sonin.mn

Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа төрийн онцгой энэ салбарт мөн ч их балаг тарьсныг хэн хүнгүй мэдэх биз.

Анх сайдаар томилогдохдоо Ц.Ганболд, Ш.Сүхбаатар г.м цэрэг армийн талаар “А” ч үгүй өөртэйгээ адилхан хэдэн “мануухай” дагуулж ирээд цэргийнхэнд өөрсдийнхөө “номыг” зааж баруун солгойгүй бужигнуулсан.

Манай цэргийнхэн угаасаа дуулгавартай, хүлцэнгүй, сайд дарга нартаа ёслол хүндэтгэлтэй ханддаг сайхан заншилтай хойно тэдний ааш араншинг дотроо гайхасхийгээд бас тэдний төлөө ичингүйрсхийгээд л өнгөрсөн. Гэтэл байж байхдаа тэдний “тарьсан” хар хэргүүд нь тэднийг зайлсны хойно урт өргөстэй “хогийн ургамал” болж зэвсэгт хүчинд гай тарьсаар байх юм гэж хэн мэдлээ...

Сайдын шийдвэргүйгээр, дан ганцаараа шийдэх ямарч боломжгүй хэрэгт Лу.Болдын хар гайгаар тушаал биелүүлсэн нэг генерал шоронд орж зэвсэгт хүчний нэр хүнд сэвтэв. БХЯ-ны 3 албан ушаалтан, түүний дотор БХЯ-нд газрын дарга, дараа нь бас Болдыгоо дагаж очоод ГХЯ-нд консулын газрын дарга болсон сэтгүүлч Ш.Сүхбаатар нар бас л Болдын хар гайгаар шоронгийн хаалга татаж хэд хонов.

Гэвч Болд албан тушаалынхаа ид шидээр хамсаатан Ш.Сүхбаатараа шоронгоос сугалж аваад бусдыг нь тэнд нь хаяв. ГХЯ-ыг толгойлохдоо Болд мөн л нөгөө өөрийн хэдэн “хиймэл дагуулаа” хөтлөж очоод тэднийгээ газрын захирал, гадаад улс орнуудад өндөр албан тушаалуудад тохоон томилж, ГХЯ-ны мэргэжлийн, туршлага дадлагатай   чадварлаг дипломатчдыг халж сольж, одоо ч бужигнуулсаар л байна.

Болд өөрөө ГХЯ-нд байтугай БХЯ-нд байхдаа улсын зардлаар гадаад улс орноор доншуучлахын  өвчин туссан хүн байсан, одоо ч бүр алийгаа алдаж байгаа юм байна лээ...

Энэ бүхнийг орхиод БХЯ-нд одоо ч Лу.Болдын тарьсаар байгаа балагийн  талаар нотлох баримттай, цэргийнхний сайн мэдэх хэдэн зүйл хэлье.

Лу.Болд БХ-ын сайд байхдаа хөдөө аймагт ажиллаж байсан өөрийн найз хурандаа Ж.Цэрэнчимэд гэгчийг ОХУ-д дипломат албанд томилсон. Тэр нь тэнд ажиллах хугацаагаа 2012 онд дуусгаад эх орондоо буцалгүй харийн оронд дур мэдэн үлдэснээр барахгүй төр улсын бодлогоор бэлтгэх ёстой ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийн хуваарийг Болдын дэмжлэгээр дундаас нь өөртөө булааж цэргийнхний чихийг бас дэлдийлгэв.

Гэвч үүгээр асуудал дууссангүй. Лу.Болд тэрхүү найз Цэрэнчимэдийнхээ эхнэрийг мөн л дипломат албанд, тэгэхдээ мэргэжлийн бус албан тушаалд томилж ЭСЯ-ныхны гайхлыг төрүүлэв. Тэгээд ч зогссонгүй одоо Лу.Болд тэр найз Цэрэнчимэд гэгчийгээ ОХУ-д дипломат албанд дахин томилохоор болж байгаа нь зэвсэгт хүчнийхний зэвүүцлийг төрүүлэхгүй байхын аргагүй бизээ.

Цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсролтой, анги нэгтгэлд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, ажлын өндөр дадлага туршлагатай офицерууд жанжин штабын академид явж чадахгүй хоцорч, дипломат албанд орж чадахгүй үлдэж байхад чадвар дорой боловч дээгүүр танил талтай, арын хаалгатай Цэрэнчимэд мэтийн этгээд урдуур нь хөндөлсөж байхад тэд яалтай ч билээ...

Лу.Болд мэтийн төрийн сайд хүн ийм увайгүй байхад улс орон минь яаж ч олигтой хөгжих вэ дээ...
 
Төрийн өндөр албан тушаалд өөрийг мөнхийн заяагдсан юм шиг бодож, мөрөөрөө явж байгаа төрийн албан хаагчдад саад болдог зангаа татвал дээргүй юу сайд гуай?!
 
Зэвсэгт хүчинд 32 жил зүтгэсэн бэлтгэл офицер Б.Зоригт