“Монгол өрх" нэгдсэн холбооны тэргүүн, социологич Ц.Эрдэмттэй ярилцлаа.

-Коммунизмын онол өнгөрсөн зуунд хоцорсон биш үү? Монголд коммунист намыг дэмжих хүн байна гэж бодож байна уу?

-Тэгж ярих хүмүүс Монголд нэлээд олон юм шиг. Гэхдээ нэгдүгээрт, монголчууд коммунизмын онолыг тэр болгон мэддэггүй, ялангуяа залуучууд бүр ч төсөөлөлгүй байна. Тэдний төлөөлөгчид коммунизмыг нэг хүнийг тахин шүтэхтэй хольж хутгаж байна лээ.

Гэтэл монголоороо коммунизм гэдэг чинь эв хамтын нийгэм шүү дээ. Эв хамт гэдэг монгол үгэнд нэг хүнийг тахин шүтэх тухай байхгүй байгаа болов уу. Өнөөдөр ардчилал гэдэг бол олигархи засаглалыг хэлдэг юмаа гэдэгтэй л агаар нэг.

Өнөөдөр ардчилал ардчилал гээд л байсан чинь зэрлэг капитализм. Монголчуудын тархийг манантуулсан цөөнхийн засаглал тогтоод удаж байна. Бид Монгол орноо толгой дээр гарсан манан татуулсан цөөхүүлээр удирдуулах биш нийтээрээ, эв хамтаараа хамтын засагт ёсоор нийтийт засагт улс болох ёстой биш билүү.

Тэхлээр ийм онол өнөөдөр байж болох уу? Дэм дэмэндээ эв хамтаар энх тунх орших тухай онол өнөөдөр хоцорсонд тооцогдож харин амь амиа хичээж нэг нэгийгээ доош нь хийж өршөөлгүй харгис өрсөлдөөнт капитализмын либерал-демократ онол өнөөдрийн хүн төрлөхтөний хамгийн дэвшилт онол болж байна уу?

Коммунизмыг ядаж эв хамт гэж монголчилж болж байхад либерал-демократ, социал-демократ гэх үгсийг монголчилход тун чиг бэрх байхаа. Нэг л наалдаж өгөхгүй, их л хөндий монгол хэл соёлоос их л холуур ойлголтууд шүү.

Миний бодлоор нэг нэгийгээ дэмжиж амьдархыг хүсдэг, эв эе, эв хамтыг эрхэмлэдэг хүмүүс монголд үгүй болоогүй байхаа. Харин чиг эв эеэ хичээх, эв хам-таар орших нь монголчуудын өнө эртнээс уламжлагдаж ирсэн амьдралын хэм хэмжээ, хэвшил байсан юм. Гэвч өнөөдөр “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэх энэ эртний уламжлалт харьцаа зэрлэг капитализмын үед саармагжиж Монгол Монголоо алдаж эхэллээ.

-Та “Ар... Монголыг устгах төлөвлөгөө”, “Төрийн тухайт монгол онол” зэрэг номуудыг бичсэн. Миний ойлгосноор та тэр номууд дээрээ Мөнх тэнгэр үзэл, язгуур монгол онол, ухааныг баримталж бичсэн байдаг. Гэтэл одоо Та яагаад коммунизмын онолыг өмгөөлөн хамгаалаад байгаа юм. Та яагаад коммунист намын төлөө байгаа юм?

-Коммунизмыг ангигүй нийгэм гэдэг. Мөхөс миний бие 2002 нийтлэгдсэн “Төрийн тухайт монгол онол”-доо 13-р зууны монголын нийгэм жинхэн ёсоор анги давхрагт хуваагдсан ангит нийгэм байгаагүй гэсэн манай үеийн үеийн олон эрдэмтдийн дүгнэлттэй нийлж бидний өвөг дээдэс нэг ёсны “коммунизмын” үед амьдарч байжээ гэж дүнгэж байлаа.

Нэг ёсондоо Эзэн Богд Чингис хаан өөрөө хамгийн том эв хамтач буюу коммунист, харин Их Монгол улс бол дэлхийн анхны эв хамтын буюу коммунист гүрэн мөн гэж хэлэх гээд байна. Тэхлээр тэр “Төрийн тухайт монгол онол”, “Ар... Монголыг устгах төлөвлөгөө” зэрэг номууд бол монгол маягийн коммунизмын онолууд бөгөөд өнөөгийн нөхцөлд яаж дахин Их Монголыг буюу дэлхийн коммунист Их гүрнийг байгуулах тухай онол бөгөөд төлөвлөгөө юм.

Хөх Монголыг л сэргээх тухай онол, төлөвлөгөө шүү дээ. Хөх өнгө бол оюуны мандалын өнгө. Орчин цагт индиго гэж дуудах нь илбэг. Тэгвэл Индиго Монгол улирлыг тогтоохын тухай онол байх нь. Нэг ёсондоо Монголыг оюуны Их гүрэн болгох тухай онол юм даа. Индиго залуучуудад ингэж тайлбал арай дөхөм байх болов уу.

Тэхгүй бол залуучууд хөх, цэнхэр өнгийг хөльж хутгаж яриад байдаг юм билээ. Арга ч үгүй юм даа. Англиар Blue гэдэг нь цэнхэр ч өнгийг, хөх ч өнгийг хэлдэгээс хойш. Өнөөгийн залуучуудыг индиго гэдэг биз дээ. Тэгвэл тэр индиго өнгө гаргах л хэрэг үлдлээ дээ.

Тэгээд Монголдоо Индиго Их гүрнийг байгуулах л үлдэж дээ. Харин коммунизм гэдэг нь бас л тэр оюуны дээд мандалыг л тухайлсан номлол байдаг юм даа. Бүр зургаан зуун жилийн өмнө үүссэн үг л дээ.

Монголоороо харин эв хамтын Хөх Монгол улирал, эсвэл индиго улирал буюу оюуны мандалын улирал гээд л нэрлэж болохоор барахгүй. Коммунизмын онолыг монголчилбол “Алтан аялгууны гэрийн онол юм, эв хамтын нийгэм бол аравт зуутын хуваарьтай айлын тогтолцоот нийхэм юм. Маш хялбар.

Монголын коммунист намыг Хятадын коммунист намын салбар, Хятадын бодлогыг Монголд сохороор дагах улс төрийн хүчин гэж гадуур ярих боллоо. Нэг ёсондоо монголоосоо урвасан хүмүүсийн нэгдсэн нам гэж ч ярих хүмүүс байна.

Та Монголын коммунист намын дарга С.Төмөрийг ямар учраас дэмжээд байгаа юм. Хятадын коммунист намын дэмжлэг, мөнгө санхүүд нь та татагдаад байна уу?

 

Танд эдийн засгийн хувийн сонирхол байна уу? гэж асуух гээд байна уу?

-Тиймээ. Танд эдийн засгийн сонирхол байна уу?

-Монголын Коммунист Намын даога Төмөр Хятадын коммунист намтай холбогдсоноор алсыг харж мэргэн ухаан гаргасан гэж би үзэж байна. Түүхэн шийдвэр гаргасан ч гэж хэлж болно.

Аливаа намын санхүүжилтын асуудал их чухал байдаг. Арга ядаад л манай хэдэн нам авлигалд идэгдээд байгаа бус уу? Тэгээд л гадны компаний, харийн орны хөл гар нь боллоо гээд л шуугилдаад л байдаг биз дэ. Шударгаар хэлвэл цзвэр дотоодоосоо санхүүждэг нэг ч том улс төрийн хүчин байхгүй байхаа.

Социализмын үед коммунист намууд нэг нэгэндээ ах дүүгийн гараа сунган нэг нэгэндээ буцалтгүй тусламжийн гараа сунгаж нэг нэгийгээ дэмжсээр ирсэн. 50-60-аад онд Монгол Улс Хятадын Коммунист Намаас буцалтгүй тусламжийн журмаар ч, хөнгөлөлттэй зээлийн журмаар ч асар их тусламжийг авч социалист материал техникийн суурийг тавьсан.

Бид улсын нийслэл Улаанбаатарын өнөөгийн төрхийг өмнөд хөршийнхээ туслалцаатайгаар олсон шүү дээ. Үүнийг мартаж боломгүй. Бид хоёр хөршийнхөө тусламжаар л эн зэрэгтээ явж байгаагаа заримдаа мартаад л байгаа юм шиг. Одоо ч гэсэн бид тийм л замаар хөгжинө.

Хуучин цагт бид хоёр хөрштэйгээ эв хамтаараа нэг төрийн туг дор байсан. Нэг улс гүрэнд багтаж байсан. Тэгвэл тэр цаг давтагдаж юу магад. Эргэх цаг, ээлжлэх төр гэж байдаг. Сайн хөршүүд нэг нэгэндээ тусалдаг жамтай.

Тэгээд ч Монголын Эв Хамтын Нам, Хятадын Эв Хамтын Намууд ах дүүгийн холбоотой намууд биз дээ. Бүх эв хамтын намууд хоорондоо ах дүүгийн намууд юм. Нэг нэгэндээ тусалдаг юм. Төрийн эрхэнд байгаа хамгийн том эв хамтын нам бол Хятадын Коммунист Нам. Манай хөрш. Дэлхийн коммунист хөдөлгөөний эрх ашгийн үүднээс төрийн эрхэнд байгаа Хятадын Коммунист Нам Монголын Коммунист Намд туслах үүрэгтэй.

Тийм уламжлалтай. Бид Оросын Холбооны Эв Хамтын Намтай ч ах дүүгийн холбоотой, Венесүэлийн Нэгдсэн Социалис намтай бас ах дүүгийн холбоог удахгүй тогтооно. Бид дэлхийн 90 орны коммунист ажилчин намуудтай ах дүүгийн холбоо тогтооно. Дэлхийн бүх коммунист ажилчин намууд хоорондоо ах дүүгийн холбоотой.

Яагаад гэвэл бид дэлхий дахинд энх тайван, энх тунх, төвшин сайхныг тогтоохын төлөө тууштай тэмцдэг. Бид хүний мөлжлөг, хүнийг болчлохын эсрэг, ёс бус баян ядуугийн ялгаврын эсрэг зогсдог цорын ганц улс төрийн хүчин байдаг. Харин бусад нь зөвхөн ярьдаг. Хоосон ярьдаг.

Яагаад гэвэл тэд нарт бидэнд байгаа шиг тов тодорхой төлөвлөгөө байхгүй. Төр улсаа төвхнүүлэх тодорхой үзэл баримтлал, номлол байхгүй. Тэд зөвхөн зах зээлийн үл үзэгдэх сохор гарт л найддаг. Эе хамтын намаас өөр намд төвшин сайхныг Монголд яаж тогтоох вэ гэсэн төлөвлөгөө битгий хэл төсөөлөл ч байхгүй. Монголыг монголоор нь яаж мандуулах вэ гэсэн ойлголт ч байхгүй.

Тэд далайн чандаас зөвлөгөөг л хүлээж гараа тосож суудаг. Бид өөрсдөө эв хамтаараа эв хамтын нийгмийг, Их Монголыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл дахиад бид эв хамтаараа Аугаа Их Монголыг, Хөх Монголыг мандуулах төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөтэйгээр барахгүй тэнхээтэй.

-Энэ намын цаашдын хөгжлийг та юу гэж төсөөлж байна? Энэ нам Монголд ирээдүйтэй юу?

-Би өмнө дурьдсан бид 90 орны 100 гаруй коммунист ажилчин намуудтай ах дүүгий холбоог тогтооно. Түүгээр барахгүй бид 6-р Интернационалыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Посткоммунист Интернационал гэж болно. Посткоминтерн гэх юм уу даа. Энэ саналтай бид Хятадын Коммунист Намын удирдлагуудтай уулзах гэж байгаа.

Хятадын Коммунист Намаас энэ саналыг хүлээж авна гэдэгт бид итгэж байгаа. Дэлхийн коммунист хөдөлгөөнийг Хятадын Коммунист Нам л удирдах ёстой гэж бид үзэж байгаа юм. Дэлхийн коммунист хөдөлгөөн, коммунист үзэл онол орчин цагт өөрчлөгдөж цаашид улам хөгжиж байна. Коммунизмын үзэл, онол пост шатандаа шилжиж байна. Пост-коммунист онол гарч ирж байна.

Энэ бол жинхэнэ XXI зууны дэлхийн хөгжлийн онол юм. Энэ бол 19-р зуунд үүссэн шинжлэх ухааны коммунизмын онолоос цааш давтан, орчин үеийн шинжлэх ухаан- техникийн дэвшлийг шингээсэн ирээдүйг зөгнөн зорьсон шинэ онол юм. Энэ онолыг хөгжүүлэхэд бидний монголчуудын язгуур онол, ухаан, мэдлэг ч тус нэмэр болж байна.

Бид шударга, үнэн, ариуныг тогтооно. Энэ бол оосорлох, оломлох, сүлжхийн онол билээ. Коммунизм гэдэг нь өнөөдөр юуны өмнө эв хамтаар орших эдийн засгийн гэхээсээ илүү нийгмийн харьцаа, “Эрүүл экологи, эрүүл харьцаа” уриан доор хүн хүнтэйгээ, байгаль орчинтойгоо зохицож хөгжих тухай нийгмийн хөгжлийн онол. Ногоон эдийн засаг, ногоон хөгжил, хүний хөгжлийн индексийг тогтвортой өсгөх, өндөр ёс зүйт шинэ хүнийг төлөвшүүлэх, эрх зүйт төрөөс илүү ёс зүйт төрийг эрхэмлэх онол билээ.

Орчин үеийн техник-технологийн дэвшил, постиндустриал нийг мийн хөгжлийг дагаад хүн бүр үйлдвэрлэгч болж байгаа учир үйлдвэрлэлийн хэрэгслэл нийгмийн өмчлөлд байх ёстой гэсэн ортодокс коммунист үзэл үе өнгөрөөж XX зуунд үлдлээ. XXI зуунд хүн бүр оюунтай, хүн бүр үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн хэрэгсэл хувь хүний өмчид байна гэх зэрэг номлолууд ноёрхож байна.

Орчин үеийн коммунизмын онол нь гэрэлт ирээдүйг зөгнөсөн дэвшилт хүн төрөлхтөний онол юм. Өнөөгийн капитализмын тогтолцоо үеэ өнгөрөөж улам бүр ихээр хямарч дайны галд булагдаж байгааг та бид телевизийн мэдээгээр өдөр тутам сонсон харж суугаа бус уу...

Дэлхийн либералчуудын хямралын тусгал манай Ардчилсан Намын засгийн хямралаар тодоос тод илэрч байна. Либерал-демократуудыг дагаад Х.Колийн тодорхойлсноор “улаан, ягаан болдог” манайд бүр харлаж шарладаг социал-демократууд ч хямарч байна.

Ирээдүйгээ итгэлтэй индиго гэгээгээр хардаг улс төрийн хүчин бол зөвхөн эв хамтын нам юм. Посткоммунизмын өнгө бол Хөх өнгө. Монголын ирээдүй бол Монгол онцлогтой коммунизмыг байгуулах явдал мөн.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин