sonin.mn

 

“Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаатай ярилцлаа. 
 
- Улстөрийн намын тухай, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэх талаар нэлээд яригдаж эхэллээ. Эдгээр хуулийг өөрчлөх асуудалд Та ямар байр суурьтай байна вэ? 
 
-Энэ асуудлыг би түүхий хоолтой адилтгаж үзэж байгаа. Улстөрийн намуудын хуулийг өөрчлөх тухай ярихаасаа өмнө одоо байгаа улстөр, нийгэм, эдийн засаг, улстөрийн соёлын асуудал ямар байгаа талаар нэлээд нухацтай судалгаа хийж, улстөрийн намууд, тэдний гишүүд, дэмжигчид, ард иргэдтэйгээ хамтран сайн ярилцаж хэлэлцэх ёстой.
 
 
Одоо байгаа Улстөрийн намын тухай хуулийг “эвдэрхий тэрэг” гэж тодорхойлж байгаа бол энэ тэргээ засч, урагшлуулах талаар бодох хэрэгтэй. Санхүүжилтийн асуудлаа ч гэсэн хуультайгаа хамт цогцоор нь шийдэх нь зүйтэй л дээ. 
 
 
 
- Улстөрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ажлын хэсгийн ахлагч нар намуудын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Уулзалтаар ямар асуудал голчлон яригдав. Тодорхой чиг гарав уу? 
 
-Тэр өдрийн уулзалт бол хулхины уулзалт болсон. Олон хүмүүсийг цуглуулчихаад хэлэлцэх төсөл ч байхгүй, С.Баярцогт санаандаа орсноо ойлгомжтой ч тайлбарлаж чадаагүй учраас хавтгай хэрүүл ч юм уу, хэдэн тийшээ хадуурсан утга учиргүй уулзалт болсон шүү дээ. Та нар ч байсан.
 
 
Нэг л бие биеэ хараасан, үзэн ядсан, уур уцаартай, сөрөг энергитэй хурал болсон. Үүнд би хувьдаа сэтгэл хямралтай байгаа. Манай намуудын удирдагч дотор утга учиртай үг, санаа хэлсэн хүн Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаагаас өөр хүн байгаагүй.
 
 
Манай улстөрчдийн боловсрол, мэдлэг Монгол Улсын хөгжлийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагаас хол хоцорсон байгааг л харуулсан. Тэд “МАН-ыг татан буулгая, тараая, хөрөнгийг нь хураая” гэж баахан давшилсан.
 
 
Ингэж давшилж байгааг нь харахад улстөрчид ямар тавьтаргүй, Үндсэн хуульд заасан иргэн бүр “Эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн үзэл санаанаас ямар их холдсон, 1937-1938 оны хэлмэгдүүлэлтийг дахин давтахад ч бэлэн байгааг харсан.
 
 
Тэд нам дамнасан олигархиуд, төрөөс төрсөн тэрбумтнуудтайгаа хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой асуудлыг дэндүү андуурч, олон зуун мянган жирийн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг дарангуйллаар шийдэх, тэдний итгэл үнэмшлийг өнгөрсөн түүхтэй нь хамт уландаа гишгэх гэж эмх замбараагүй бурж, дур зоргоороо авирлаж байсанд л хамаг эмгэнэл оршиж байгаа юм.
 
 
Ер нь бол улстөрийн намын дарга нар Үндсэн хуулиа сайн судлах хэрэгтэй юм билээ. Мөн хүний эрхийн сайн мэдлэгтэй, хандлагатай байх ёстой. Тэгэхгүй бол энд тэнд Үндсэн хуулийн эсрэг ярьж, нэр нүүрээ гутаагаад байх нь тийм сайн зүйл биш. Дашрамд хэлэхэд, улстөрийн намын чухал чиг үүргүүдийн нэг нь намын гишүүд, дэмжигчдийнхээ мэдлэг, боловсролыг байнга дээшлүүлэхэд л байдаг юм шүү.
 
 
 
 
- Улстөрийн намуудын хатуу гишүүнчлэлтэй байх эсэх асуудал ч хөндөгдөж байна. Ер нь нийгэмд намаар талцдаг байдал үүсчихээд байгаа шүү дээ. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байгаа вэ? 
 
- Улстөрийн нам гишүүнчлэлтэй байх эсэх нь асуудлын гол биш.Гол нь иргэд, намуудын улстөрийн соёлтой холбоотой. Нэг гэрийн хүмүүс өөр өөр намын гишүүн байлаа гэхэд хэн нэгнээ алагчилж үзэж байгаа бол тэр гэр бүлд байгаа хүмүүс бие биеэ хүндлэх, хайрлах соёлгүйтэй л холбоотой.
 
 
Энэ бол цэвэр хувь хүмүүсийн хүмүүжлийн асуудал. Шашин хоорондын мөргөлдөөнөөс болж мөн шашныг улстөрийн зорилгоор ашиглаж байгаагаас болж хэчнээн сая жирийн иргэн хохирч, амь насаа алдаж байгааг бид мэднэ. Гэтэл одоо 2.7 сая монголчууд хорин хэдэн намаас болж дажин болох хэрэг үү.
 
 
Аль нэг намын гишүүн байх нь өөрөө хэрүүлийн шалтгаан биш. Хүн бүр ялгаатай. Үндсэн хуульд хүн бүрийн ялгаанаас болоод “Ялгаварлан гадуурхаж болохгүй” гэж заасан байгаа. Ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч хандаж сураагүй бидний буруу. Түүнээс улстөрийн амьдралд зайлшгүй байх ёстой нам уруу чичлэх хэрэггүй.
 
 
Тодорхой үзэл бодлоороо хэн нэгэнтэй, аль нэг байгууллагад эвлэлдэн нэгдсэн хүний сонголтыг хүндэтгэж үзэх ёстой. Одоо чинь бүгдийг ижилхэн хувцаслаж, ижилхэн итгэл үнэмшилтэй байлгах гэж хүчирхийлж байсан нийгэм ул болчихоод ардчилсан Үндсэн хуультай болоод 21 жил болж байна шүү дээ.
 
 
Тийм учраас өөрийнхөө зорилго, зорилтуудаа ойлгуулан гишүүнчлэлтэй болж чадаж байгаа нам нь гишүүнтэйгээ л байна биз. Чадахгүй байгаа нь гишүүнгүй л байна биз. Энэ чинь өөрийгөө “Нам” гэж нэрлээд байгаа иргэний нийгмийн байгууллагын дотоод асуудал юм биш үү. ТББ-ууд ч ийм л байгаа. 
 
 
 
- Бизнесийн байгууллага, гишүүдийн хандиваар нам санхүүждэг одоогийн тогтолцоог хэрхэн өөрчлөх ёстой вэ. Намуудыг төсвөөс санхүүжүүлдэг байх хувилбар яригдаж байгаа шүү дээ? 
 
-Төсөв намуудаа санхүүжүүлж дийлэх юм бол болж байна. Харин төсвөө залгичихдаг Засгийн газартай байгаад байвал “Их санасан газар есөн шөнө хоосон хонолоо” гэдэг шиг болох биз.
 
 
Харин гишүүд, дэмжигчдийнхээ татвар, хандиваар санхүүжнэ гэвэл Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар иргэдээ “Хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх” боломжийг нь хангах төрийн бодлоготой, Засгийн газар нь түүнийгээ хэрэгжүүлдэг байж л энэ асуудал бүтэх байх даа.
 
 
 
- Парламентад суудалгүй намууд хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлсэн үү? 
 
- Төслийг нь нэг ч нүдээрээ хараагүй байна. Би ярианыхаа эхэнд хэлсэн шүү дээ. Үзүүлж харуулах нэг ч цаас байхгүй. Цаг барсан, ажил алдагдуулсан хурал болсон гэж. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг... 
 
 
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэж үзэх хүн олон байна. Таны хувьд хэрхэн харж байгаа вэ? 
 
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайд зарчмын том асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Тухайлбал, 2000 оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас “1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд хийсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол улсын хууль нь бүхэлдээ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр, 68 дугаар зүйлийн нэг, 70 дугаар зүйлийн нэгийг зөрчсөн” хэмээн эцсийн шийдвэр гаргасан байдаг.
 
 
Тиймээс 420 гаруй депутат хоёр сар гаруй хуралдаж, ард иргэдээр хэлэлцүүлж баталсан Үндсэн хуулийг “Хулгайн аргаар нэг өдрийн дотор” өөрчилсөн гэмт үйлдлээ эхлээд засч залруулах хэрэгтэй. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Аливаа гэрээг гэрээний талууд хэлэлцэж байж өөрчилдөг хуультай.
 
 
Гэтэл гэрээний нэг тал болох Монголын ард түмнийг оролцуулалгүй өөрчлөлт хийснийг гэмт хэрэг гэж байгаа юм. Тэр долоон өөрчлөлт бол эрх зүйн чадамжгүй, хууль бус зүйл. Манай улстөрчид хуулийн дээр ёс зүй байдаг гэдгийг мэддэггүй. 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд энэхүү гэмт үйлдлийг хийхэд оролцсон тухай үеийн УИХ-ын 60 гишүүн, Ерөнхийлөгч Н. Багабанди, УИХ- ын дарга Р.Гончигдорж нар гол үүрэг гүйцэтгэсэн.
 
 
Харин энэ гэмт үйлдлийн эхлэл, төгсгөл нь Ц. Элбэгдорж, Н. Энхбаяр хоёртой шууд холбоотой юм билээ. Та нар 2010 онд гарсан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд” гэдэг эмхтгэлтэй сайн танилцаарай. Хууль зүйн Үндэсний төв, Цагдаагийн академи, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос хамтран гаргасан эмхтгэл байна лээ.
 
 
Редакторууд нь Б.Чимид, Д.Зүмбэрэллхам, Л.Цог нар байгаа. Түүх хэзээ ч алга болдоггүй, устдаггүй юм. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын эрх мэдлийг салган тусгаарлаж байсан хуучин заалтуудаа буцааж хүчин төгөлдөр болгочихоод “Одоо юу нь болохгүй байна” гэдэг дээр нухацтай, буурь суурьтай, ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэж шийдэх ёстой шүү гэдгийг дахин шаардаж, сануулчихъя. Бидэнд хууль саад болж байна гэхээсээ илүү ёс зүйгүй улстөрчид хамгийн том тээг, асуудал болж байгааг олж харах хэрэгтэй. 
 
 
 
 
- Төрийн бодлого УИХ-д олонхи болсон намын бодлогоор явдаг. Ер нь парламентад суудалтай болон суудалгүй намуудын хамтын ажиллагааг дэмжих бодлого үгүйлэгдээд байна уу даа. Үүнийг хуульд тусгах боломжтой юу? 
 
- Уг нь Үндсэн хуульд “Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байгаа.
 
 
Тэгэхээр улстөрийн нам бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн иргэний байгууллага учраас парламентад суудалтай, суудалгүй нам гэж ялгаварлан гадуурхах учиргүй юм л даа. Гэтэл суудалтай, суудалгүй гэдгээр нь ялгаварлан гадуурхдаг ажлыг УИХ-д сууж байсан, байгаа намууд чадах чадахаараа хийдэг болчихоод удаж байна.
 
 
Тухайлбал, 2005 онд баталсан Улстөрийн намын тухай хуульд “Улстөрийн намууд бүх шатны сонгуульд оролцох эрхтэй” гэж заасан байхад 2012 онд баталсан “Орон нутгийн сонгуулийн тухай” хуульд орон нутгийн сонгуульд зөвхөн орон нутагт салбартай нам оролцохоор хуульчилсан байх жишээтэй.
 
 
Энэ байдлаар Монгол Улсынхаа төлөө, ард иргэдийнхээ төлөө хамтарч ажиллах боломжуудыг санаатай болон санамсаргүй байдлаар алдаад байдаг учраас Монгол Улс хөгжихгүй. Монгол хүн монгол хүнээ хүндлэхгүй.
 
 
Монгол хүн монголынхоо дайсан болчихоод байгаа юм. Бид дайсныг гаднаас эрдэг үлгэрт их итгэдэг. Харин бид Монгол орондоо, монгол хүндээ өөриймсөг хандаж чадаж байгаа бил үү гэдэг зүйл асар том асуудал болчихоод байна. 
 
 
 
-Намуудын төлөвшил ямар төвшинд байгаа гэж бодож байна. Иргэний нийгмийн байгууллагууд улстөрийн намуудын төлөвшилд нөлөөлөх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ? 
 
-Намуудын төлөвшлийг систем судалгааны өнцгөөс харвал ёстой инээдтэй юм байна лээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахад нэлээд хугацаа, чармайлт шаардлагатай. Манай намууд ядаж л намынхаа дотоод үйл ажиллагаандаа SWOT үнэлгээг цогцоор нь, буурь суурьтай хийдэггүй юм байна гэж дүгнэж болно.
 
 
Баахан өөрийгөө, их удахдаа намаа дөвийлгөсөн, намчирхсан үзэл хандлагатай, ул суурьтай шүүмжлэл хүлээж авах дархлаагаа алдчихсан, дэндүү эмзэг хүмүүсээр гол цөмөө бүрдүүлчихсэн харагдаад байгаа юм. 
 
 
 
- Нам дэргэдээ ТББ- уудтай байхыг шүүмжлэх хандлага бий. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
 
-Намын дэргэд олон нийтийн байгууллага байхын гол зорилго нь улс орны хөгжил, хүний эрх, ардчиллын асуудлаар өөрийн гэсэн байр сууринаас мэргэшлийн төвшинд хандаж, улстөрийн намдаа шахалт, шаардлага тавьж, мэдлэг, мэдээлэл өгч байвал илүү өгөөжтэй байх гэж боддог.
 
 
Харин манай намуудын дэргэд байгаа олон нийтийн байгууллагууд дарга, удирдагч нараа даган баяссан, талцсан, эвлүүлэхээсээ илүү эвдрэлцүүлдэг хүмүүс гэж харагддаг. Аливаа хүн улстөрийн нам гэдэг ардчиллын “хэрэгслийг” өөрийгөө гайхуулах талбар болгож байгаа бол холын зорилгодоо хүрэх тэнхээгүй, чадваргүй, хоосон амбицтай, шалихгүй этгээд гэж өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
 
 
Харин улстөрийн нам бол улс орноо, ард иргэдээ хөгжүүлэхэд гол хүчин, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн чухал талбар гэж үзэж байдаг бол “хонь бүтэн, чоно цатгалан” гэдэг шиг хэн хэндээ ээлтэй, хэтийн зорилгод нийцтэй сайн үйлсийг бүтээх боломжтой, буянтай үйлс болох биз дээ.
 
 
Эх сурвалж: