... Яндаж баршгүй далай шиг яасан баян нутаг вэ,
 
Ямар их хувь заяар бид нар эзэн болж төрөө вэ.
 
 
Ц.Дамдинсүрэн гуайн шүлэг, Л.Мөрдорж гуайн ая "Миний нутаг" дууны дээрх бадгийн үнэн өнөөдөр ч хэвээр, монголчууд бид эрдэс баялгаар баян улс гэдэг нь улам батлагдсаар байна. Бараг л гишгэсэн газар бүрт маань баялаг байх шиг.
 
 
Тэгээд дээр нь бид элдэв цунами, далайн шуурга, үер энэ тэр болдоггүй, Төв Азийн өндөрлөг газар нутагт амьдардаг хувь заятай улс гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Харин энэ их хувь заяагаа бид хэр эдэлж байгаа гэхээс биш...
 
 
Сүүлийн үед Монголын их баялаг нэгээр "нэмэгдэв". Энэ талаар их ярих боллоо. Энэ бол занар. Монголд бүр Занарын холбоо байгуулагдаж, байгуулагдахаасаа гадна гадны, тодруулбал Израйлийн "Жени Ойл Шейл Монголиа" компанитай хамтран занарын тос боловсруулан гаргаж авах талаар ярьж байна.
 
 
Энэ талаар саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан юм. Эндээс занар гэж юу болох, яагаад занар боловсруулах болов гэх мэтээр олон асуулт хөврөн гарч ирэв. Мэдээж, боловсруулах тухай ярьж байгааг бодоход манай улс занартай аж.
 
 
Харин хэр их вэ? Салбарын эрдэмтэд, геологийн мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар Монгол Улс 800 шахам тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэж байна. Ийнхүү сүүлийн үед манайд занараа боловсруулж ашиглая хэмээн дуугарах болсон нь түлш, эрчим хүчний шинэ нөөц гэдгээр харж, энэ өнцөгөөс тайлбарлаж байна.
 
 
Гэтэл "Хар алт" хэмээх нүүрсээр баялаг, мөн тодорхой хэмжээгээр газрын тос олборлон бүтээгдэхүүн болгон хэрэглэж эхэлж байгаа манай улс яагаад гэнэт занараа боловсруулж ашиглах талаар дуугарч эхлэв гэдэр нь өөрийн эрхгүй анхаарал татаж буй сэдэв болж байна.
 
 
За, бүр занараа байг гэхэд эхлээд нар, салхи гээд Монголд бэлэн байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ ашиглах талаар түлхүү ярих ёстой биш билүү гэсэн асуултууд ар араасаа хөврөн гарч ирж байна.
 
 
Монголчууд занараа "мартжээ" хэмээн үгүйлэх болсны гол учир нь занарыг шатааж хийн түлш гарган авах, улмаар шатахуун хийх гэсэн ганц тайлбарт чиглэж байна. Өөрийн гэсэн газрын тосны нөөцтэй хэр нь түүнийгээ ашиглах боловсруулах ганц ч үйлдвэртэй болоогүй байж занар яриад эхэлсэн нь зарим хүнд хачирхалтай санагдаж буйг нуугаад яах вэ.
 
 
Ингээд бид нүүрс-устөрөгчийн органик нэгдэл агуулсан тунамал чулуулаг болох занарын сайн, "муу"  тал нь юу юу байдаг, одоо ашиглах уу, эсвэл түр хав даран хүлээзнэх нь дээр үү гэсэн асуултын хариу болгон занарын эргэн тойрон дахь харьцуулалтыг нийтлэв.
 
 
Нэн. Давуу, сайн талууд:
 
-Занарын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар бензин, онгоцны түлш, байгалийн хийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадаадад экспортлох боломжтой. 
 
 
-Монгол занараас гарах тосны хэмжээг занарын нөөцөөрөө томд тооцогдох Израйл улстай харьцуулахад хоёр дахин их болох нь тогтоогдоод байна. Занарын ганцхан ордыг ашиглахад манай улсын хэдэн арван жилийн хэрэгцээг хангана.
 
 
 -Судалгаагаар Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон.
 
 
-Занарыг ил уурхайн аргаар олборлох бус газрын гүнд боловсруулах технологи ашиглах аж. Ингэснээр агаар, байгаль орчин хортой нөлөө үзүүлэхгүй бөгөөд өндөр чанарын шатахуун, дизель түлш, онгоцны түлш, мөн байгалийн хий, занарын тосны шингэрүүлсэн хий гарган авна.
 
 
-Занар боловсруулах технологи нь: газрын гүнд орших занарын зузаалагт цооног өрөмдөж түүндээ халаах төхөөрөмж суулган, улмаар цельсийн 300-400 градус хүртэл халаан занар дахь органик нэгдлүүдийг задлан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүдийг газрын хэвлийн орчинд боловсруулан гаргадаг байна.
 
Энэ аргаар гарган авсан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүд болох /керосин, дизель, онгоцны түлш, хий/LPG/ нь чанарын хувьд сайн, хөнгөн, цэвэр байдаг онцлогтой.
 
 
-Монголд баригдах занар боловсруулах үйлдвэр нь эхний ээлжинд өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Ийм хэмжээний занарын тос үйлдвэрлэхэд нэг км-ыг 10 хуваасны нэгтэй тэнцэх газарт олборлолт явуулах бөгөөд нийтдээ 6700 тонн сайн чанарын бензин, онгоцны түлш үйлдвэрлэх ажээ.
 
 
Хоёр. Муу гэгдэх талууд болон хүндрэл бэрхшээлүүд:
 
-Занарыг шатааж боловсруулах үйл явц маш удаан, утаа тортог ихтэй, үнс их гардаг бохир учир байгаль орчин, хүнд хортой, ус маш ихээр хэрэглэдэг хэр нь гадаргуугын усыг бохирдуулах эрсдэлтэй.
 
Монголчууд занарыг их ухвал газрын судас хөндөхтэй адил газар хөдлөнө гэж үзэж байсан. Занар нь мод, нүүрс зэрэг бусад түлшийг бодвол тийм ч амархан ноцож асдаггүй, дээр нь илч муу байдаг.
 
 
-Занарыг ил аргаар гарган авахад ухалт, малталт их хийгдэг учир их том талбайг хамардаг. Тийм учраас маш их хаягдал овоо үүсгэдэг, орчин тойрондоо тоос, үнс их тараадаг байна.
 
Газрын гүнд далд аргаар авахад цахилгаан болон хийгээр халаах учир эрчим хүч их орно. Дээр нь тээврийн зардлыг тооцвол их хөрөнгө оруулалт орно гэсэн үг.
 
 
-Занар гарган авч боловсруулахад химийн урвал шаардагдаж хэрэглэхгүй ч гэсэн их халаадаг учир дулаан их хэрэглэдэг тул үйл ажиллагааны зардал ихтэй.
 
Тодруулбал, газрын гүнд орших занарын зузаалагт цооног өрөмдөж түүндээ халаах төхөөрөмж суулган, улмаар цельсийн 300-400 градус хүртэл халаан занар дахь органик нэгдлүүдийг задлан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүдийг газрын хэвлийн орчинд боловсруулан гаргадаг байна.
 
 
-Гүний аргаар занар олборлох юм уу боловсруулахад нэг болгоомжлох хүндрэл байдаг нь занар нь газрын гүний усны үеийн доор, эсвэл дээр нь байдаг. Тиймээс байгалийн гүний усанд аюултай, сөрөг нөлөө гарах эрсдэл ихтэй байдаг аж. Учир нь занараас нүүрс-ус төрөгчийн дэгдэмхий нэгдэл усны үе рүү нэвчих сөрөг үр дагавар үүсгэдэг байна.
 
 
-Занар нь манайд хөдөө орон нутагт нилээд элбэг ч олборлоход хүндрэлтэй, нүүрстэй хольж түлэх арга, боломжийг сайн судлахгүй бол ахуйн нөхцөлд занарын дөл хурц байдаг тул зуух, пийшинг амархан түлж цоолдог гэмтэй.
 
 
-Шатдаг занарын хайгуул судалгааг манай улсад 1940-1950 онд анх хуучин ЗХУ-ын геологчид хийж байснаас хойш сүүлийн 20 гаруй жил энэ төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуулын судалгаа шинжилгээ тун бага хийгдэж ирсэн.
 
Өнөөдрийн байдлаар манай улс 800 тэрбум шахам тонн занарын нөөцтэй гэх боловч энэ нь геологийн тойм гэхээс биш нарийвчилсан судалгаа биш. Судалгаа-шинжилгээ бага хийгдсэн учир энэ нь албан ёсоор батлагдаагүй байна.
 
 
-Нөөцийн судалгаа сайн хийгдээгүй, дээр нь яаж олборлон авч боловсруулах талаар хараахан шийдээгүй учир эрх зүйн тал дээр тун бүрхэг, түүхий байгаа. Тодруулж хэлбэл, занарыг газрын гүнд боловсруулахаар бол Газрын тосны тухай хуулиар, ил аргаар олборлохоор бол Ашигт малтмалын хуульд хамрагдах юм.
 
Нэг ёсондоо занарыг яаж боловсруулж, ямар аргаар тос, түлш гаргаж авахаас хамааран эрх зүйн асуудлыг шийдэх юм.
 
 
-Өнөөдөр манайд занарыг ашиглаж олборлолоо гэхэд энэ талын судлагаа-шинжилгээний мэргэжилтэн, эрдэмтэн цөөн, занарын талаар мэргэшсэн сургалт, боловсон хүчин, бэлтгэгдсэн инженерүүд байхгүй байна.
 
 
Бэлтгэсэн Б.Долгор
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин