Мөдхөн Төрийн Думаар ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх гадаадын иргэдэд транзит виз олгохгүй тухай шинэ журмын төслийг хэлэлцүүлэх гэнэ. Буцах тасалбар болон эмнэлгийн даатгалын үндсэн дээр АНУ, Азийн зарим улс болоод ЕХ-ны орнуудын иргэд Орост 72 цаг визгүй зөрчих асуудлыг эрх баригчид ярилцах юм байна.
 
Энэ журмын төслийг Оросын Соёлын яам боловсруулж, Думд өргөн барьсан бөгөөд Тээврийн яам нь дэмжжээ. Уг яам хэрвээ шинэ энэ журам батлагдвал Орост аялал жуулчлалын урсгал өмнөхөөсөө нэмэгдэхээс гадна соёлын салбараас орох орлого мөн нэмэгдэнэ гэж үзсэн байна.
 
Москва хотын Засаг захиргаа визгүй зорчих транзитын үр дүнд 20-30 хувиар жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалын үйлчилгээнээс жилдээ 13-19 тэрбум рублийн орлого олно гэсэн тооцоог гаргажээ.
 
Тэдний судалгаагаар нийслэлд нь гадаадын иргэн хоногт 6,6 мянган рублийн зардал гаргадаг бөгөөд Орост аялал жуулчлалаар жил бүр хоёр сая гадаадын иргэд ирдэг.
 
Тэгвэл Хятадыг 56 сая жуулчин үзэж сонирхдог бол ЕХ-ны орнуудын иргэд Орост гурван өдөр саатах тохиолдолд тэр хэмжээгээр ахиу орлого олох бүрэн боломж байна гэж хотын эрх баригчид транзит визгүй байх журмыг дэмжих байна.
 
Транзит визгүй байх шинэ журамд өнөөдрийн байдлаар дэлхийн 20 орчим улс орныг багтаасан. Үүнд Герман, Хятад, АНУ, Их Британи, АНУ, Швед, Итали, Франц, Испани, Өмнөд Солонгос, Япон, Польш, Канад, Нидерланд, Швейцарь, Австри, Бельги, Иран, Финланд, Сингапур болон Австрали орсон. Гэхдээ энэ бол бага тоо.
 
Тухайлбал, Хятад улс энэ оны нэгдүгээр сарын нэгнээс транзит визгүй болж, 45 улс оронд хөнгөлөлт үзүүлсэн байх жишээний. Бид үүнээс туршлага авах ёстой. Шинэ журмын дагуу жил бүр транзит визгүй зөрчих улс орнуудын тоо нэмэгдэх юм гэж Соёлын яамныхан ярьсан байна.
 
Гадаадын иргэн Владивосток, Екатеринбург, Казань, Калининград, Москва, Новосибирск, Сочи болон Хабаровск хотуудад онгоцоор Орост нисэж ирсэн тохиолдолд гурван өдөр визгүй зөрчих эрхтэй болно.
 
Харин гадаадын харьяатын иргэдийн бичиг баримтыг шалгах автомат төхөөрөмж суурьлагдаагүй тул галт тэрэгний зорчигчдод энэ журам хамаарахгүй юм байна. Тэгвэл усан онгоцоор ирэгсдэд визгүй зорчих журам хүчин төгөлдөр байх гэнэ.
 
Соёлын яамныхны ярьж буйгаар, Оросын нутаг дэвсгэр дээр арав болон түүнээс дээш хоногоор визгүй байх журмын төсөл ид боловсрогдож байгаа аж. Виз олголтыг хөнгөлөх, шаардагдах бичиг баримтыг цөөлөх, виз олголтын цэгийг нэмэгдүүлэх, виз олголтын хугацааг богиносгох зэрэг асуудал одоогоор түүхий хэвээр байна.
 
Цаашлаад тухайн хотод олон улсын томоохон арга хэмжээ зохиогдох тохиолдолд гадаадын иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс визгүй зорчих талаар хэрхэн шийдвэрлэх гээд ээдрээтэй гэмээр асуудал байсаар байна гэж тус яамныхан ярьж байна.
 
Өнөөдөр Орост Олимп эсвэл олон улсын чанартай томоохон уралдаан тэмцээнд гадаадын тамирчид Ерөнхийлөгчийн тусгай зарлигаар визгүй зорчиж байгаа. Харин хөгжөөн дэмжигчид визтэй юм.
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин