sonin.mn

Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж ибн Салман Аль Сауд Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубийг худалдан авах боломжийг судалж байгаа ажээ. Тэрбээр тус клубийг худалдан авахын тулд 10 тэрбум еврог санал болгож магадгүй байна.


Гэхдээ “Барселона” нь тус клубийн гишүүдийн хамтын өмч бөгөөд удирдлагын өвөрмөц загвартай тул түүнийг худалдах нь тун ээдрээтэй үйл явц юм. Гишүүд клубийн ерөнхийлөгчийг сонгох, стратегийн шинжтэй шийдвэр гаргахад оролцож, саналаа өгдөг. 


Өнөөдрийн байдлаар, тус клуб 2,5 тэрбум еврогийн өртэй байгаа бол зах зээлийн үнэлгээ нь 5,6 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй таван клубийн нэг болж байна. Өдгөө 40 настай угсаа залгамжилсан хунтайж Мухаммед ибн Салман 2022 оноос хойш Саудын Арабын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд “Барселона”-г худалдан авах мөнгийг тус улсын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас гаргах бололтой. Тэрбээр улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудыг хариуцсан зөвлөлүүдийг удирддаг бөгөөд дэлхий спорт дахь Саудын Арабын оролцоог өргөжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг.


Б.Адъяахүү