sonin.mn


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг Уул уурхайн сайд Д.Ганхуягаас сонслоо. Тус компанийн хувьд өнөөдрийн байдлаар санхүүгийн хувьд хүнд байдалтай байгааг салбарын сайд онцлов.


Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д авсан зээлийг борлуулалтаа хийгээгүй байхад улсын төсөв болон Хүний хөгжлийн санд татан төвлөрүүлсэнтэй холбоотой гэлээ. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийг санхүүгийн хүндрэлээс гаргах нөхцөл нь төмөр замд холбох явдал гэж салбарынхан үзэж байна.


Сайдын өгсөн мэдээллээр бол "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Мөн олон улсын зах зээл дээр IPO гаргахаар Лондоны хөрөнгийн бирж дээр стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан аж. Хятад болон дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж байгаа учраас IPO хийх ажлыг үнэ тогтворжтол хойшлуулсан гэдгээ салбарын сайд дуулгав.


Ойрын жилүүдэд Тавантолгойн ордыг түшиглэн 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай 1200, жилд 20 сая тонн нүүрс угаах буюу баяжуулах үйлдвэр 700, 100-600 мВт хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам, дэд станц 1200, үйлдвэрлэлийн барилга байгууламж 1700, 70 км урт усан хангамжийн байгууламж 250 ажлын байр зэрэг үйлдвэрлэлийн томоохон төслүүд хэрэгжүүлснээр 5000 гаруй ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын бараа, ажил үйлчилгээг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.


Эдгээр ажлын хүрээнд 20 сая тонн нүүрс баяжуулах, угаах хүчин чадалтай үйлдвэрлэлийг гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулжээ. Тиймээс энэ онд барилга угсралтыг эхлүүлж, үйлдвэрлэлийг эхний ээлжинд 2015 онд таван сая, дараагийн жилд 20 сая тоннд хүргэх зорилт тавьж, 2017 онд ашиглалтад оруулах юм. Үүний нийт хөрөнгө оруулалт 583 сая ам.доллар болж байгаа аж.

 

Ус татах цогцолбор, 70 км ус дамжуулах байгууламжийн барилгын ажлын зураг төслийг энэ онд дуусгаж, 2015 онд усан хангамжийн цогцолборыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалт 110 сая ам.доллар болсон юм байна. Харин цахилгаан станцын хувьд энэ жил төслийг нь шалгаруулж 2015 онд 150 мВт, 2017-2018 онд 300 мВт-ыг ашиглалтад оруулахаар болжээ.

 

Үүний нийт хөрөнгө оруулалт 550- 600 сая ам.доллар аж. Ингээд гишүүд "Эрдэнэс тавантолгойн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа экс гишүүн Я.Батсуурьт асуулт тавьсан юм. Энэ үеэр тус компанитай холбоотой нэлээд чухал асуудлууд яригдлаа.


Х.Баттулга:

- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн талаар надад мэдээлэл ирсэн. Өнгөрсөн захирлуудынх нь үед энэ компанид долоон тэрбум орчим төгрөгийн хэзээ ч ашиглагдахгүй бараа, таваар шахсан байна. Энэ тал дээр мэдээлэл байна уу. Жишээлбэл, тус бүр нь 165 сая төгрөгийн үнэтэй уурхайд ашиглагдах нөхцөлгүй хүнд даацын автомашин, хүнд даацын автомашины дугуйнууд шахсан байна. Нөгөө талаар 2010 онд УИХ-аас төмөр замын бодлого баталсан. Одоо үүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ тал дээр "Монголын төмөр зам" ХХК-тай нийлж төмөр замын бодлогын талаар нарийн царигаас төмөр замыг эхлүүлнэ гээд явж байна гэх юм.


Я.Батсуурь:

-Чанаргүй, хэрэгцээ хангахгүй бараа, материал, машин байгаа нь үнэн. Тухайлбал, уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тус бүр нь 160 сая буюу нийт 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 ширхэг машин нийлүүлсэн байна лээ. Эдгээр машиныг манай компанийн Зүүн цанхийн уурхай дээр операторын үйл ажиллагаа явуулдаг компани шалгаад стандарт хангахгүй гэж дүгнэсэн.


Одоо сул зогсож байна. Дугуйнуудтай холбоотой асуудлын тухайд тав орчим тэрбум төгрөгийн дугуй бий. Үүнээс 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөгтэй дугуй нь буруу размертай учраас тухайн машиндаа таарахгүй байгаа. Ямар ч байсан энэ асуудал дээр тендер зарлаад явсан юм билээ. Холбогдох хүмүүстэй нь хариуцлага тооцож ажлаас халсан.


Цаашид хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа явагдах болов уу. "Монголын төмөр зам" ХХКийн дарга М.Энхсайхан төмөр замын талаар санал тавьсан. Гол санаа нь нарийн, өргөн царигтаа биш. Хамгийн гол нь Гашуун сухайтын замыг эхэлж тавья гэсэн юм билээ. ТЭЗҮ бэлэн, үйл ажиллагаа нь эхэлчихсэн.


М.Энхсайхан даргын "Бондоос 200, 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт өгөх нь энэ мөнгөөр Гашуунсухайтын замаас эхэлж тавих нь зүйтэй юм" гэсэн санал тавихад нь би "Миний эрх мэдлээс давсан асуудал. УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд аль замыг нь эхэлж тавихыг шийдсэн. Тиймээс УИХ, Засгийн газарт тавих асуудал" гэдгийг илэрхийлсэн.



Д.Ганбат:

-Тавантолгой Монголын бүх иргэдэд хамаатай. Тавантолгойгоос нүүрс гаргадаг нэлээд хэдэн компани бий. Үүний дотор "Эрдэнэс Тавантолгой" ХХК бүтэхгүй, болохгүй байгаа юм шиг ойлголт төрөөд байна. Тавантолгойн хувьцаатай иргэд ногдол ашгаа хэзээ хүртэх вэ. Ногдол ашиг авах ирээдүй байна уу, үгүй юу. Ер нь энэ компани яагаад хүнд байдалд оров. Үүнийг яаж сайжруулах юм. Энэ талаар захирлын хувьд Та ямар бодолтой байна?



Я.Батсуурь:

-Өнөөдөр компани санхүүгийн хувьд хүнд байгаа. Анх 2010 онд байгуулагдахдаа Худалдаа хөгжлийн болон Голомт банкнаас нийт 131 сая ам.долларын зээл авч үйл ажиллагаа эхлүүлсэн. Өнгөрсөн 2011, 2012 онд Хятадын "Чалко" компаниас 350 сая ам.долларын зээл авсан.


Нийт 481 сая ам.долларын зээлээр явж ирсэн. Харамсалтай нь 481 сая долларын 307 сая ам.доллар буюу 418 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаар дамжуулж иргэдэд тараасан. Үлдсэн 170 орчим сая ам.доллараар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад өнгөрсөн наймдугаар сард энэ компанийн бүх үйл ажиллагаа зогссон.


Аравдугаар сард Хөгжлийн банкнаас нэмж 100 сая ам.долларын зээл олгосон. Энэ зээлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад одоо дахиад хүндрэлд орсон. "Эрдэнэс Тавантолгой" ХХК 30, 40-өөд тэрбум төгрөгийн өртэй. Өрөө төлөх боломжгүйгээс компанийн үйл ажиллагаа зогсохын даваан дээр байна.


Хөгжлийн банкнаас нэмж 200 сая ам.долларын зээл олгох асуудлыг Засгийн газрын арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ зээл одоо болтол олгогдоогүй. Хамгийн хүндрэлтэй асуудал нь Хятадын "Чалко" компанитай байгуулсан 350 сая ам.долларын зээлийн гэрээ.


Уг гэрээ Монголын талд ашиггүй, муу болсон. Нүүрсээ 70 ам.доллараар Хятадын талд олгоно. Гэхдээ Хятадын зах зээлийн бондуудын үнээр индекс нь өснө, буурна гэж гэрээнд заасан байгаа. Өнөөдөр нүүрсний үнэ Хятад болон дэлхийн зах зээлд унасантай холбоотойгоор 53 ам.доллар болчихоод байгаа.


Манай өртөг 60 орчим ам.доллар. Ингэхээр бид нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлж байгаа. Энэ гэрээг өөрчлөх асуудлыг тавьж, "Чалко" компанийн удирдлагатай яриа, хэлэлцээ явуулж байна. Мөн 350 сая ам.долларыг энэ оны зургадугаар сард төлж дуусах ёстой.


Төлж дуусгаснаас хойш таван жилийн хугацаанд олборлосон нүүрснийхээ 80 хувийг тухайн компанид гэрээнд тохирсон үнээр өгөх үүрэг хүлээсэн. Энэ гэрээг өөрчлөхгүй бол "Эрдэнэс Тавантолгой" ХХК хөл дээрээ босох боломжгүй. Засгийн газраас "Цаашид олон худалдан авагчтай бол, нүүрснийхээ үнийг нэмж, дэлхийн зах зээлийн үнээр худалд" гэсэн чиглэл авсан.


Үүний дагуу яриа, хэлэлцээ хийж байна. Хөгжлийн банк, бондын мөнгөнөөс санхүүжилт олговол ойрын хугацаанд хөл дээрээ босч, санхүүгийн хувьд бэхжиж чадвал 2016 оноос иргэдийн 1072 хувьцаанд тодорхой хэмжээний ногдол ашиг олгоно гэж найдаж байна гэв.


Энэ үеэр Н.Батцэрэг гишүүн төмөр замын асуудлыг яригдаж байгаа асуудалтай хамтад нь хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлэв. Одоогийн байдлаар аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр хувьцаа худалдаж 27 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Нийт 40 орчим мянган аж ахуйн нэгж үнийн саналаа ирүүлсэн ч өнөөгийн байдлаар 1525 нь хувьцаа худалдан авчээ.



Ц.Жаргал

Эх сурвалж: