Каракулын "Сүмбэр" үүлдрийн хонийг Манай улс 1956 оноос тэр үеийн ЗХУ-ын Узбек ССР-ийн Самарканд мужийн "УЛУС" гэдэг аж ахуйгаас хориод каракул хуц, эм хонь авч ирж Төв аймгийн Архустын САА-д нутгийн монгол хоныой эрлийзжүүлэх, цэврээр нь үржүүлснээр манай оронд хурганы арьсны чиглэлийн хонь үржүүлэх ажил эхэлсэн түүхтэй.

Уг хонины нутагшилтийн судалгааг үндэслэн 1969 онд нүүлгэн шилжүүлж Говьсүмбэр аймагт САА-д эрчимтэй үржүүлж эхэлсэн. Одоо улсын хэмжээнд ганцхан энэ аймагт л каракул хонь өсөн үржиж байна. Говьсүмбэрчүүд манай аймгийн брэнд хэмээн каракул хониороо бахархдаг. "Сүмбэр" хэмээн нэрлэх болсон энэхүү хонийг дагнан үржүүлэх "Цөм сүргийн үржлийн төв" байгуулан ажиллуулж уг хонины удмын санг хамгаалан, үүлдрийн чиглэлийг өөрчлөхгүйгээр өсгөн үржүүлэх ажлыг эрхлүүлээд байгаа.



"Сүмбэр" үүлдрийн каракуль хонь ньүндсэн ашиг шим болох бужгар хурганы арьсныхаа чанараар цэвэр үүлдрийн каракуль хониноос дутахгүй ашиг шим өгдөг гэнэ. "Цөм сүргийн үржлийн төв"-д үржүүлж байгаа цэвэр болон эрлийз малын тоо 1400 гаруй болжээ. Каракул хурганы арьсны эрэлт хэрэгцээ зах зээлд жилээс жилд нэмэгдэж байгаа нь түүнийг өсгөн үржүүлэх шаардлага болсон.



2010 онд ОХУ-ын Халимаг улсаас каракул хуцны гүн хөлдөөсөн 1000 тун үр авчирч цус сэлбэх эрлийзжүүлэх, нутгийн монгол хонинд "Сүмбэр" үүлдрийн хонины цус шингээх эрлийзжүүлгийн ажлыг хийж эхэлжээ. "Цөм сүргийн үржлийн төв" нь каракул хурганы арьсанд анхан шатны боловсруулалт хийж зах зээлд гаргахаас гадна малгай, гоёлын шуба, хантаац зэрэг тансаг хэрэглээний гоёмсог эдлэлийг захиалгаар хийдэг юм байна.

Өнөөдөр каракул хонины хар өнгийн арьс 20.0-25.0 мянга, саарал өнгийн арьс 30.0-35.0 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байна. Үндсэн ашиг шим болох хурганы буржгар арьсныхаа чанараар цэвэр үүлдрийн каракул хониноос дутуугүй ашиг шим өгдөг гэж байсан. Энэ нь монгол орны байгаль цаг уурын нөхцөлд зохицсон дан бэлчээрийн маллагааны нөхцөлд амьдарч ашиг шимээ өгдөг, өөрийнхөө удамшлыг үр төлдөө бүрэн дамжуулж чаддаг шинэ хоньтой болсныг харуулж байгаа хэрэг билээ.

Одоо эрлийз каракул хонь үржүүлж байгаа аж ахуйнуудад хонины дундаж амьдын жин /хуц/ хавар 53,9 кг, намар 65,8 кг, эм хонь хавар 35,0 кг, намар 46,1 кг болж нуггийн монгол хониноос 10-20 хувиар давуутай байна. Түүгээр ч үл барам эрлийз хуцнаас 2,7 кг, эм хониноос 1,8 кг ноос авч байгаа нь монгол хониноос 0,5-2.0 дахин их байгаа юм.

Куракул хониноос алтан зулбадай, зулбан каракул, каракул, хазаар арьс, сэгсүүрэг, нэхий зэрэг олон төрлийн арьсан бүтэгдэхүүнийг зонхилон ашиглахаас гадна мах, сүү, ноос, яс, бууц болон нядласан хурганаас ходоод, нарийн гэдэс, цүрд зэргийг нь ашигладаг гэнэ.

Сүү нь ч тослог ихтэй. Каракул хониноос 7-10 хувийн тослогтой, 18-25 л сүү сааж ашигладаг гээд бодохоор дэндүү гэмээр ашигтай амьтан юм. Каракул хонины сүүний найрлагад 9.9 хувь тос, 3.54 хувь казейн, 0.6 хувь альбулин, 4.53 хувь ерөнхий азот, 3.6 хувь нүүрс ус, 0.86 хувь үнс байх бөгөөд түүний 17.89 хувь хуурай бодис, 82.11 хувь ус байдаг. Сүүний нягт нь 15°С 1 0297, хүчиллэг нь Т-20 байх ба илчлэг ихтэй.

Ингээд бид "Брэнд" буландаа Говьсүмбэр аймагт үржүүлдэг "Сүмбэр" үйлдрийн каракул хонь буюу түүний ашиг тусын талаар танилцууллаа.



Г.Тайван
Эх сурвалж: "Бизнесийн мэдээ"