sonin.mn
Эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубийн гишүүдэд Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн дарга H.Энхтайван "Монголын эдийн засгийн хөгжлийн доройтол, тусгаар тогтнол, гадаад худалдаа, ирэх оны өнгө" сэдвээр сургалт хийсэн юм.
 
Энэ үеэр тэрбээр Монголын эдийн засгийн хөгжил, ирэх оны өнгө төрхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримт хэлсэн. Монгол улсын эдийн засаг 2002-2012 онд 10 дахин өсжээ. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь, ДНБ 10 тэрбум ам.доллар хүрсэн байна.
 
 2012 оид манай улсын нийт хөрөнгө оруулалт 2.1 их наядаас 8,5 их наяд төгрөг болж 2009 оноос дөрөв дахин өссөн байна. 2011 онд 4,9 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон. Экспорт хоёр дахин нэмэгдсэн. 2009 онд нэг хүнд ногдох орлого 1855 ам.доллар, 2012 онд 3335 ам.доллар буюу 1.8 дахин өсчээ.
 
Гэтэл 2013 онд эдийн засаг 11,3 хувь өслөө гэж ярьж байгаа ч хөрөнгө оруулалт 46 хувь унасан. Гадаад худалдаа 1,8 тэрбум долларын алдагдал хүлээлээ. Экспорт, импортын хэмжээ түүхэндээ анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Олон улсын зээлжих зэрэглэл буурсан байна.
 
Том төслүүд үндсэндээ зогслоо. Төгрөг дэлхийн хамгийн сул мөнгө болов. . Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний 8,4 хувь болж алдагдав. Энэ бүх уналтын шалтгааныг эрх баригчид дэлхийн зах зээл дээр үндсэн түүхий эдийн үнэ ханш унасан. Дэлхийн эдийн засгийн хямрал болж байна гэх мэтээр тайлбарлаж байгаа юм.
 
Тэгвэл өнөөдөр дэлхийн эдийн засаг хямраагүй, түүхий эдийн ханш тогтвортой, европын эдийн засаг хямралаас гарах хандлагатай, АНУ-ын эдийн засаг өөдрөг, Хятадын эдийн засаг тогтвортой байна. ОХУ-ын зүгээс эдийн засагт дарамт алга. Энэ доройтол зөвхөн манай эдийн засгийн бодлогын алдаанаас болжээ.
 
-Тэгвэл 2014 оны "өнгө төрх ямар байх вэ?
 
2014 онд цалин тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ. Чөлөөт валютийн нөөц 1,2 тэрбум болно. Томоохон төслүүдийг зогсоолоо. Гадаад худалдаа нэмэгдэх боломж хомс байна. Гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхгүй нь магад.
 
2030 онд манай хүн ам дөрвөн сая хүрэх гэж байна. Бид ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллавал тэр хүн амыг элбэг хангалуун, эдийн засгаа тогтвортой өсөлттэй байлгаж чадах вэ.
 
Үүний тулд Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлж, ганц ч болов төмөр, ган, зэс хайлуулах үйлдвэртэй болох, хими-нүүрс боловсруулах салбарыг бий болгох, хөнгөн аж үйлдвэрээ орчин үеийн технологид шилжүүлэх, экспортыг нэмэгдүүлж, дэд бүтцийг эрс сайжруулах хэрэгтэй байна.
 
Мөн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, газрын тос занар нүүрсээр түлш үйлдвэрлэх, нефьтийн хараат байдлаас гарах, асар их зардалтай, томоохон хөрөнгө оруулалт, бодлогын алхмуудыг хийж утаанаас салах, монгол брэнд, мэдлэгт суурилсан орчин үеийн харилцаа холбоо, мэдээлэл, технологи, биотехнологийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна гэв.
 
Сургалтын үеэр Хятадын хөгжлийн нууц, 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр зэрэг сонирхолтой сэдвээр ярилцсан юм.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр сонин"