sonin.mn


2012 оны УИХ-ын сонгууль нэлээд ширүүхэн болох төлөвтэй. Дорнод аймгаас нэр дэвших сонирхолтой нөхдүүд ч нэлээдгүй дуулдана. Хоёрхон мандаттай манай аймгаас УИХ-д нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөх магадлалтай хуучин шинэ намын "сонгогдохоор горилогчид"-ыг бид энэ удаагийн дугаартаа нийтэлж байна.

САНЖМЯТАВЫН ОТГОНБААТАР

"Монгол шилтгээн", "Хаанброй" ХХК-ийн захирал, "Монгол 999 Үндэсний Нэгдэл" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Дорнод нутаг" клубын тэргүүн хэмээх тодотголтой С.Отгонбаатар Дорнод нутгаас УИХ-д нэр дэвших магадлалтай нөхдүүдийн тоонд зүй ёсоор тооцогдоод байна. Нутгаа хайрлах эрхэм сэтгэлтэй залуусыг нэгтгэн Дорнод нутгийн соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт чамгүй зүйлийг хийсэн тэрээр Дорнодчуудад хэдүйн танигдсан. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн төлеө зүтгэж яваа түүнд нутгийнхан ч ам муугүй байгаа сурагтай.

ШИНЭХЭН НАМ-ЫН ДАРГА Ц.ШИНЭБАЯР

Парламентад биднийг төлөөлөн суугаа Шинээ гишүүний хувьд МАХН нэрээ өөрчлөн МАН болоход бууриа сахин үлдэж нэг үзээд, эцэст нь Хамаг Монгол Хөдөлмөрийн Нам гээчийг байгуулсан. Саяхан ирээд буцсан тэрээр рейтинг нь дээгүүр давхиж яваад сэтгэл хангалуун байгаа боловч шинэхэн намаа удирдан сонгуульд өрсөлдөх их ажилтай тулаад байна.

Дорнодчуудын зарим нь "том" хүчний өмнөөс "том" дуугарч иргэний зориг гаргасан хэмээн түүнийг үнэлж байгаа ч намаас нам сэлгэснээс өөрөөр дорвитой юм хийгээгүй гэх нь ч бас байна. Ирэх сонгуульд нэр дэвших үү гэсэн манай сэтгүүлчийн асуултанд тэрээр "Нутгийнхныхаа амьдралыг мэддэг хүн л улс төрд гарах ёстой" гэж хариулснаас үзэхэд хүч үзэх нь тодорхой дог оо.

АН-ЫН П.АЛТАНГЭРЭЛ

Пүрэвийн Аптангэрэл гишүүнийг АН-аас Дорнодод сойх нь дамжиггүй. Дорнодынхон ч түүнд дахин итгэл хүлээлгэх магадлал өндөр байгаа юм. Учир нь ардчиллыг дэмжигчид нэлээд ам сайтай байна. Тэрээр хэдэн жилийн өмнө Мянганы замыг Дорнодоор явуулахыг шаардан тэмцэж, өлсгөлөн зарлахдаа тулсан нь олонд таалагдаж рейтинг нь огцом өссөн. Нөгөө хоёр гишүүнээ бодвол чуулган дээр үг хэлэх хийгээд тойрогтоо ирэх нь арай л илүү болохоор ард иргэд түүнд талтай байна. Мянганы замыг санал авах "өгөөш"-өө болгосон түүний хувьд ирэх сонгуульд юу ярьж хүрч ирэх бол гэсэн хүлээлт бас байх шиг.

АН-ЫН Б.МӨНХЦЭЦЭГ

Шинэ сонгуулийн хууль УИХ-д суух сонирхолтой эмэгтэй улс төрчдийн хувьд нэлээд таатай хөрс болсон. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд БСШУЯ-ны дэд сайд Б.Ундармаа, Б.Мөнхцэцэг нарын эмэггэй улс төрчид хүч үзэх сонирхолтой байгаа даг аа. 2008 оны сонгуульд өвдөг шороодсон ч Б.Мөнхцэцэгийг нэр дэвших сургаар янз бүрийн яриа гарч л байна. Хойд сумдынхан л түүнд санал өгөх нь юу юм гэхээс бусад нь түүний талаар мэдээлэл багатай гэхчлэн. Хөдөлмөр нийгмийн халамжийн газрын дэд даргаар ажиллаж байсан түүнийг "Алтангадас"-ынх гэх юм билээ. Ямартаа ч АН-ын хоёр мандат УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан, Б.Мөнхцэцэг нарын хоёрт нь л ногдож таарах нь гэсэн таамаг иргэдийн дунд байна.

МАН-ЫН Д.ОДБАЯР

МАН-аас Дорнод нутагт нэр дэвших хэд хэдэн хүний нэр тодорхой болсон. Тэдний нэг нь Дорнодоос УИХ-д хоёр ч удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр гэж бичих хэвлэлүүд бас байна. Түүнийг энэ хугацаанд орон нутгийн хөгжлийн төлөө дорвитой юм хийгээгүй, тойрогтоо ирж ажиллах нь багассан гэх яриа дагалддаг. Гэхдээ сонгууль ойртсон энэ цаг дор Д.Одбаяр гишүүний хувьд аймагт болж буй үйл явдал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зэрэгт үзэгдэх нь харин ч ихэссэн. Оны өмнө өөрийн хийсэн ажлын талаар боршур гаргаж, сонгуулийн хууль хэрэгжихээс гэл өмнөхөн айл өрхөөр тараасан зэрэг нь түүнийг сонгуульд өрсөлдөх нь гэдгийг хэлээд өгсөн. Юутай ч эрхэм гишүүн 3 дахь удаагаа сонгогдох эсэх нь түүний өмнөх сонгуулиар амласан амлалтаа хэр зэрэг биелүүлснээс шалтгаалах биз.

МАН ДЭД САЙДУУДЫНХАА ХЭНД НЬ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ БОЛ...

Дорнодын их тал руу гүйдэлтэй болсон "сонгогдохоор горилогчид"-ын нэг нь НХХЯамны дэд сайд Н.Номтойбаяр. МАК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад улс төрийн өгсүүр шатаар огцом харайж дэд сайдын сэнтийд заларсан намынхаа дотоодод өрнөж буй өрсөлдөөнд ялж I чадвал Дорнодод нэр дэвшинэ гэсэн үг. БСШУЯ-ны дэд сайд Б.Ундармаагийн хувьд ч ялгаагүй, нам нь итгэл хүлээлгэвэл энд хүч үзэх нь. Өмнөх УИХ-ын сонгуульд нийслэлийн тойрогт өрсөлдөөд өвдөг шороодож байсан түүнд туршлага байгаа ч Н.Номтойбаярыг давж гарна гэдэг бас л эргэлзээтэй хэрэг.

Дээр дурдсан эрхэмүүдээс гадна аймгийн Засаг дарга Ц.Жанлав, 1996-2000 оны УИХ-ын гишүүн асан С.Билигсайхан,"Глобал удирдагч сан"-гийн тэргүүн Б.Отгонбат, ИЗНН-аас М. Чойдорж нарын нэр ч дуулдана. Ийнхүү энэ жилийн сонгууль нэлээн ширүүн тэмцэл дунд өрнөх нь тодорхой харагдаж байна. Гэсэн ч тэгтлээ улстөржиж туйлширдаггүй манай аймгийнхан алсыг харсан холч ухаанаар зөв сонголт хийх биз ээ.

Эх сурвалж: "Дорнод"