Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж явсан ч түүхийн хуудаснаа дурдах төдийхнөөр тэмдэглэгдэн үлдсэн, бүр мартагдах шахсан баатарлаг гавьяатай хүмүүс олон байгааг түүхчид тодотгож байна. Тэдгээр хүмүүсийн нэг Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны Дэд сайд, Зарлигаар зарсан Ховдын хэргийг бүгд захиран шийтгэх сайдын албыг хашиж байсан Засагт хан аймгийн Зүүн Хан Хөхийн хошууны ноён, зоригт бэйл Ринчинпилийн Наваанцэрэн юм.

Увс аймгийн Зүүнхангай сумын Нутгийн зөвлөл,"Хан Хөхий" сангаас санаачлан Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан "Ховд, баруун хязгаарыг сэргийлэн батлах Сайд зоригт бэйл Р.Наваанцэрэн" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдэд Р.Наваанцэрэнгийн улс төрийн үйл ажиллагаа, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө түүний оруулсан хувь нэмрийг түүхийн тулгуур сурвалж, архивын баримтад тулгуурлан олон сонирхолтой жишээ баримтаар нотлон дурдсан нь судлаач, шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж, түүхэн гавьяаг нь сэргээж олон түмэнд таниулахад чухал ач холбогдолтой боллоо.

Энэ нь Манжийн олон зуун жилийн дарлалаас эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон улсынхаа хил хязгаарыг батлан хамгаалах үйл хэрэгт зүтгэн тэмцэж ирсэн хүмүүсийн гавьяа зүтгэлийг нь Монголын хойч үрсэд дуурсах нэгэн бахархал, дууриах нэгэн үлгэрлэл болгон, эх орны хоо тусгаар тогтнол, язгуур эрх ашгаа дээдлэх үзэл төлөвшихөд ихээхэн тустай юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг эхлүүлэх Манжаас салж тусгаар улс болох талаар хэлэлцэхээр Богд уулын арын Төр хурхын амны модонд нууцаар цугласан Монголын нөлөө бүхий ноёдын нэг нь Р.Наваанцэрэн байв. Тэрхүү нууц уулзалтаас Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хэрхэн хангах, уг үйл хэрэгт тусламж эрэх зорилгоор Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын Хайсан гүн нарыг Орос улсад явуулахаар хэлэлцэж, улмаар Богд Жавзандамба хутагтад өргөн мэдүүлж соёрхлыг олж байжээ.

Энэ тухай Бурдуков дурдатгалдаа тодорхой бичсэн байдгийг судлаач С.Тулгаа илтгэлдээ тэмдэглэсэн. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг эхлүүлэх үйл хэрэгт ийнхүү анхлан оролцсоны учир Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагт Монгол улсын хаанд өргөмжлөгдсөнөө тохиолдуулан олон ноёдод цол хэргэм шагнахдаа, Хан Хөхийн зүүн хошууны Засаг ноён Р.Наваанцэрэнд үе улиран хошууны бэйс, зоригт цол, харавтар улаан жолоогоор шагнаж, дараахан нь Цэргийн яамны дэд сайдаар томилсон байдаг.

Түүхч, судлаач Д.Түмэнжаргал "1911-1922 онд улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө өрнөсөн тэмцэл, Ховдыг харийн түргэмгийлэгчдээс чөлөөлөх, Дөрвөд, Баяд, Өөлд, Урианхайн олон хошуудыг Монгол улсад дагаар оруулах, цагаантнаас эх орноо чөлөөлөх, Ховд, Баруун хязгаарыг элбэн тохинуулах, 1921 оны Ардын хувьсгал зэрэг үйл хэрэгт Р.Наваанцэрэн, Л.Гончигдамба нар болон Жалханз хутагт Дамдинбазар, Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав зэрэг олон хүний улс төрийн үйл ажиллагаа, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодотгон дурдаад эдгээр хүмүүсээс Жалханзхутагт Дамдинбазар, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Жалам Дамбийжанцан нарын талаар дуртгал, тэмдэглэл, намтар түүх, судалгааны хэд хэдэн ном зохиолууд бичигдэж гарсан бөгөөд Хатанбаатар Магсаржав, Жалам Дамбийжанцан нарын талаар кино бүтээгдэж дэлгэцнээ гарсныг бид мэднэ.

Гэтэл Р.Наваанцэрэн, Л.Гончигдамба нарын талаар тусгайлан судалсан бүтээл тун ховор. Социализмын үед 1911-1912 оны үндэсний хувьсгалын Баруун Монголын цөөн зүтгэлтнүүдийн нэг Р.Наваанцэрэнгийн үйл ажиллагааг зориуд доош дарж, ноёд феодлуудыг үзэн ядаж хоморголон устгаж байсан коммунист үзлийн үүднээс БНМАУ-ын түүхийн ботиуд болон бусад бүтээлүүдэд түүний нэрийг орхигдуулан зөвхөн Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн хоёрыг л Ховд баруун хязгаарыг Манжаас чөлөөлж, үндэсний хувьсгалт хөдөлгөөнийг ялуулсан мэтээр сурталчилж иржээ.

Мөн зарим судлаач Дөрвөд,Урианхайг дагаар оруулах ажилд Жалханзгэгээн Дамдинбазар нар л гол үүрэг гүйцэтгэсэн мэт хэт нэг талыг барьж бусад зүтгэлтнүүдийн үүрэг оролцоог орхигдуулан түүхэн хуудаснаас хасч бичиж иржээ. Энэ нь социализмын үед түүхийг анги ч, нам ч байр сууринаас авч үзэж, түүхийн үнэнийг нуун дарагдуулж, тэр үеийн коммунист үзэл сурталд нийцүүлж байсантай холбоотой.

Ардчиллын жилүүдэд ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтдийн бичсэн Монгол Улсын түүхийн таван ботид ч Р.Наваанцэрэн нарын нэр мөн л орхигджээ. Зарим судлаачид Дөрвөд, Урианхай нар дагаар орох өргөдөл хүсэлт, батлах бичгээ Л.Гончигдамба, Р.Наваанцэрэн нарын газраар дамжуулалгүй шууд л Богдын засгийн газарт юм уу, эсвэл Жалханзгэгээн, Дамбийжанцан хоёрт л өгөөд, энэ ажилд Л.Гончигдамба, Р.Наваанцэрэн нар ямар ч үүрэг оролцоогүй байсан мэтээр бичиж ирсэн нь ташаа юм" гэдгийг онцолсон.

Сайд Зоригт бэйл Р.Наваанцэрэн, хавсран зөвлөн шийтгэх сайд Жалханз хутагт Дамдинбазар нар монголчуудын нэгдлийн төлөө үндэс угсаа, шашин нэгт баруун монголчуудад хандан тулгар төрд нэгдэхийг уриалан бүх хошуудад ухуулан зарлах бичиг тарааж аймаг, хошуудын нөлөө бүхий ноёдтой хамтран 1912 оны тавдугаар сард Дөрвөд хоёр аймгийн онц их хурлыг хийлгэж, дагаар орохыг хүссэн батламж бичгүүдийг гаргуулжээ.

1912 оны зунаас эхлэн Дөрвөдийн Зүүнгарын Төгс хүлэг Далай хан аймгийн 12 хошуу, Дөрвөдийн баруун гарын дөрвөн хошуу, Захчин, Ойрадын Самбуу нарын гурван хошуу, Алтайн Урианхайн долоон хошуу, Торгууд аймгийн гурван хошуу, Өөлд, Мянгадын хоёр хошуу, Тагна Урианхайн Салчиг, Тож, Хэмчиг зэрэг хошууд Монголын тулгар төрд дагаар орохыг хүссэн өргөдлөө сайд Р.Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар нарын нэр дээр ирүүлснийг тэд хүлээн авч ёсоор болгуулсан байна.

Дагаар оруулах үйл хэргийг тухайн нутаг, хошуудын ахлагч, ноёдын оролцоотойгоор гүйцэлдүүлсний дараа Ховд хотыг манжаас чөлөөлөх, үүний тул цэрэг дайчлах ажилд шамдан оржээ. Р.Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар нар аймаг, хошуудаас цэрэг дайчлах ажлаа үргэжлүүлэн Дамдинсүрэн, Магсаржав нарын цэрэгтэй нийлж, 1911 оны долдугаар сарын 8-ны өдөр Ховд хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлжээ.

Мөн тухайн үеийн түүхэн үйл явдлыг хамгийн тодорхой мэдэх хүмүүсийн нэг нь Дилав хутагт Жамсранжав юм. Тэрбээр "Ариун сэтгэл авралын үндэс" дуртгал намтар өгүүллийн номондоо "Ховдыг авсан байлдаанд зүтгэгсдийн гавьяаг илэрхийлэн айлтгасанд, Жалханз хутагтад Самади багш Номун хан цол ба тамга өргөмжлөлийн хамт, Дамдинсүрэн бэйсд бэйлийн хэргэм, Хатанбаатар цол, Дамбийжанцан ламд ноён хутагтын хэргэм ба Баруун хязгаарын олон монголчуудыг дагуулан тохинуулах цэргийн захирагч сайд, Наваан бэйсд Зоригт цол жүн вангийн зэрэг олгож Ховдын сайд болгов. Сайд цэрэг нар буцаж, Ховдын сайд ба Жа лам нар 300 цэрэгтэй хязгаарыг сэргийлэн суув. Жалханз хутагт түр чөлөөгөөр нутаг буцав" гэж бичсэн байдаг.

Судлаач Ц.Пунцагноров, "Монголын автономит үеийн түүх" номондоо "... 1912 оны есдүгээр сард Баруун хязгаарын сайдын тушаалаар Юань Шенде пүүсний 2000 гаруй адуу, 30000 хонь, 2000 тэмээ, 1000 үхэр, 1000 сарлагыг улсын санд хураажээ" хэмээн бичсэн байдаг нь Сайд Р.Наваанцэрэнгийн удирдан хийсэн олон ажлын зөвхөн нэг нь юм.

Ховдыг чөлөөлсний дараа ардын хувьсгал ялж, гадаадын түрэмгийлэгчдийг хязгаар нутгаас бүрэн чөлөөлж амар төвшин амьдрал эхлэх хүртэл Р.Наваанцэрэнг 10-аад жил сайдын албанд үргэлжлүүлэн ажиллуулсан нь Ховд хязгаарт түүний үүрэг нөлөө үнэхээр их байсныг харуулж байна" гэж зохиолч, судлаач Ч.Жанчивдорж дүгнэсэн байна.

Ховдыг чөлөөлөхөд Р.Наваанцэрэн хэрхэн оролцсон талаар доктор Б.Нямдорж илтгэлдээ "...тэрээр баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдын хувьд бусад сайд, жанжин нартай хамтраад Ховдын хязгаарын олон хошуудыг Монгол Улсад дагаар оруулах, тэдгээр хошуудаас цэрэг дайчлах, Ховдыг дайлах ажлын бэлтгэлийг хангуулах, Дөрвөдийн нэгдсэн чуулганыг хуралдуулж Ховд хотыг чөлөөлөх түүхэн шийдвэрүүдийг гаргуулах, Ховдод суугаа Манж амбанд тулган шаардах бичиг хүргүүлэх, Ховд хотыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөг боловсруулж байлдааны үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт хүчин зүтгэж түүхэн гавьяа байгуулжээ" гэж тэмдэглээд Ховд хотыг чөлөөлсний дараа 1912
оны наймдугаар сарын 27-нд сайд Жалханз хутагт Дамдинбазараас энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн хүмүүсийг хөхиүлэн шагнуулах тухай Богд хаанд айлтгал өргөсөн бөгөөд энэ дагуу Богд Жавзандамба хутагт, бэйс Наваанцэрэнд Зоригт цол, жун вангийн зэрэг олгож, баруун хязгаарыг сэргийлэн батлах, Ховдод сууж хэрэг шийдэх сайдаар дэвшүүлэн Тамга тавин олгож нутгийн хязгаарыг сахиулан суулгажээ гэдгийг онцолсон.

Илтгэгч цааш нь Р.Наваанцэрэн Ховдод сууж хэрэг шийдэх сайдаар ажиллах хугацаандаа хязгаар нутагт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах, хязгаар нутгийг элбэн төвхнүүлэх, орон нутгийн шинж чанартай олон асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцон Засгийн газар, орон нутагт суугаа Оросын консул, Хятадын төлөөний түшмэд болон орон нутгийн сурвалжитнуудын үйл ажиллагааг зангидан зохицуулж аливаа асуудалд өөрийн тодорхойлсон зарчмыг мөрдлөг болгон ажилладаг, эгзэгтэй цаг үеийг тогтворжуулагч, Төрийн төлөөний түшмэл байжээ" гэсэн дүгнэлтийг хийжээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд оролцож, түүхчдийн тавьсан илтгэл, хэлэлцүүлгээс үнэ цэнтэй, чухал мэдээлэл олныг сонссон бидний мэт хүмүүсийн хувьд өмнө нь түүхч, судлаач Д.Түмэнжаргал, С.Тулга нарын туурвисан "Сайд Зоригт бэйл Р.Наваанцэрэн болон түүний зарим хамтран зүтгэгчдийн улс төрийн үйл ажиллагаа" номноос уншсан Р.Наваанцэрэнгийн талаарх өөрсдийн ойлголт, мэдлэгээ улам баяжуулсандаа сэтгэл нэн хангалуун байв.

Баруун хязгаарыг Монголд нэгтгэсэн нь үнэхээр түүхэн гавьяатай үйлс юм. Халх, Ойрад хоёр Манжид цуварч эзлэгдэхээсээ өмнө 200-аад жил шахам хугацаанд нэгэн тугийн дор байж чадаагүйг түүх бэлхнээ гэрчилнэ.Тэгвэл Баруун хязгаарыг Монголын тулгар төрд нэгтгэн монголчуудын эв нэгдэл, бүрэн бүтэн байдлыг хангах үйл хэрэгт Жалханз хутагт Дамдинбазар нартай мөр зэрэгцэн эхнээс нь эцсийг хүртэл хүчин зүтгэсэн Р.Наваанцэрэн болон бусад ноёдын түүхэн гавьяаг Монголын төр, засаг зохих байранд нь тавьж, үнэлэх ёстой гэсэн санал, дүгнэлтийг судлаачид дэвшүүлж байна.

Увс аймгийн Зүүнхангай сум байгуулагдсаны 90 жилийн ой, Зоригт бэйл Р.Наваанцэрэнгийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал нь олон эрдэмтдийг нэг дор цуглуулж, түүхийн бодит үнэний талаарх тэдний судалгаанд үндэслэсэн үнэлэлт, дүгнэлтийг олон нийтэд хүртэснээрээ ихээхэн ач холбогдолтой боллоо.

Түүхийг хойч үедээ зөв үлдээх, ялангуяа улс төр, нийгмийн зүтгэлтэн хүмүүсийн талаар судлан түүний гүйцэтгэсэн үйл хэрэг, түүхэн гавьяаг нь үнэлж дүгнэх, Монгол Улсын албан түүхийг бичихдээ судалгаа, шинжилгээний байгууллага, түүхчид тухайн цаг үе, улс төр, нийгмийн шаардлага, шахалтад үл автан зохих байранд нь тавьж, ялгамжгүйгээр тэгш хандах ёстойг илтгэгчид онцгойлон тэмдэглэж байсныг энд зориуд дурдалтай.

Зоригт Бэйл Р.Наваанцэрэн

Засагт хан аймгийн Зүүн Ханхөхийн хошууны ноён Зоригт бэйл Ринчинпилийн Наваанцэрэн (1879-1922 онд уг хошууг захирч байсан) нь гэрийн багшаар ном заалган монгол, манж, түвд бичгийн боловсрол эзэмшсэн, улс төрийн идэвхи өндөр, төрөлхийн удирдан зохион байгуулах авьяастай нэгэн байжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгал, Ховд, баруун хязгаарыг харийнхнаас чөлөөлөх, Дөрвөд, Урианхайн олон хошуудыг Монголын төрд дагаар оруулах ажлыг зохион байгуулагчдын нэг Р.Наваанцэрэн Цэргийн яамны дэд сайд, улмаар Ховд, баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдаар томилогдон, хил дамнасан дээрэмчид, цагаантнуудаас чөлөөлөх, хязгаар нутийг засан тохинуулах, 1921 оны хувьсгал, Ардын засгийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө өөрийн эх оронч үзэл, эрдэм чадал, авъяас билэг, зохион байгуулах чадвараараа тодрон сайдын албыг 10 гаруй жил хашжээ.

Р.Наваанцэрэн Богд Жавзандамбыг хаан ширээнд залагдсан үеэс ардын хувьсгал ялж баруун хязгаарыг бүрэн чөлөөлсөн 1922 оныг хүртэл сайдын албыг хашжээ. 1921 оноос хошуу засгийн шинэчлэл хийхэд Наваанцэрэнг хошуу даргаар улираан тавьж 1924 оны тавдугаар сарын төгсгөл хүртэл ажиллуулжээ.

Хан Тайшир уулын аймаг, Зоригт вангийн хошууны тогтмол хурлын 1924 оны тавдугаар сарын 19-ний тогтоолд "Зоригт ван Наваанцэрэн нас буурай болж биед өвчин тохиолдож, албан хэрэг шийтгэж чадахгүй учрыг гаргаж засаг хошууны даргаас шилжүүлэхийг эрж хуудас бичиж ирүүлсэн тул хэлэлцээд төлөв үнэн тул хошууны даргаар хэнийг сонгох тухайд нууц ба илэрхий хоёр зүйлээр саналыг авч Далайжаргалыг хошуу даргаар сонгов" гэжээ.

Ингэж 45 жил засаг бариад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн малчин ардын амьдралаар дөрвөн жил гаруй амьдарч байгаад өвчний учир 1928 онд насан өөд болжээ.
Зүүн Ханхөхийн хошууны засаг ноён Р.Наваанцэрэн нь ийнхүү үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд онц үүрэгтэй оролцоод ардын нам, ардын засгийн газрыг дэмжиж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож явсан түүхэн хүн юм.



Элжигэн тайжууд овгийн Цагаанхүүгийн Цэнджав