sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан Уйгарын өөртөө засах орноос хөвөн болон хөвөн даавуун бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ.
Шинжаан Уйгарт хүний эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаагийн улмаас ийм шийдвэр гаргасан тухай АНУ-ын Гааль, хилийн албаны цахим хуудаст мэдэгдсэн байна.  
Шинжаанд үйлдвэрлэсэн хөвөн, хөвөн даавуун бүтээгдэхүүнийг тээвэрлэн манай улсад ирсэн ачааг аль ч тохиолдолд АНУ-ын гаалийн алба хураан авна гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна. Иргэдийг тэр дундаа хоригдлуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдлуудын тухай мэдээлэл дээр үндэслэн ийм шийдвэр гаргажээ.
Хятад улс дэлхийн нийт хөвөнгийн 20 орчим хувийг хангадаг бөгөөд үүний дийлэнх хэсгийг Шинжаанд үйлдвэрлэдэг байна. Шинжаан Уйгарын өөртөө засах оронд исламын шашинт үндэстний цөөнх уйгурчууд амьдардаг билээ.
 
Уйгарчуудын нөхцөл байдал
 
Хятадын баруун хойд нутагт оршдог Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд тус улсын үндэстний цөөнх болох уйгарууд оршин суудаг бөгөөд дийлэнх нь исламын шашин шүтдэг. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Шинжаанд олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоо сүлбээ бүхий салан тусгаарлагч үзэлтнүүдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.
 
 
 
Шинжаан-Уйгурын өөртөө засах орны засан хүмүүжүүлэх газруудад нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг “хууль бусаар хорьж байж болзошгүй” тухай “нотлох баримттай мэдээллийг” өгсөн гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчид 2018 оны наймдугаар сард мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тус бүс нутаг руу ажиглагчдыг илгээх санал тавьсан байна. Тэрбээр Шинжаанд үүссэн нөхцөл байдалд түгшиж буйгаа илэрхийлжээ.
 
 
 
Хятадын эрх баригчид дээрх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн боловч Шинжаанд “боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүд” үйл ажиллагаа явуулдаг гэдгийг 2018 оны сүүлээр анх удаа нотолсон юм. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ийм төвүүдэд “терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг” сурган хүмүүжүүлдэг байна. Гэхдээ ийм төвүүдэд хэчнээн тооны хүн байгааг тодорхой мэдээлээгүй юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг