлаа.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин