sonin.mn


Ц.Шинээ гишүүн нутагтаа ирээгүй нэлээд удаж, бид энд бие төлөөлөгчөөс нь болж буй үйл явдлын талаар асууж ярилцаж эргэх холбоотой байв. Харин саяхны өдрүүдэд тэрээр тойрогтоо ажиллаад буцлаа. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ярихад жаахан хүндрэлтэй байгаа ч нэлээд асуудлын хүрээнд бид хөөрөлдөж чадсан.

-Таны хоолой яагаа вэ? Гадаадад эмчилгээ хийлгэсэн гэж дуулдсан.

-Өнгөрсөн оны 11-р сарын 5-наас хойш эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлж байгаад ирлээ. Хоолойны хордлогын улмаас үүсэлтэй хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн. Cap гаруй хугацаанд эмчийн хяналтанд байж байгаад саяхнаас ажилдаа ороод байна.

-Манай сонинд нийтлэл бичиж байсан ч тантай уулзаж ярилцаагүй удаж шүү. Энэ удаад ямар ажлаар ирэв?

-Орон нутагтаа ирж, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ уулзаагүй удсан ч гэсэн УБ-т очсон нутгийнхантайгаа байнга уулзаж, санал бодлоо солилцож байлаа. УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт, тойрогт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнтэй танилцах ажлаар ирээд байна.

-Үр дүн нь ямар байна вэ?

-Үр дүн муу гэж хэлж болохоор байна. Учир нь 640 хүүхэдтэй сургуулийн барилга ашиглалтанд орох хугацаанаасаа 2 жилээр хоцорчихоод байгаа. Аудитын шалгалт оруулахад барилгын зураг төсвийг зөрчсөн,төсөв хөрөнгийг нь өгчихөөд байхад хугацаанд нь ашиглалтад оруулаагүй зэрэг олон зөрчил илэрсэн. Зургаа зөрчөөд барилга барьчихсан, стандарт бус сургуулийг яавал дээр вэ гэдэг тал дээр Боловсролын Яамтай санал бодлоо солилцоно. Орон нутагт дэд бүтцийн чиглэлээр зарим нэгэн хөрөнгө оруулалт хийсэн. Чойбалсан хотын доторхи замуудыг сайжруулахаар төлөвлөж, Төмөр зам, Нисэхийн замын хөрөнгө мөнгөний асуудлыг одоогоор шийдээд байна. Өмнө нь хийсэн ажлуудын чанарыг үзлээ. СМУ-гийн 6-р багийн нутагт ноднин богино зам тавьсан. Чанарын хувьд гайгүй. Гэхдээ анхаарч засмаар зүйл бас байна.

-Та ирэх сонгуульд нэр дэвших нь дамжиггүй. Сонгууль хэр шударга болох бол?

-Сонгууль шударга болох эсэх нь 2 зүйлээс шалтгаалдаг. 1-рт сонгуулийн хууль хэр зэрэг шударга болсон бэ, 2-рт сонгуульд оролцогчид шударга өрсөлдөж чадаж байна уу гэдгээс шууд хамаарна. Тэгж чадахгүй байгаа тохиолдолд шударга болох эсэх асуудлыг ярих хэцүү.

-Тэгвэл сонгуулийн хууль шударга болсон уу? Дотор нь сууж байгаа хүний хувьд та бодитой хариулт өгөх байх?

-Батлагдахаасаа эхлээд л зөрчилтэй байсан. Энэ хууль 12-р сарын 15-нд батлагдсан боловч шинэ оны өмнө МАН болон АН-ын гишүүд сонгуулийн тойрог дээр ирж, маш олон сонгуулийн сурталчилгааны материал тараасан биз дээ. Энэ нь хэдийгээр 1-р сарын 1-ний өмнө хийж, хууль зөрчөөгүй мэт харагдаж байгаа боловч бусад намаас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн хувьд шударга бус явдал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон нийтэд тараах зурагт хуудас, өч төчнөөн бараа материал дээр нэр усаа бичүүлж бэлдчихээд сонгуулийн хуулиа баталчихсан л байхгүй юу.

Энэ мэтээр хууль зөрчигчидтэй хамт сонгуульд орохоор хууль зөрчихгүй байх баталгаагүй шүү дээ. Мен намын нэрээр дээрээс захиалгатай хүмүүс нэр дэвшдэг хуучин практик энэ жил давтагдах шинжтэй байна. Ер нь улс төрийн сонгууль гэдэг бол ард түмэн тер барих эрхээ түр хугацаагаар нэг хүнд шилжүүлж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл УИХ-д оччихоод сонгогчдынхоо эрх ашгийг хөсөрдүүлж байгаа гишүүд олон байна. Тухайлбал, өнгерсөн сонгуулийн үеэр бидэнд "Мянганы замыг хурдан барьж дуусгаарай" гэж нутгийнхан маань даалгасан. Гэтэл Засгийн Газраас үүнийг огт хийхгүй байхад шүүмжлэхгүй байгаа нь хачирхалтай.

Мөн "Оюу-Толгойн гэрээг маш муу хийсэн, Та нар энэ тал дээр бидний байр суурийг илэрхийлнэ шүү" гэж ард олон захисан ч энэ талаар нэг ч үг дуугарахгүй байна шүү дээ. Монголын ард түмний эрх ашгийг зөрчсөн энэ гэрээнд би шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Таны бодлоор гэрээнд юуг тусгах ёстой байсан гэж. Яавал ард түмэнд ашгаа өгөх байв?

-Оюу-Толгойн орд нь хэдэн зуун жилийн турш газрын хэвлийд хадгалагдаж ирсэн ард түмний баялаг юм. Үндсэн хуулийн 6.1-д "Газрын хэвлий дэх баялаг бол ард түмний өмч" гээд тодорхой заачихсан байгаа. Мөн хуулийн 6.2-т "Газрын хэвлийг өмчилж болохгүй" гээд бас заачихсан байхад энэ баялгийг лиценз болгоод гадаадад зарж байна ш дээ. Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчин байж гэрээ байгуулчихаад байхад зөвшөөрнө гэдэг чинь хууль бус үйлдэл. Наад захын тоо баримтыг хэлье. 43 сая тонн зэс, 1800 тонн алт байгаа юм л даа. Ингэж бодохоор 550 тэрбум долларын баялаг газар доор байна гэсэн үг. Гэтэл үүнийг тэр чигт нь гадаадын компанид шилжүүлээд, "тэд 66 хувийг нь мэднэ, бид 34 хувийг нь мэднэ. Тэгэхдээ 34 хувиа бид тэрхүү гадаадын компаниас худалдаж авна. Худалдаж авахдаа тэднээс зээл авна, зээлийн хүүгээ тэдэнд төлнө" гээд байгаа юм. Ийм шударга бус зүйлуйг яаж хүлээн зөвшөөрөөд суух юм бэ. Уул уурхайн чиглэлээр сурч байгаа төгсөх ангийн захын нэг оюутан уул уурхайн проект хийж чадна. Гэтэл гадаадын хүний хийсэн Монголд ашиггүй проектийг батлаад сууж байна бид.

Тавантолгойн хувьцааг тараана гэж яриад байгаа дээ. Энэ чинь тав биш нэгхэн толгойн хувьцаа. УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтыг баталсан байдгаас 1-р хавсралтад нь 15 стратегийн орд бий. Түүн дээр Тавантолгойн орд гэж бүхэлдээ нэг л ордыг тэмдэглэсэн байдаг юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д "Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно" гээд заачихсан байгаа. Гэтэл тэрийгээ тогтоогоогүй байж хувьцаа болгож тараах гээд байна л даа. Мөн тэр хувьцааны нэрлэсэн үнийг шууд 1 сая төгрөг гээд үнэлчихсэн. Хувьцааны нэрлэсэн үнийг Хөрөнгийн бирж дээр эрэлт нийлүүлэлтийн зарчмаар тогтоодог болохоос амандаа орсон тоогоор үнэлдэггүй юм.

-"Авилга, хээл хахууль замбараагаа алдлаа" гэж төрийн өндөрлөгүүд нэг биш удаа ярьж, тэмцэхээ илэрхийлж байгаа ч нааштай үр дүн алга байх шиг. Авилгын эсрэг баталсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг дажгүй заалттай хууль болсон ч хэрэгжуүлж эхлэх хугацааны хувьд ач холбогдолгүй болчихсон учраас таныг шинээр хуулийн төсөл өргөн барьсан гэж сонссон. Энэ талаар...

-Хүний ярьж байгаа үг, хийж байгаа үйлдэлтэйгээ дүйцэж байвал үнэмшиж болох юм. С.Батболд ерөнхий сайд "олигархиас салъя" гэж үнэхээр бодож байгаа бол стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшил бүхий хувь хэмжээг тогтоож, хариуцлага тооцох л ёстой. Тэгэхгүй л байна ш дээ, Худал л байгаа биз дээ. Ерөнхийлөгч ч гэсэн. Одон медаль тарааж өдөр хоногийг өнгөрөөж байгаагаас бус авилга хээл хахуулийн эсрэг дорвитой юм хийхгүй байна.

Дэмбэрэл дарга энэ бүгдийг харсаар байж дуугүй сууж байна. Ойлгомжтой биз дээ. 2006 онд НҮБ-ын Авилгын эсрэг конвенцид Монгол улс нэгдэж,  Авилгын эсрэг хууль баталсан. Яахав, хуульгүй байсныг бодвол хуультай болсоон. Гэхдээ авилгын эсрэг тэмцэхэд бүрэн дүүрэн нийцсэн хууль биш шүү дээ. Саяхан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулийг 7-р сарын 15-наас буюу сонгуулийн дараа мөрдөж эхлэхээр заасан. Уг нь ерөнхий заалт нь дажгүй болсон ч хэрэгжүүлж эхлэх хугацааг хойш тавьчихсан учраас хуулийн ач холбогдол багасчихаж байгаа юм.

Тийм учраас би саяхан Эрүүгийн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үндэслэлгүйгээр болон хууль бус хөрөнгөжих үйл ажиллагааг эрүүгийн хуулийн зүйл заалтаар шийдэх юм. Хөрөнгө оруулгын мэдүүлгээ худал бөглөх явдал сүүлийн үед энгийн үзэгдэл болсон. Ийм хүмүүсийн зарим нэгийг Авилгатай тэмцэх газарт өглөө ч үйлчилдэггүй. Тийм учраас Эрүүгийн хуулинд оруулаад эрүүгийн шугамаар шийдчих юм бол энэ асуудал цэгцлэгдэнэ.

-Монгол улс 2.7 гэсэн авилгын индекстэй байгаа гэв үү? Жил ирэх тусам 0-руу дөхөж байна шүү дээ.

-ОУ-ын байгууллагаас гаргадаг судалгаагаар 180 орноос 127-р байранд явж байгаа юм билээ. Индексийн хэмжээ буурч байвал авилгад идэгдэж байгаа гэсэн үг ш дээ. 10 оноотой болж байж авилгагүй орон болно гээд бодохоор манайх мөн ч хол байгаа биз. Монголын төр авилга гэдэг "хорт хавдар"-т баригдчихаад байгаа юм. Үүнийг шүүмжилж, өнгөрсөн жил иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Монголын бүх ард түмний их хуралдайг хуралдуулж, авилгатай тэмцэх чиглэлээр олон санамж бичиг, шаардлагыг их хуралд хүргүүлсэн ч хэрэгжихгүй байгаа. Тийм учраас энэ сард иргэний хөдөлгөөнүүдтэй дахин хамтарч тэмцлээ үргэлжлүүлнэ.

-МАК өөрийн мэдэлд байгаа Адуунчулууны нүүрсний ордоос олборлосон нүүрсээр шатахуун үйлдвэрлэж, 3000 хүнийг ажлын байраар хангана, тэр цагт Дорнодод ажил эрхэлдэггүй хүн байхгүй болно гэхчлэн төлөвлөгөө гаргасан байсан. Энэ боломжтой болов уу?

-Нарийн сухайт, Чинхуа МАК-д дан хятадууд ажиллаж байгаа. Ядаж Монгол хүнээ ажиллуулчихаад тэр үлгэрээ ярь л даа. "Чинхуа-МАК"-д 270 хятад иргэн ажиллаж байгаа баримт жагсаалт нь надад одоо байна. Нарийн Сухайтын орд дээр очиж үзсэн. Овоотолгойн уурхай, МАК-ийн уурхай, Чинхуа-МАК, канадууд ажиллаж байгаа уурхай ч байна лээ. Нэг ордыг тав хуваачихсан л байгаа ш дээ. Тэнд хууль зөрччихөөд, энд диваажинг бүтээдэггүй юм. Монгол хүн ажиллаж чадна аа. Манай станцыг хар, Адуунчулууныг хар. Монгол хүн ажиллаж чадаж л байгаа биз дээ. Эрдэнэтийн 6000 ажилчны 200 нь л гадаад хүн. Гэтэл шинээр уул уурхайн үйл ажиллагаа явуулах болсон газруудад дийлэнх нь гадаад хүмүүс ажиллаж байгаа.

-Та МАН-аас гарч МАХН байгуулсан хэдий ч дахин гарч Хамаг Монголын Хөдөлмөрийн нам байгуулсан. Үүний учир шалтгаан нь юу байв, үнэхээр үзэл бодол нийлсэнгүй юу? Янз бүрээр л таамаглаж байсан шүү дээ, тэр үед.

-Зохиомол хурал хийж, ямар ч үндэслэлгүйгээр МАХН гэдэг нэрийг МАН болгосныг эсэргүүцэж, байр суурь, үзэл бодолдоо үнэнч байхын жишээг би харуулж чадсан. Дараа нь хуулийн дагуу МАХН-ыг 26 мянган гишүүнтэйгээр байгуулсан. Энэ намыг байгуулахад олон саад бэрхшээлтэй тулгарч, хугацаа алдсан тал бий. Гэсэн ч намаа байгуулсны дараа олон нам эвслээс хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа. Тус намын удирдлагын үзэл баримтлал, цаашдын зорилго нь миний бодож санаж яваа зүйлтэй нийцэхгүй байсан учир нэрээ татаж, Хамаг Монголын Хөдөлмөрийн Нам байгуулсан. Манай намын хувьд зүүний социал демократ үзэлтэй. Бид төрийн оролцоотой зах зээлийн нийгэм байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-Өөрийнхөө үзэл бодолд үнэнч явахаар шахалт, дарамт ирэх юм уу?

-Авилгатай тэмцэх газарт шалгуулах, сонин телевизээр захиалгат нэвтрүүлэг цацах зэргээр саад учруулахыг оролдож л байсан. Гэхдээ үнэн хэзээд хүчтэй байдаг.

-Баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Д.Дэлгэрмаа
Эх сурвалж: "Дорнод"