sonin.mn

Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл медалийн төлөөх агшин байв. Цаг дуусах мөчид барилдааны онцлог болох хурд, хүч, тэсрэлтийг үзүүлэв. Тамирчны ялалт гэдэг минут, секундээр хэмжигддэг үнэ цэнтэй зүйл юм гэдгийг ч тэрээр харуулж чадлаа. Үнэхээр өрсөлдөгчөө, барилдаанаа тун гярхай мэдэрч чадсан нь эх орондоо хүрэл медаль авчирсан агшин байлаа. Энэ барилдааны эзэн бол “уран” барилдаант гэгддэг жүдоч О.Уранбаяр. Ийнхүү 2025 оны сүүлийн цуврал болох Токио Их дуулгаас Монголын шигшээ баг нэг хүрэл медальтай улирлын тэмцээнээ дуусгасан юм. Эх орондоо дэлхийн медаль авчирсан О.Уранбаярыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа.


-Юуны түрүүнд, медалийн тавцанд зогсох үеийн мэдрэмж, сэтгэгдлийг нь хуваалцмаар байна?


-Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, медаль авна гэсэн зорилготойгоор тэмцээнийг зорьж очсон. Хараахан төрийн дууллаа сонсож чадаагүй ч чансаа өндөртэй том тэмцээнээс медаль хүртэж, медалийн тавцанд зогсож байгаадаа өөртөө маш их баярласан.


-Токиогийн их дуулгын барилдаануудынх нь талаар яръя. Тэмцээний эхний үед Бахрейны Мохамед Аловыг ялсан. Өмнө та хоёр таарч барилдаж байв уу?


-Бахрейн улсын тамирчин бол уг гарал нь Орос хүн. Оросоос лигонер тамирчнаар Бахрейн улсыг төлөөлж оролцсон. Өмнө нь 2024 онд таарч барилдаж би хожиж байсан юм. Тиймээс энэ удаа дахин таарсан ч өмнөх туршлага дээрээ тулгуурлан сандралгүйгээр тайван барилдсан.


-Шүсүкэ Үчимүратай хийсэн барилдаан сонирхолтой болсон. Ямар онцлогтой барилддаг жүдоч вэ?


-Японы Шүсүкэтэй анх удаа таарч барилдсан. Барилдааных нь онцлог нь барьцны барилдаан их сайтай тамирчин шиг санагдсан. Шүсүкэтэй барилдаж байхдаа зүүн гарынхаа тохойг гэмтээж юүко үнэлгээ алдаж хожигдсон.


-Дагах барилдаанд таарсан Юүдай Танакатай сүүлд “Улаанбаатар-2025” их дуулгын хагас шигшээд барилдсан. Онцлогийг мэддэг бөхтэй таарах хэр давуу талтай байв?


-Дагах барилдаанд Жак Юнезүкаг нэмэлт цагт юүко үнэлгээ авч хожсон. Харин хүрэл медалийн төлөө Юүдай Танакатай барилдсан. Бид энэ оны долоодугаар сард зохион байгуулагдсан “Улаанбаатар-2025” гранд сламд таарч барилдаад би хожиж байсан. Тиймээс энэ удаа дахин хожих итгэл дүүрэн байсан. Хүрэл медалийн төлөө Шүсүкэтэй барилдаж байхдаа хөшүүлээд гэмтээсэн тохой минь өвчин ороод атгахад хэцүү байсан. Гэсэн ч цаг дуусах мөчид ганцхан тэсэрье гэж бодоод, толгой уургалж тонгороод вазари үнэлгээ авч хожсон.


-Энэ жил өөрийнх нь хувьд амжилтаар дүүрэн байна. “Улаанбаатар-2025” их дуулгад амжилттай оролцож, эх орныхоо дэвжээн дээр алтан медаль хүртсэн. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?


-Тэгэлгүй яах вэ. Энэ жил миний хувьд сайхан жил болж өнгөрлөө. Улаанбаатар их дуулгын өмнө Дэлхийн аваргад оролцоод ирсэн байсан. Бэлтгэл сургуулилт маш сайн байсан. Нутгийн дэвжээндээ “Түрүүлнэ” гэсэн бодолтой барилдсан. Санасандаа хүртэл барилдаж түрүүлсэндээ баяртай байсан.


-Жүдо бөхийн спортыг амьдралынхаа салшгүй нэгээхэн хэсэг болгоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу байв?


-Хүсэл сонирхол нийлсэн найзуудынхаа хамтаар бөхийн бэлтгэлд явъя гэж шийдээд жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Анх дэвжээн дээр гарч, техник заалгаж, барилдахад үнэхээр сонирхолтой санагдсан. Багш нарын минь зөвлөгөө, дэвжээн дээр хамтран суралцагч найзууд минь надад урам зориг өгч байгаа нь жүдогоор тууштай хичээллэхэд нөлөөлсөн болов уу. Тэр үеэс эхлээд жүдо бөх миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Анх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” бөхийн дэвжээнд Ц.Ганхүү, Д.Амгаланбаатар гэсэн хоёр багшийнхаа шавь болж байлаа. Багш нар маань “Бөхийн арга барилаас гадна бөх хүн даруу зангаараа өөрийгөө чимдэг юм шүү. Тэр тусмаа жүдо бөхөд хүндлэл хамгийн чухал” гэж сургадаг байсан.


-Тэмцээний үед бэлтгэлээс гадна сэтгэлзүйн тайван байдал чухал. Өөрийнх нь хувьд тэмцээний үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?


-Ямар ч тэмцээний өмнө бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл зүй болон биеэ бэлдэх нь чухал. Би тэмцээний үеэр аль болох барилдаан, үр дүнг хэт их бодохгүй байхыг хичээдэг. Зүгээр л “Бүх зүйл сайхан болно, өөртөө итгэ” гэж бодож , тайван байхад анхаардаг.


-Тамирчны ялалт амархан олдоггүй. Бэлтгэл, сургуулилалт, маш их хүч хөдөлмөрийн үр дүнд ирдэг зүйл. Өөрийнх нь хувьд ялалт, ялагдлыг хэрхэн хүлээж авдаг вэ?


-Ялалт, ялагдал гэдэг бол тамирчин хүний туулах л зам гэж боддог. Ялагдахдаа гуньж гутарч, хорсохоос илүүтэй надад юу дутуу байв, юун дээр цаашид ажиллах ёстой вэ гэж өөрөөсөө асууж дүгнэлт хийдэг. Дараагийн удаа алдаа гаргахгүйн тулд бэлтгэл сургуулилтаа улам сайжруулахыг зорьдог.


-Тамирчин хүнд ямар зан чанар, хараактар байх ёстой гэж боддог?


-Ер нь тамирчин хүн даруу төлөв, тэсвэр хатуужилтай, уужуу сэтгэлтэй байх ёстой гэж боддог. Харин дэвжээн дээр гарсан үедээ бол догшин, ширүүн, өөртөө итгэлтэй байж “ялалт чиний гарт ирнэ” гэдэгт итгэдэг.


-Өөрийнх нь үнэнч фэнүүд нь мэдээж гэр бүлийнхэн нь байх. Тэмцээн бүрийн ард адилхан л сандрал, догдлолтой хүлээж байдаг болов уу?


-Тэгэлгүй яах вэ. Миний ард үргэлж хамт байж баярлахад минь хамт баярлаж, унахад минь түшиж босгодог эхнэр, хүү хоёртоо, гэр бүлийнхэндээ хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн намайг өдий зэрэгтэй тамирчин болоход бүхнээ зориулж ирсэн багш нартаа, баг хамт олондоо, үргэлж итгэж дэмждэг хамтран ажилладаг компани гээд бүгдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний итгэл, дэмжлэг надад урагшлах хамгийн том хүч, урам зориг болдог. Би энэ бүх хүний итгэлийг хэзээ ч мартахгүйгээр амжилтын төлөө улам илүү хичээсээр байх болно. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье.


-Ярилцлагынхаа төгсгөлд цаашдынхаа зорилгоос хуваалцаач?


-Он гараад манай багийн эхний том тэмцээн болох Парисын их дуулга зохион байгуулагдах байх. Удахгүй болох дараа дараагийн тэмцээндээ сайн бэлтгэж, өмнөх амжилтаа бататган, илүү их зорилго тавьж оролцоно гэж бодож байна.


П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин