Америкийн цөөн хэдхэн интернэт-компани улам хүчирхэгжсээр байгаа нь АНУ-ын эрх баригчдыг түгшээж эхэллээ. Хэдэн жилийн турш эргэлзсэний эцэст Вашингтоны удирдлага Европыг дэмжиж, бизнесийн ба иргэдийн эрхийг хамгаалахын тулд тулааны II фронтыг нээжээ. 
Google, Amazon, Apple, Facebook гэсэн 4 том компани нефтийн баронууд ба төмөр замын магнатуудын үеэс хойш үзэгдэж дуулдаагүй монополиуд болж хувирлаа гэж Конгрессын гишүүд дүгнэсэн бол хэд хэдэн муж улс ба Д.Трампын засаг захиргааны албан тушаалтнууд Гүүглийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Учир нь тус компани интернэт холболтыг монополчилж, хаалгачийн үүргээ урвуулан ашиглаж, эргэлзээ төрүүлэхүйц бизнесийн үйл ажиллагаагаа явуулан өрсөлдөөнийг боомилж байгаа аж. 
Саяхныг хүртэл Вашингтоны эрх баригчид өөрийн улсын компаниудыг Европын Холбооноос хамгаалсаар ирсэн юм. Гэвч энэ оны намар, сонгуулийн дүнг хүлээхгүйгээр америкчууд Европ тивийнхны талд орлоо. Одоо тун ч халуухан юм болох нь дээ.
Харин Цахиурын хөндийн компаниуд “бид ямар ч хуулийг зөрчөөгүй, харин эсрэгээр ажиллах, хоорондоо харилцах, суралцах, цэнгэн хөгжилдөхөд нь хүмүүст үнэ төлбөргүйгээр тусалж байна. Давамгай байдал бол өрсөлдөөнд гарсан түр зуурын үзэгдэл болохоос бус ноцтой аюул биш” гэсэн тайлбарыг өгч байна.
Гэвч эрх баригчид ийм тайлбарт үнэмшихгүй байгаа бөгөөд олон тэрбумын торгууль ногдуулахаас эхлээд хүчээр хуваан салгах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, Фэйсбүүк компани Instagram,  WhatsApp хоёроо худалдахаас аргагүйд хүрч, Гүүглийг YouTube-ээс салгаж, Android-ыг тусад нь компани болгоно гэсэн үг.    
 
Гүүглийг хуваан задлах боломжтой юу? 
 
Өндөр технологийн компаниудын эсрэг дайныг чухамдаа Европын Холбоо эхлүүлсэн юм. Эдгээр компани өрсөлдөгчидтэйгээ харьцаж буй байдал болон хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, зохиогчийн эрхийн асуудлууд, хэт туйлшрах үзэлд хандаж байгаа байдал нь Европынхонд таалагдсангүй. 
Европын Холбооны зүгээс Гүүглийг нийтдээ 9 тэрбум орчим доллароор гурван ч удаа торгосон байна. Учир нь, Фэйсбүүк, Амазон хоёр өөрсдийн бараа үйлчилгээг сурталчлахын тулд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашигласан, айфон үйлдвэрлэгч Apple компани хэрэглэгчиддээ өөрийн Apple Music-ийг тулган хүлээлгэж байна гэсэн гомдлыг хөгжмийн сервисүүд гаргажээ.  
Хэрэг зарга хэдэн жилийн турш үргэлжиллээ. Харин одоо Америкийн эрх баригчид Европыг дэмжиж эхэлснээр салхин тээрэмтэй хийж буй тулалдаан загалмайтны аян дайн болж хувирах төлөвтэй. Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим /сөрөг хүчний хяналтанд байгаа/ интернэт компаниудын бүх захирлыг дуудан авчирч, асууж байцаалаа. Ж.Безос, М.Цукерберг хоёрыг байцаасан нь олон ангит цуврал кинонуудаас илүү сонирхолтой байсан боловч дуулиант ажиллагааны үр дүн нь чамлалттай.
 
Ж.Безост татвар ногдуулахыг шаардсан жагсаал 
 
 
Цахиурын хөндийн компаниуд интернэт-трафикийг өөрсдийн сервисүүдээр дамжуулах, товч дарах бүрд мөнгө хурааж авах, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл ба тэдний зан байдлын талаарх мэдээллийг бусдад худалдахыг эрмэлздэг гэдэгт эрх баригчид огтхон ч эргэлзэхгүй байна. Ийм монополь байдал нь хэрэглэгчдийн эрх ашиг төдийгүй капитализмд ч харш учраас түүнийг халах нь зүйтэй.
Харин Гүүгл буюу тодорхой хэлбэл Alphabet компанийн удирдлага өөрсдийг нь монопольчлолд буруутгаж буйг няцааж, картелиуд ба магнатуудтай холбоотой өнгөрсөн үеийн асуудлыг Гүүглд хамаатуулж болохгүй гэж үзэж байна. 
Одоо хэрэгжиж буй хуулиудыг өөрчлөхгүйгээр монополь байдлыг үүсгэсэн гэдгийг нотлох нь тийм ч амар хялбар, хурдан хийчих зүйл биш ээ. Дээрх 4 компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг 2022 оноос нааш шүүх авч хэлэлцэхгүй бөгөөд давж заалдах ажиллагаа дахиад хэдэн жилийн турш үргэлжлэх болно.
Ийм учраас Гүүглийг задлах гэсэн Америкийн прокуроруудын шийдвэрийг доог тохуурхсан байдалтай хүлээн авч байна. 
Нэхэмжлэл гаргасан тэр өдөр Гүүглийн хувьцааны үнэ огт унаагүй төдийгүй 1-ээс дээш хувиар өсчээ. Зарга дуусах үед шүүхээс гаргах шийдвэр нь тухайн цаг үетэйгээ тохирно гэдэгт хөрөнгө оруулагчид, эдийн засагчид эргэлзэж байна. Жишээ нь, АНУ-ын эрх баригчид ба Майкрософтын хооронд дэгдсэн маргаан бүхэл бүтэн 8 жилийн турш үргэлжилсэн билээ.
Интернэт - компаниудын хувьд 8 жил гэдэг бол асар их хугацаа. 2012 онд гэхэд бүх хүн айфон-4 барьж байсан бол Snapchat, Tinder зэрэг гарааны компаниуд дөнгөж анхныхаа алхмыг хийж байв. Үүнээс 5 жилийн дараа ТикТок аппликэйшн  бий болсон бол 2012 онд биткоин 5 долларын ханштай байв.
 
 
10 жилийн өмнө Microsoft, Nokia хоёрыг монополь компани гэж үзэж байв 
 
Конгрессын гишүүдийн тайланд дурдсаныг үзвэл, Ларри Пэйж, Сергей Брин хоёр Гүүгл хайлтын системийг анх зохион бүтээсэн 1998 оноос хойш интернетийн аварга том 4 компани нийтдээ 500 гаруй компанийг өөртөө нэгтгэжээ. Тухайлбал, Гүүгл гэхэд YouTube-ийг одоогийн ханшаар инээдэм хүргэм бага мөнгөөр буюу 1,5 тэрбум доллароор худалдан авсан бол Фэйсбүүк гэхэд Инстаграммыг авахад ердөө ганцхан тэрбумыг зарлагадсан байх жишээтэй.
 
Өрсөлдөгчдөө өөртөө уусган авахаас гадна эрх ашгаа Вашингтонд хамгаалахын тулд Цахиурын хөндийнхөн мөнгө хайрлахгүй байна. Сүүлийн 20 жилд дээрх дөрвөн компанийн зүгээс лобби хийхэд зарцуулсан мөнгө нь жилд 2 саяас 75 сая хүртэл нэмэгджээ. Энэ бол тэдний тайландаа тусгасан тоо юм.  
 
Асуудал чухам юунд байна вэ?
 
Америкийн аварга том интернэт компаниуд 20-хон жилийн дотор манай гараг дээрх амьдралыг өөрчилж чадсан. Эдийн засаг, улс төр, боловсрол, хүмүүс хоорондын харилцаа, амралт чөлөө цаг гээд бүгдийг өөрчилсөн билээ.
Эдгээр компани нийгмийн амьдралын бүхий л салбарт нэвтэрснээр Барууны ертөнцийн технологийн ба мөнгө капиталын давуу талыг харуулсан бэлгэ тэмдэг байсан бол одоо богинохон хугацаанд толгойны өвчин болж хувирчээ. 
 
 
 
 
Интернэтийн аварга том компаниуд давамгайлах нь ардчилсан тогтолцоо ба капитализмын үндэс суурьт аюул учруулна гэж төр засаг, ард иргэдийн аль аль нь үзэж байна.
 
 
 
Ингэхдээ дор дурдсан гурван зүйл хамгийн ихээр санаа зовоож байна.
Нэгдүгээрт, монопольчлол нь зах зээлийн эдийн засгийн үндэс болсон өрсөлдөөнийг үгүй хийж байна. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр, интернэтийн аварга том компаниудын зүгээс гадны хавсралтууд өөрсдийнх нь платформд нэвтрэхийг хянан зохицуулдаг төдийгүй орчин цагт хамгийн үнэт зүйл болж буй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хянаж байна.
Хоёрдугаарт, ашиг л авчирч байвал өөрсдийнх нь платформууд дээр юу болж байгааг дээрх компаниуд огт хайхардаггүй. Контентуудыг хянан шүүхийг хүсэхгүй байгаа нь хэт даврагчид болон бусад бурангуй хар хүчинд боломж олгож байна.
Гуравдугаарт, Америкийн эдгээр компани бусад улсын мөнгөн сан хөмрөгийг цөлмөж байна. Улс орнуудын дотоодын бизнесийг шахаж, ингэснээр татварын орлогыг бууруулж, ажил эрхлэлтийг сааруулж байгаа нь нэг хэрэг. Дотоодын бизнес эрхлэгчдийн олох ашгийг булаан авч, оффшор бүсүүд эсвэл Америкийн шүүх эрх мэдэл хэрэгждэг газар нутаг руу гаргаж байна.   
Эдгээрээс гадна технологийн аварга компаниудын эсрэг гаргасан олон гомдол бий. Тухайлбал, зар сурталчилгааны бизнес загварыг нь эвдэх замаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг устгахаас эхлээд сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцох нөхцлийг бүрдүүлэх замаар ардчиллыг ганхуулах гэх мэт.
 
Үүнийг зогсоохын тулд яах ёстой вэ?
 
Үүний тулд эрх баригчид гурван үндсэн аргыг хэрэглэх төлөвтэй байна.
Хууль дүрэм хоцрогдож, торгуулийн хэмжээ инээд хүргэм бага байгаа учраас эхний арга зам одоогоор мухардалд ороод байгаа. Энэ талаар дор өгүүлнэ. 
Хоёрдахь арга зам бол шинээр дүрэм журам батлах. Гэхдээ энэ нь ашиг сонирхлын асар олон зөрчил бүхий “өтгөн шигүү ой” руу оруулах болно. Ажлын байр, капиталын төлөөх өрсөлдөөн дэлхий даяар ширүүсч буй нөхцөлд олон улсын интернэт бизнесийг зохицуулах талаар тохиролцоо хийх нь улс орнуудын хувьд хүндрэлтэй.  Жишээ дурдахад, хаана ашиг олж байна, тэр газартаа /толгой компани нь бүртгүүлсэн газарт биш/ ашгийн татвараа төлөх ёстой гэж Европ тивийнхэн олон жилийн турш Фэйсбүүк, Амазон болон бусад компанийг шахаж байгаа боловч бүтэлгүйтсэн.   
Гуравдахь арга зам бол монополиудыг хүчээр задлах. Гэтэл дээрх компаниуд бүгд Америкийнх учраас АНУ-д л асуудлыг шийдэх ёстой. 
 
 
 
 
Эрх баригчид аргагүйн эрхэнд онцгой арга хэмжээ авахаар завдлаа ч гэсэн монополь байдлаа урвуулан ашигласныг нотлох ёстой. Үүнийг одоогийн хууль дүрмийн хүрээнд хийнэ гэдэг бол тийм ч амархан зүйл биш.
 
 
 
Учир юунд вэ? Нэг талаас харвал, интернэтийн аваргууд өргөжихийн хэрээр үнэ өсөхгүй байгаа төдийгүй зарим тохиолдолд 0 хүртэл буурч байгаа. Нөгөө талаас, үйлчилгээгээрээ давамгайлахдаа эдгээр компани бусдад шахалт дарамт үзүүлээгүй, хоорондоо хуйвалдаагүй харин мөнгө төлж үүнийг хэрэгжүүлсэн. Энэ бол цэвэр бизнес, хууль ёсны ажил үйлчилгээ мөн.  Жишээ нь, Гүүгл гэхэд, үүрэн телефоны оператор компаниуд болон гар утас үйлдвэрлэгчдэд жил бүр 30 тэрбум доллар төлдөг. Энэ бол Гүүглийн хайлтын систем, Андроид үйлдлийн систем болон бусад сервисийг ажиллуулсных нь төлөө төлж буй мөнгө юм.
Технологийн аваргууд нь Америкийн эдийн засгийн хувьд аль хэдийнэ тогтолцоо бүрдүүлэгч болж хувирчээ. Amazon, Facebook, Apple, Google гэсэн дөрвөн том компанийн орлого нь Португалын ДНБ-ээс 3,5 дахин, Украин ба Казахстаны ДНБ-ийг нийлүүлснээс 2,5 дахин илүү байна. Эдгээр компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлийн 1/3-ийг бүрдүүлж байгаа бол зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд доллароос давж, жилийн борлуулалт нь 800 тэрбумд хүрчээ. 
 
 
М.Цукерберг Конгрессын гишүүдэд "онлайнаар байцаагдсан" нь
 
Зөвхөн Гүүглд байгаа бэлэн мөнгөний нөөц гэхэд 200 тэрбум доллароос давсан байна. Энэ нь Украины төсвийн хэмжээтэй харьцуулахад, тус улсын 40 сая гаруй иргэн 5 жилийн хугацаанд юунд ч санаа зовохгүйгээр амьдрахад хүрэлцэхээр мөнгө билээ.
 
Асуудал амархан шийдэгдэхгүйн учир 
 
Ийм нүсэр хүчний эсрэг заргалдан тэмцэх нь амар хэрэг биш. Энэ төрлийн бизнес рүү дайрна гэдэг бол улс орны эдийн засгийг бусниулж, сонгогчдын амьдралын түвшнийг доройтуулж, тэтгэврийн хуримтлал ба хөрөнгө оруулалтын үнэ цэнийг бууруулахтай үндсэндээ адил. Ийм дайралт нь гадаад дахь Америкийн эдийн засаг, үзэл суртлын өрсөлдөгчдөд нь олз болно, ялангуяа Хятад болон тус улсын нүсэр том интернэтийн салбарт ашигтай тусна.
Аваргуудын эрчимтэй өсөлтийг хязгаарлахад чиглэсэн зоригтой алхмыг хийхэд маш үндэслэлтэй шалтаг шалтгаан байх ёстой. Конгрессын гишүүд, албаны хүмүүс анхныхаа алхмыг “онлайнаар мөнгө олох сувгуудыг дээрх том компаниуд хаасан” гэх нэлээд тодорхой үндэслэл бүхий буруутгах зүйл ангиар эхлүүллээ. Аваргуудыг “интернэтийн хаалгачид” гэж хүртэл нэрлэсэн байна. 
“Сүүлийн 10 жилийн хугацаанд тоон эдийн засаг хязгаартаа тултал хэт төвлөрсөн нь монопольчлолын аюулыг бий болгож байна. Нийгмийн сүлжээ, хайлтын систем, зар сурталчилгааны зах зээл дээр нэг эсвэл хоёрхон компани л давамгайлах боллоо. Amazon, Apple, Facebook, Google гэсэн 4 компани түгээлтийн үндсэн сувгуудын хяналтыг булаан эзэгнэж, тэдгээрт нэвтрэхийг зохицуулж, үнэн хэрэгтээ хаалгачийн үүргийг гүйцэтгэж байна” гэж Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дүгнэлтэд дурджээ. 
Хэрвээ дахиад 10 жилийн хугацаанд үйл явдал ийм хурдацтайгаар өрнөх аваас хэдхэн тооны интернэт платформ дэлхийн эдийн засгийн бараг 1/3-ийг нь хянах төлөв харагдаж байна.
 
Ийм тэлэлтийг зогсоох нь тун амаргүй. Шинэ дайны эхний тулаанууд юуг харуулж байна бэ? Эрх баригчдад байгаа зэвсэг хэрэгсэл нэгэнт хуучирч, шинэ цаг үед тохирохгүй байна. Тэгэхээр тэд ухралт хийж, өөрчлөлт шинэчлэл явуулж, тоглоомын дүрмийг одоо үе болон ирээдүй цагт нийцүүлэхээс аргагүй.
 
Тухайлбал, монополийн эсрэг хуулийг дахин шинээр боловсруулах хэрэгтэй. Үнэ өсгөх зорилготой олигархиудын хуйвалдаанаас хамгаалах төдий бус харин хэрэглэгчдэд тэр даруйдаа хохирол учруулдаггүй, тэр ч бүү хэл үнэгүй зүйл санал болгож буй тэрхүү зах зээлийн нэлэнхүй давамгайллаас нийгмийг хамгаалах хуулийг боловсруулах хэрэгтэй. Ийм тоталитар давамгайлал нь инновац, өрсөлдөөн, хөгжил дэвшлийг боомжилсноор ирээдүйд хор хөнөөл учруулдаг.
Хууль дүрэм шинэчлэгдлээ ч гэсэн, төсвөөс цалин авдаг албан тушаалтнууд тулааны эгнээгээ эмхэлж байх зуур Цахиурын хөндийн асар авьяаслаг, асар өндөр цалинтай инженерүүдийн зохион бүтээж буй технологийг түүх гүйцэж түрүүлнэ гэсэн баталгаа үгүй ээ. 
Гэхдээ Цахиурын хөндийнхний хувьд урьдынх шиг тайван амьдрал нь цаашид үргэлжлэхгүй гэдэг нь тодорхой боллоо. Учир нь, АНУ-ын эрх баригчид Европыг дэмжин хоёрдугаар фронт нээхээр шийджээ. Ардчилсан намынхан Конгресст байцаалт явуулсан, бүгд найрамдахчууд Гүүглийн эсрэг нэхэмжлэл гаргасан зэрэг нь 11 дүгээр сарын 3-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үл шалтгаалан технологийн аваргуудын эсрэг тэмцэл үргэлжилнэ гэдгийг харуулж байна.  
 
 
 
Б.Адъяахүү